“Төв аймагт Ардчиллын туг мандах цаг нь болсон”

УИХ-ын 14 дүгээр тойрогт нэр дэвшигч Х.Тэмүүжин, Ц.Туваан, Д.Эрдэнэсувд нар сонгуулийн сурталчилгаагаа  Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр сумаас эхлүүллээ.

АН-ын  илгээсэн “3X3” багийг Төв аймгийн иргэд, сонгогчид итгэл дүүрэн хүлээн авч байна.

АН-ын  “3X3”  баг  сумын иргэд сонгогчидтой уулзаж,  мөрийн хөтөлбөрөө танилцуулж, “Өсөлтийг өрх бүрд хүргэх” уриалгаа хэлсэн юм.

Уулзалтын үеэр нэр дэвшигч Д.Эрдэнэсувд “Бид багаа тохиолдлоо 3X3 гэж нэрлээгүй юм. Нэр дэвшигч Ц.Туваан  хөдөө аж ахуйн салбараар мэргэшсэн,  Х.Тэмүүжин хууль зүйн салбараар мэргэшсэн, Монголын шилдэг хуульчдын нэг. Харин миний хувьд эрүүл мэнд, нийгмийн хамааллын салбараар мэргэшсэн. Энэ гурван салбар бол  Монгол Улсын  хөгжлийн суурь буюу тулгын гурван чулуу юм. Бид энэ гурван салбарын хүрээнд  гурав, гурван зорилгыг тодорхойлж, гурав гурван бодлогыг хэрэгжүүлж,  Төв аймгийнхаа төдийгүй Монгол Улсын  хөгжилд хувь нэмрээ оруулах гэж  багаа “3х3” гэж нэрлэсэн. Биднийг багаар нь дэмжихийн учир энэ юм” гэлээ.

Уулзалтын үеэр иргэд хөдөө аж ахуй, газар тариалан, бэлчээрийн даац,  тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд,  даатгалын систем, татвар зэрэг асуудлыг хөндөж, санал солилцохын зэрэгцээ мэдлэг, боловсролтой  нэг үеийн төлөөлөл болсон залуус  Ардчилсан намаас нэр дэвшиж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.

Төв аймгийн иргэд олон жил нэг намыг сонгосныхоо горыг амсч байгаагаа уулзалтын үеэр хэлж байсан юм. Гэтэл ажилгүйдэл, ядуурал зэрэг тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээсэн хэвээр байна. ЭЕШ-ын дүнгээр ч улсдаа сүүл мушгисан хэвээр байгааг хэлж, Төв аймагт Ардчиллын салхи сэвэлзэх болсныг иргэд хэлж байна.