Чингэлтэйн МАН-ын 3 нэр дэвшигч татагдахаар болсон уу

Ардчилсан намын хуульчид зарим нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасуулах асуудлаар өнөөдөр \2020.06.19\ мэдээлэл хийлээ.

Н.Ариунболд: МАН-ын нэр дэвшигч Г.Амартүвшингийн асуудлаар СЕХ болон холбогдох шүүхэд хандсан

-Сонгуулийн сурталчилгаа гурван хоногийн дараа дусах гэж байна. Сонгуулийн сурталчилгааны явцад Сонгуулийн хууль тогтоомжийн зөрчил олон гарлаа. Ардчилсан намын зүгээс улсын хэмжээнд нийт 302 өргөдөл гомдол гаргаж, шийдвэрлүүлэхээр явж байна. Сонгуулийн сурталчилгаа богино хугацаанд явагдаж дуусдаг. Тиймээс сонгуультай холбоотой гомдол маргааныг мөн богино хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байдаг. Учир нь сонгуулийн санал хураалт дууссаны дараа тухайн асуудлыг шийдвэрлэх нь хууль зүйн хувьд ач холбогдолгүй байдаг. Зарим нэр дэвшигчтэй холбоотой асуудлыг эрүүгийн хэргийн зарим шүүх богино хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Үүнтэй адил сонгуулийн хууль тогтоомж зөрчөөд байгаа маргааныг манай хууль хяналтын байгууллага богино хугацаанд шийдвэрлэх байх гэж найдаж байна.

Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж байгаа Г.Амартүвшин гэдэг хүний  Монгол Улсын иргэн мөн, биш гэх асуудал сүүлийн 20 гаруй хоног эрчимтэй яригдаж байна. Тиймээс Ардчилсан намаас тодорхой асуудлаар СЕХ болон холбогдох шүүхэд нэхэмжлэх гаргасан. Учир нь энэ хүн Монгол Улсын иргэн эсэх нь эргэлзээтэй байгаа нь холбогдох баримтуудаар тогтоогдоод байна. Тэгээд ч тухайн нэр дэвшигч хууль хяналтын байгууллагуудад өнөөдрийг болтол намайг гүтгэж байна, доромжилж байна гэсэн байдлаар хандаагүй байна.

Эхний удаад Г.Амартүвшин гадаад улсын иргэн мөн гэсэн баримт дэлгэгдэж олон нийтэд цацагдсан. Үүний дараа тэрбээр “би гадаад улсын иргэн биш гээд холбогдох бичиг баримтыг үзүүлж мэдээлэл хийсэн. Гэтэл үзүүлсэн бичиг баримт дээр нь “Amar Tuvshin”-гээд салгаад томоор бичсэн баримт үзүүлсэн. Гэтэл иргэний бүртгэл рүү ороод  “Amar Tuvshin” гээд салгаж бичээд хайхаар энэ хүний бүртгэл гарч ирэхгүй байгаа. Мөн тэрбээр мэдээлэл хийхдээ иргэний үнэмлэхээ үзүүлсэн ч ар талыг нь огт үзүүлээгүй. Учир нь Энэ хүн 1974 онд төрсөн гэхээр үзүүлээд байгаа иргэний үнэмлэхийн хугацаа нь 2019 онд дууссан гэж үзэж байгаа. Тиймээс хугацаа нь дуусчихсан иргэний үнэмлэхээр нэр дэвшээд явж байна. Түүнчлэн Г.Амартүвшингийн  Улсын бүртгэлийн газраас 2020 оны 06.11-ны өдөр авсан лавлагаа харуулсан. Гэтэл тухайн лавлагаанд “Амар-Түвшин” гэж салгаж бичээгүй, 2012 оны 08.30-ны өдөр иргэний үнэмлэх олгож байсан бүртгэл байна гэсэн лавлагаа өгсөн байгаа юм. Тэгвэл Монгол Улсын иргэд 45 настайдаа иргэний үнэмлэхээ сунгадаг. Тэгэхээр 1974 онд төрсөн хүмүүсийн иргэний үнэмлэх 2019 онд хугацаа нь дуусаад хүчингүй болсон гэсэн үг. Тиймээс Г.Амартүвшингийн үзүүлээд байгаа эдгээр баримт хүчин төгөлдөр биш байна гэсэн хардлага төрүүлж байна. Тиймээс энэ асуудлаар СЕХ болон холбогдох шүүхэд хандаад байна. Тухайн иргэн гадаад улсын иргэншилтэй байж байгаад, дахин иргэншлээ сэргээсэн зэргээр гадаад улстай холбоотой иргэнийг эрх баригчдын зүгээс УИД-д нэр дэвшүүлж байгаа нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагын ард түмний төлөөлөгч байдаг. Түүнээс хоёр улсын төлөөлөгч байх боломжгүй. УИХ-ын гишүүн бол улсын нууцтай шууд харьцдаг учир энэ хүнтэй холбоотой асуудлыг шалгаж, тухайн улсын эрх баригчид руу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хандаж лавлагаа аваасай гэж хүсч байна. Хэрвээ гадаадын иргэнийг УИХ-д нэр дэвшүүлсэн асуудал нь тогтоогдох юм бол тухайн хүнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хуулийн зохицуулалттай. Өнөөдөр саналын хуудас хэвлэгдээд тараагдчихсан байгаа. Энэ тохиолдолд тухайн хүнд өгсөн саналыг санал хураалтын дүнд оруулах байх хуулийн зохицуулалттай байгаа.

МАН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж буй 3-ыг татахаар болсон уу

Хуульч О.Санчирболд “УИХ-ын 25 дугаар тойрог Чингэлтэй дүүрэгт  МАН-аас нэр дэвшигч Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар Сонгуулийн тухай хууль зөрчиж, хууль бус сурталчилгаа явуулсан. Энэ талаар 2020.06.06-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар зөрчлийн шинжтэй гомдол гаргасан. Улмаар 2020.06.09 оны цагдаагийн байгууллагаас “нэр дэвшигч Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан нь тогтоогдсон” гэх хариу мэдэгдэл ирүүлсэн. Тиймээс уг хариу мэдэгдэлтэй холбоотойгоор бид СЕХ-д албан бичиг хүргүүлсэн. СЕХ эдгээр Сонгуулийн тухай хууль зөрчиж сонгуулийн сурталчилгааг өөр арга хэлбэрээр явуулсан этгээдийг нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ авах учиртай.

МАН-ын нэр дэвшигч Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нарын нэрийг татна гэв

Хуульч С.Баянмөнх “УИХ-ын 10 дугаар тойрогт Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нарын штабаас Бат-Өлзий суманд 2020.06.02-ны өдөр урлагийн тоглолт зохион байгуулсан. Нийтэд илэрхий илт сонгуулийн хууль зөрчсөн хууль бус үйл ажиллагаа явуулсан. Энэ асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллага нь шалгаад явж байгаа. Хуульчдын зүгээс эдгээр нэр дэвшигчидтэй холбоотой асуудал нь Сонгуулийн тухай хуулийн 75.2-т заасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл бүрдсэн байна гэж харж байгаа.