Б.Жаргалан: Өсөлтийг өрх бүрт хүргэх АН-ын зорилтыг олон нийтэд таниулахаар ажиллана

АН-ын дэд дарга Б.Жаргалантай ярилцлаа.

-АН-ын дэд дарга болсонд баяр хүргэе. Шинэ, залуу улстөрч энэ албан тушаалд томилогдсон нь АН залуус, эмэгтэйчүүддээ боломж олгож, найдвар тавьж байгаагийн илэрхий­лэл болов уу?
-Баярлалаа. Ардчилсан нам бол үеийн үед залуу­чуудын нам байсан. Энэ бол зөвхөн насны тухай асуудал биш л дээ. Сэтгэлгээ, үзэл санаа, арга барилын хувьд Ардчилсан нам бол залуучуудын нам юм. Үүнийгээ баталгаажуулах зорил­гоор өнгөрсөн сон­гуу­лийн дараа бид на­маа шинэчлэх, үндсэн дүрэм, үзэл баримтлалаа шинэчлэн баталж, намын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох чиглэлээр олон ажил эхлүүлсэн. Үүнд эмэгтэйчүүд, залуусын оролцооны асуудал ч мөн яригдана. Намынхаа удирдах дээд байгууллага буюу Үндэсний бодлогын хороонд эмэгтэйчүүдийнхээс гадна залуусын квот бий болгосон. Үүний хүчинд манай намын удирдах дээд байгууллагын гишүүдийн тэн хагас нь 40-өөс доош насны залуус байна. Эмэгтэйчүүдийн тухайд өнгөрсөн 30 жилд Ардчилсан намаас бүх шатны улс төрийн албан тушаалд сонгогдон ажилласан эмэгтэй гишүүд идэвх санаачилгатай, манлайлалтай ажиллаж ирсэн түүх бий. 2012-2016 оны парламентад манай С.Одонтуяа тэргүүтэй УИХ-ын гишүүд Эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулан ажиллаж байлаа. Өнөөдөр УИХ-д З.Нарантуяа гишүүн яаж ялгарч байна. Ийм хөрсөн дээр эмэгтэйчүүд, залуучуудынхаа төлөөлөл болон намын удирдлагад багтаж ажиллах хариуцлагатай үүрэг ирлээ.

-Шинэ дэд даргын хувьд хамгийн түрүүнд юунд анхаарал хандуулах вэ?
-Төрийн сонгууль ойртсон энэ үед Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт багтсан эмэгтэйчүүд, залуучуудын нийгэм, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, мөн эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэх зорилтуудыг олон нийтэд таниулах чиглэлээр ажиллах болно. Цаг үеийн асуудал гэвэл Европын холбооноос манай улсыг хар жагсаалтад оруулах шийдвэр гаргасантай холбогдуулан эдийн засгийн хямралыг даамжруулахгүйн үүднээс уг асуудалд онцгой анхаарч, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар Ардчилсан намаас мэдэгдэл хийлээ. Эдийн засаг хямарч байгаа энэ цаг үед бид олон улсын тавцан дахь нэр хүндээ сэргээж, гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр шуурхай ажиллах нь чухал байтал эрх баригчид тодорхой байр суурь илэрхийлэхгүй байгаа нь хачирхалтай.
-Таныг дэлхийн залуу удирдагчдын форумд оролцсон гэж сонссон. Орчин үеийн залуу удирдагчид юунд анхаарал хандуулж байгаа бол?
-Өнгөрсөн хугацаанд баруун төвийн үзэл баримтлалтай улс орнуудын залуу улс төрчидтэй харилцаатай ажиллаж ирсэн. Тэр дунд яригдаж байгаа гол асуудлууд гэвэл нэгдүгээрт, намуудад итгэл алдрах хандлага дэлхий нийтэд байна. Зөвхөн Монголд гэлтгүй, дэлхий даяар намуудад итгэх итгэл буурч, хэт популист улстөрчид гарч ирээд, ганцаарчилсан тоглолттой явах боллоо гэж ярьцгаадаг. Гэтэл улс төрийн бодлого намд л боловсордог уламжлал хэвээр хадгалагдаж байна. Ардчилсан намын хувьд засгийн эрх авбал ийм бодлого хэрэгжүүлнэ гэж бид дөрвөн жил хэлэлцлээ, маргалаа. Намын шинэчлэлийн хүрээнд бид ямар бодлого барьсан гэхээр бодлогын зөвлөлүүд байгуулъя, сонгуульд ялсны дараа эхний 100 хоногт багтаад, шинэчлэлийн чанартай ажлуудаа эхлүүлчих хэрэгтэй гэж үзсэн. Түүнээс биш гэнэт албан тушаалд очоод, ажилтайгаа танилцана гээд явдаг нь онигоо шахуу л явдал. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид хангалттай хуралдаж, мэдээлэл, датагаа боловсруулсан. Харьцангуй бэлтгэлтэй байгаа. АН хоёрхон удаа засаг барихдаа эдийн засгийн реформуудыг зоригтой хийсэн уламжлалтай. Энэ ялгааг л иргэд маань ойлгоосой. Дэлхий нийтээр тулгамдаж буй бас нэгэн асуудал бол залуусын улс төрийн оролцоо. Тухайлбал, Ангела Меркелийн Германы Христийн Ардчилсан Холбооны гишүүдийн дундаж нас нь бараг 60 байна. Германд залуучууд намд элсэхээ байж. Гэтэл Монголд харьцангуй өөр. Энэ утгаараа Монгол зарим талаараа сайн жишээ болоод байгаа, бид үүнийгээ хадгалах ёстой. Залуучууд энэ сонгуульд идэвхтэй оролцоосой, саналаа өгөөсэй гэж хүсч байна.
-Таныг дэд дарга болсныг олон хүн янз бүрээр хүлээж авч байх шиг байна. Залуу улстөрчид найдвар хүлээлгэх нь зөв гэсэн хэсэг байхад улстөрчийн хүүхэд улстөрч болох ёстой юу гэсэн сэтгэгдэл ч сошиалд харагдана лээ?
-Миний хувьд улс төрд цоо шинэ хүн биш. Анх 18 настайдаа Ардчилсан намд элсэн орж, 2009 оноос хойш намын эрх барих дээд байгууллага болох ҮЗХ, ҮБХ-д сонгогдон ажилласан. 2016 оноос хойш Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны удирдлагын багт ажиллаж байна. Энэ утгаараа улс төрийн туршлага хуримтлуулаад явж байгаа. Мэдээж хэрэг, монгол хүн бүр ааваараа овоглодог учраас Ардчилсан намын үүсгэн байгуулагчдын нэг аавын минь нэр ямагт надтай хамт явна. Аавынхаа, Ардчилсан намынхаа нэрийг өндөрт өргөж явах нь миний үүрэг. 

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН