Сумдад хөгжлийн цогц бодлого шаардлагатай байна гэв

УИХ-ын 10 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Ганхөлөг, Ч.Даваабаяр, О.Алтангэрэл нар Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум, Баянтээг багийн иргэд, малчидтай  уулзаж, өсөлтийг өрх бүрд хүргэх мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Нарийнтээл суманд нэн тэргүүнд тулгамдсан асуудал бол сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, түүнийхээ дагуу ажиллах шаардлагатайг нутгийн иргэд хэлж байна. Түүнчлэн Баянтээг багийн болон сумын төвийн гэрэлтүүлгийг шийдэх, хогийн цэгүүдийг сайжруулах, айл өрхүүд, албан байгууллагад нийлүүлэх халаалтын шугамын өргөтгөлийг барьж байгуулах ажлууд нэн тэргүүнд хийгдэх ёстой гэж нутгийн иргэд, малчид ярьж тулгамдаж буй асуудлуудаа ярилцсан юм.

Сумын төвийн дээрх асуудал сүүлийн дөрвөн жилийн турш яригдсан ч өдийг хүртэл дорвитой шийдэгдсэн зүйлгүй хэвээр байна.

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт нутгийн иргэдийн ярьж  буй асуудлуудыг цогцоор шийдэх хөтөлбөрүүд тусгагдсан бөгөөд тулгамдаж буй асуудлуудыг шат дараатай эрэмбэлж,  шийдвэрлэж сум багийн төсвийн оновчтой менежмент хийх боломжтой. Улсын нэгдсэн төсвийг алдагдалгүй баталж, улсын өрийн өсөлтийг хязгаарласан төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тууштай хэрэгжүүлэх, түүхий эдийн үнийн уналт, өсөлтийн мөчлөгт өртөмтгий нөхцөлд мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, тогтворгүй байдлыг зөөлрүүлж ажиллах,  урт хугацааны хөгжлийг дэмжсэн хөтөлбөрөөр өрийн удирдлагын хэрэгжүүлэх оновчтой бодлогыг тодорхойлж төвлөрлийг сааруулах зэрэг асуудлууд багтжээ.

Мөн орон нутгийн иргэд, өрх бүрд өсөлтийг авч ирэх цогц бодлогыг төрийн бодлого болгон хөгжүүлэх, Байгалийн болон бэлчээрийн мал аж ахуйн гаралтай, органик, эко хүнсний нэмэлт тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжиж, экспортлох хэмжээг нэмэгдүүлэх, экспортод чиглэсэн өндөр ашиг шимт эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлэх зэрэг хөгжлийн бодлогыг Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан юм. Тариалангийн зориулалттай газрын ашиглалтыг сайжруулахын зэрэгцээ газрын үржил шимийг хамгаалах, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн технологи, инновацын шинэчлэл хийж, “Ухаалаг газар тариалан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэх мэт тэдний амьдралд зохицсон зорилтууд тусгагдсан талаар иргэд сонгогчиддоо танилцууллаа.