Ардчилсан нам бусад улс төрийн нам, эвсэл, бие даагчдыг хамтран тэмцэл өрнүүлэхийг уриаллаа

Ардчилсан намын удирдлагууд ЕНБД Ц.Баатархүү, хуульч Н.Ариунболд нар цаг үеийн асуудлаар өнөөдөр \2020.06.18\ мэдээлэл хийлээ.

Ц.Баатархүү “УИХ-д нэр дэвшихээр хүсэлтээ илэрхийлсэн улс төрийн намын шийдвэр, бие даагчдын хүсэлтийг сонгуулийн төв байгууллага болох СЕХ, ЦЕГ, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар, ТЕГ зэрэг  олон газраас лавлагаа авч сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор хийж болно гэсэн дүгнэлт гаргасны үндсэн дээр нэр дэвшигчийн үнэмлэхийг олгосон байдаг. Гэтэл сонгуулийн санал хураах өдрөөс тав хоногийн өмнө нэр дэвшиж байгаа хүмүүсийг  баривчлах , барьцаа хөрөнгө тавих шахалт үзүүлж байна. Ардчилсан намын зүгээс сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн оролдлого, дарангуйлал тогтоох гэсэн оролдлого байна гэж үзэж байна. Хэрэв нэр дэвшиж байгаа хүмүүсийн  гэм буруутай эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж, тогтоох шаардлага байсан бол сонгууль эхлэхээс өмнө буюу өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тогтоох боломж байсан. Эдгээр хүмүүс Монгол Улсын нутаг дэвсгэрээс оргон зайлахгүй. Зүгээр сонгуульдаа өрсөлдөөд явж байгаа хүмүүсийг санал хураалт болохоос өмнөхөн сонгууль дуустал хорих шийдвэр гаргаж байгаа нь иргэдийн сонгох эрхэнд халдаж байгаа маш бүдүүлэг үйлдэл. Мөн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон нэр дэвшигчдийн сонгогдох эрхэнд  халдаж байна. Уг нь Үндсэн хуулиар сонгуульд нэр дэвшсэн бол СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр энэ үйл явцыг явуулахыг хориглосон байдаг. Ардчилсан намаас бусад улс төрийн нам, бие даагчдад сонгуулийг хуулийн хүрээнд явуулж, нээлттэй шударга өрсөлдөх уриалгыг гаргасаар байгаа. Монгол төрийн хуулийг эрх баригчид өөрийн намын, бүлэглэлийн хагаралдаа ашиглаж, сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэж оролдож байгаа явдлыг таслан зогсоох шаардлагатай байна. Тиймээс Засгийн газрын шийдвэр, УИХ-ын тогтоолыг биелүүлсний төлөө хорих, эсвэл барьцаа хөрөнгө байршуулахыг шаардаж байгааг Ардчилсан нам эсэргүүцэж байна. Барьцаа хөрөнгө нь бараг 100 жилийн цалинтай тэмцэх хэмжээний мөнгө шүү дээ.  Ийм шаардлага тавиад, хорьж байгаа нь ардчиллын үндсэн зарчимтай нийцэхгүй. Тиймээс бид ардчиллын суурь зарчим, байр суурин дээрээ  хатуу зогсож, бусад бие даагч болоод улс төрийн намуудад хамтран тэмцэл өрнүүлэхийг уриалж, албан ёсны мэдэгдэл гаргаж байна” гэлээ.

Хуульч Н.Ариунболд “Сонгуулийн сурталчилгаа  дуусаагүй, шүүхээс оргон зайлаагүй байхад УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ж.Эрдэнэбат, Х.Бат-Ялалт, Н.Номтойбаяр нарыг цагдан хориод байна. Энэ нь Үндсэн хууль болоод Сонгуулийн хуульд заасан нэр дэвшигчийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйл ажиллагаа болж байна. Тиймээс ардчилал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хамгаалж байр сууриа илэрхийлэхийг нийт нам, эвсэл, бие даагчдад уриалж байна” гэв.