Байгалийн баялгийг шударгаар хуваарилах бодлогыг Хөвсгөлчүүд дэмжиж байна

Ардчилсан намын таван үндсэн цогц бодлогод тавууланд нь байгаль хамгаалах, байгалийн баялгийг шударгаар хуваарилах, байгалийн баялгийн үр шимээс иргэд яаж хүртэх тухай зорилт туссан байна. Тэгвэл дээрх хөтөлбөрийг хөвсгөлчүүд маш их дэмжиж хүлээж авч буйгаа нэр дэвшигчдийн уулзалтын үеэр илэрхийлжээ. Тодруулбал, мөрийн хөтөлбөрт үндэсний баялгийн сан бий болгож, арвижуулаад иргэдэд бага хүүтэй зээл олгох, амин чухал эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулах, бизнесийг дэмжих байдлаар байгалийн баялгаас иргэн бүр, өрх бүр шударгаар хүртэх боломжийг олгоно гэж заасан юм. Түүнчлэн байгалийн баялгаас орж байгаа орлогын 30 хувийг орон нутагт үлдээнэ гэсэн зорилт бий. “Монголын Швейцарь” гэж нэрлэгддэг, газар нутгийн хэмжээ, хүн ам, мал сүрэг, байгалийн баялгаараа улсдаа тэргүүлдэг, хөгжин цэцэглэх бүх боломж таатай нөхцөл нь бүрдсэн Хөвсгөл аймгийн иргэд төрөлх нутгаа улсын төсвөөс татаас авдаггүй аймаг болох, бие дааж хөгжих бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж. Ингэснээр Хөвсгөлчүүд өөрсдөө төсвийн мөнгөө хуваарилах, зарцуулах эрхтэй болох юм.