С.Эрдэнэ: Эрх чөлөө тэгш боломжийн баталгаа болсон ардчиллаа хамгаалъя

Ардчилсан нам УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ батламжилж, батламжийг нь гардууллаа.  Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан нам инженер, хуульч, эдийн засагч мэргэжилтэй, нэр цэвэр, залуу нэр дэвшигчдийг түлхүү дэвшүүлээд байна.

Нэр дэвшигчдээ батламжлах үеэр  Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэлсэн юм. Тэрбээр "Эдийн засгаа өсгөж, баялгийн сангаа хүртээмжтэй хуваарилсан, хуулиар засагласан, амгалан аюулгүй, Монгол өрх бүрт нь өсөлт бий болж,  хүн бүрт орлого нэмэгдсэн эрх чөлөөт нийгмийг цогцлоож чадна гэдэгт итгэж байна. Ард түмнээ ядууруулж, өр нэмж, хар жагсаалтад оруулж, иргэдийнхээ боломжийг хулгайлж, гэмт хэрэгт холбогдож, ёс зүйгээ уландаа гишгэж байгаа өнөөгийн эрх баригчидтай хариуцлага тооцож чадна гэдэгт бид мөн  итгэж байна. Эрх чөлөө тэгш боломжийн баталгаа болсон ардчиллаа хамгаалж бат зогсоно гэдэгт  итгэж байна. Ялалт амжилтын төлөө хамтдаа урагшлахыг уриалж байна. Биднийг монголчууд дэмжинэ гэдэгт бүрнээ итгэж байна" гэлээ.

2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн 71 хувь нь өмнө нь өндөр албан тушаалд ажиллаж байгаагүй шинэ нэр дэвшигчид. Тэд нам дотроо нэр хүндтэй, шилдэг, шалгарсан, чадвартай боловсон хүчин гэдгийг намын удирдлагууд онцоллоо. Мөн энэ удаагийн сонгуульд  Монгол өрхөд суурилсан хөгжлийн бодлогыг санал болгосон мөрийн хөтөлбөртэй орж байгаагаа АН-ын нэр дэвшигчид онцолсон юм.

Дэлхий даяар цар тахалд нэрвэгдэн, эдийн засаг хямарсан эгзэгтэй үед УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиа хийх гэж байна. Тиймээс ч сонгогчдын санал оновчтой байж, “Өсөлтийг өрх бүрд” хүргэх АН-ын нэр дэвшигчдийг  дэмжихийг уриаллаа.