Э.Бат-Үүл: Хэнтий аймгийн Дадал суманд 10.000 га газрыг хятадуудад эрх баригчид өгсөн байна

Ардчиллын анхдагч, Хэнтий аймагт АН-аас нэр дэвшигч Э.Бат-үүл болон МоАХ-ын гишүүд, анхдагчид, ардчилсан үзэлтэй залуус "Дарангуйлагчийг давраахгүй!" цуглааныг С.Зоригийн хөшөөний дэргэд зохион байгуулсан. Тус цуглаанд оролцогчид цагдан хоригдоод байгаа нэр дэвшигчдийг 48 цагийн дотор суллахыг тухай шаардлага хүргүүлээ.

Тэрбээр “Өнөөдөр ардчиллын анхдагч нар С.Зоригийнхоо хөшөөний дэргэд цуглаад байна. Бид энд цуглах болсон шалгаан нь 2020 оны сонгууль чөлөөт ардчилсан сонгууль болж чадахгүй юм байна. 06.24-нд болох  сонгууль бол дарангуйлагч нарыг хууль ёсны болгож харагдуулах хулих сонгууль болохоор байна. Энэ нь Ардчилсан намаас нэр дэвшигч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг цагдан хорьсноор их тод илэрлээ. Өнөөдөр Монгол Улсын шүүх Монгол Улсын шүүх биш болж, МАН-ын шүүх болсон байна. Өнөөдөр Монгол Улсын шүүх ард түмэнд байдаг хамгийн том эрх мэдэлд халдлаа. Тэр нь ард түмэнд Засгийн эрх байдаг. Засгийн эрхээ сонгох, сонгогдох эрхээр дамжуулан хэрэгжүүлдэг. Энэ бол Монголын ард түмний 1990 оны ардчилсан хувьсгалаар олж авсан хамгийн дээд эрх. Гэтэл өнөөдөр энэ эрхийг Дээд шүүх нулимж, дэвсэллээ. Шүүхийн зүгээс Үндсэн хуулиа мэдэхгүй тайлбар гаргаж байна. Монгол Улсын шүүхэд хуулиа мэддэг шүүгч байгаа юм болов уу гэж эргэлзэхэд хүрж байна. Тиймээсардчилалын анхдагч нар бид Монгол Улсын шүүх МАН-ын шүүх болоод байгааг эсэргүүцэж байгаа юм.

Энэ сонгууль хүч хэрэглээн хууль бус сонгууль болох гэж байна. Ядаж сонгуулийн сүүлийн өдөр нэр дэвшигчдэд сонгогчдодоо хандаж үг хэлэх бололцоог хангахгүй юм бол энэ сонгуулийг хууль ёсны сонгууль гэж хүлээн зөвшөөрөх арга байхгүй. Ийнхүү хууль бусаар байгуулж байгаа Засгийн эрх мэдэл нь Засгийн эрхийг хууль бусаар булаан авсан хэрэг болно гэж үзэж байна. Тиймээс 48 цагийн дотор Ардчилсан намын нэр дэвшигчдийг чөлөөлөхгүй бол бид энэ удаагийн сонгуулийг хууль бус сонгууль гэж үзэж, тэмцлийн бусад хэлбэр рүү шилжин орно. Энэ сонгууль дарангуйлагчийн хууль бус засаглалыг хууль ёсны мэт харагдуулах гэсэн хулхи сонгууль болох гээд байна. Энэ байдлыг нэр дэвшигчид, сонгогчид  хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрвээ хүлээн зөвшөөрөх юм бол дарангуйллыг хууль ёсны болгож байгаа санал асуулгад орох гээд байна. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй.

Миний бие Хэнтий аймгийн 18 дугаар тойрог дээр нэр дэвшээд, сонгогчидтойгоо уулзаад явж байсан. Гэтэл Дадал суманд явж байхад энэ мэдээг аваад наашаа дахиад ирсэн. Ирээд өнөөдөр энд ардчиллын анхдагч нартайгаа цуглаан хийж байна. Бид дарангуйлагч нарыг давраахгүй. У.Хүрэлсүх Хэнтий аймагт сонгогдох боломжгүй болчихсон. Учир нь малчдын ноолуурыг хулхидаад малчид хариуцлага нэхнэ гэж байна. Мөн Хэнтий аймгийн өмнө дэлгэр сумын нутагт Хятад Улсын компанид 10 мянган га газар өгсөн явдалд Хэнтий аймгийнхан маш их цочирдож, уурлаж байгаа. Тиймээс энэ асуудалд хариуцлага тооцно гэж байна. Түүнчлэн ЖДҮ-ийг орон нутагт хөгжүүлэх ёстой ЖДҮС-г УИХ-ын гишүүд нь нийлээд хоосолчихсон явдлыг ард иргэд маш их эсэргүүцэж байна. Энэ мэт шалтгаанаас болоод У.Хүрэлсүх сонгогдож чадахгүй болчхоод Хэнтий аймаг руу хүч дайчилж байна. Генералуудын, Цэргийн, Хурандаагийн холбоог гэсэн баахан цэрэг хүчний байгууллагыг аваачиж, тэнд цагдаагийн хүчийг татаж байна. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймагт хүч хэрэглэн сонгууль явуулах гэж байна. Хэнтий аймагт иргэдтэй уулзаад явж байхдаа энэ баривчилгааг зарлаад яваад байсан. Тиймээс энэ баривчилгааг У.Хүрэлсүхийн захиалгаар хийсэн баривчилгаа гэхээс өөр арга алга. Тэр бүү хэл зарим уулзалт дээр нь Монгол Улсад Хаант төрлөө гэж хашхичиж дэмжиж байна. Тиймээс ийм байдлаар сонгууль явуулахыг зөвшөөрөхгүй . Одоо өргөх бичгээ бариад, СЕХ болон МАН-д хүргэж өгнө.