Ц.Баатархүү: Нэг өрх айлд байгаа сонгогчийн тоо маш их “царцаатай” байна

УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Баатархүү, Г.Уянга, Р.Булгамаа нар СЕХ-нд шаардлага хүргүүлсэн буй асуудлаар мэдээлэл хийлээ.

Г.Уянга “Монголын ард түмэн Үндсэн хуулиар төрийн эрх барих эрхээ хэрэгжүүлэх гэж байна. Дөрвөн жилд ганцхан удаа хэрэгжүүлдэг эрхээ эдлэхэд тав хоног дутуу байна. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеийн онцгой журмаар явагдах гэж байгаа. Гэтэл энэ асуудалтай холбоотойгоор хэд хэдэн асуудал үүсч болзошгүй байна. Тухайлбал, цар тахлын үеийн журмаар сонгуулийн санал хураах үйл ажиллагааг явуулахаар сонгогчид саналаа өгч чадахгүй байх нөхцөл байдал үүсэх гээд байна. Учир нь нэг сонгогчийн санал өгөх хугацаа маш урт байгаа. Гэтэл санал авах төхөөрөмж бага байгаа учир ирц хүрэхгүй байхаар байна. Энэ асуудлыг иргэдтэй уулзах уулзалтын үеэр их хөндөгдөж байна.

Тиймээс Чингэлтэй дүүргийн нэр дэвшигчдийн зүгээс СЕХ-нд шаардлага хүргүүлж байна. Шаардлагад сонгуулийн санал хураалт 07:00-22:00 цагийн хооронд явуулахад сонгогчдын хэт их дараалал үүсэж, иргэдийн дунд үймээн бужигнаан гарч болзошгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Тиймээс онцгой нөхцөлд хэрэглэх нөөцийн санал хураах машинуудыг нэмэлтээр гаргахыг шаардаж байна. Хоёрдугаарт, СЕХ-оос иргэдийг хэрхэн санал өгөх талаар зөвлөмж, анхааруулга маш сул байна. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт нэг намаас нэр дэвшиж байгаа гурван хүнийг хамтад нь дугуйлж байж санал чинь хүчинтэй болно , хэнд санал өгснийг чинь мэдэж болдог зэрэг иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл маш их явж байна. Тиймээс иргэдийг саналаа хэрхэн өгөх талаар боловсрол олгох, мэдээлэл өгөх ажлыг маш эрчимтэй зохион байгуулахыг шаардлаа. Гуравдугаарт, Сонгуулийн хэсгийн хороод дээр сонгуулийг ажиглах журмыг зөрчиж, Ардчилсан намаас ажиллах ажиглагчдын үнэмлэхийг олгохгүй байгаа зөрчил гарч байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 22 дугаар хэсэг дээр ажиглагч ажиллуулах тухай хүсэлтээ журмын дагуу хуулийн хугацаанд бүрдүүлж өгсөн боловч зөвхөн хоёр хүнд ажиглагчийн үнэмлэх олгосон нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа. Ажиглах процесс маш чухал. Нэр дэвшигчдийн саналыг зөв тоолж байгаа эсэх санал өгөх асуудал хуулийн дагуу шударга явж байгаа эсэх гээд олон зүйлийг хянадаг. Гэтэл намуудын эрхийг зөрчиж, ажиглагчийн үнэмлэхийг дутуу олгож байна. Тиймээс энэ бүх алдаагаа нэн яаралтай залруулж, хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг шаардаж СЕХ-нд шаардлага хүргүүлж байна” гэлээ.

Ц.Баатархүү: Зарим айлын хаяг дээр 25-40 хүн бүртгэлтэй байна

Ц.Баатархүү “Нэгдүгээрт, сонгуулийн хэсгийн хавтгай маш ойлгомжгүй байна. Энэ асуудлыг  ойлгомжтой болгож өг. Хоёрдугаарт, нэг өрх айлд байгаа сонгогчийн тоо маш их “царцаатай” байна. Зарим айлын хаяг дээр 25-40 хүн бүртгэлтэй байна. Ардчилсан нам шударгаар хуулийн хүрээнд өрсөлдөхийг уриалсаар байгаа. Гэтэл өрсөлдөгчид баахан “царцаа” нүүлгэчихсэн байна. Эрх барьж байгаа намууд иргэдийг маш их айлган сүрдүүлж байна. “Хэрвээ та саналаа өгөхгүй бол камераар хянаж байгаа шүү. Хүнсний талон дахиж өгөхгүй, хорооноос дахиад дэмжихгүй шүү” гэх зэргээр сүрдүүлж байгаа. Энэ бол Монгол Улсын иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон хамгийн том сонгох сонгогдох эрхийг маш бүдүүлгээр зөрчиж байгаа асуудал. Гэтэл сонгуулийн санал хураалт маш нууц болдог учир тухайн иргэн өөрийн үзэл бодлоороо л саналаа өгөх эрхтэй. Гэтэл хорооны дарга нь ирээд МАН-д  саналаа өгөхийг нь хэлээд, дарамтлаад байж болохгүй.