Эрхэм саналынхаа нэгийг эмэгтэйчүүддээ өгье

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй бүх нам, эвслээс болон бие дааж нэр дэвшиж буй эмэгтэй гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж бие биенийгээ муулахгүй, харлуулахгүй, зөвхөн бодлого ярьж нэг нэгнээ дэмжиж сонгуульд оролцъё гэсэн уриалгыг гаргалаа. Тэд эрхэм саналынхаа нэгийг эмэгтэйчүүддээ өгье хэмээн уриалж байна. Хэвлэлийн хурлын үеэр энэ удаагийн сонгууль томсгосон  тойргоор болж байгаа  үед нэр дэвшиж буй эмэгтэйчүүд рүү дайрах, тэднийг харлуулах, элдвээр гутаан доромжлох нь хэрээс хэтэрч байгааг дурдлаа.  Манай улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг боловч хууль тогтоох байгууллагад дөнгөж 17 хүрэхтэй үгүйтэй эмэгтэйчүүд багтдаг нь сөрөг үр дагавар авчирч байгааг онцлоод тэдний оролцоог нэмж өгснөөр нийгмийн асуудлуудад мэдэгдэхүйц ахиц гарна хэмээн хэллээ.

АН-ын гишүүн Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа: Нам намаас олон эмэгтэйчүүд нэр дэвшиж байгаад талархалтай байна. Бид эрх ямбанд хүрэхийн төлөө бус нийгэмд гэрэл гэгээ татуулахыг хүсэж  санал нэгдсэн. Манай улсад эрүүл мэндийн хөгжил дутмаг байна, гар бүл салалт их байна, хүүхэд өнчирч байна.  Эмэгтэйчүүд бидний оролцоо чухал байгаа болохоор  сонгогч түмнээсээ нам эвсэл харгалзахгүй эмэгтэйчүүдийнхээ төлөө саналаа өгөхийг уриалж байна гэсэн юм.

Манай улс хүний хөгжлийн индексээр 91 дүгээрт, төрийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоогоороо бараг сүүл мушгиж 148 дугаарт жагсдаг учраас 2020 оны сонгуульд эмэгтэйчүүдээ дэмжихийг ийнхүү уриалж байгаа аж.