Т.Батцогт: Хувьчилж авсан газартаа ипотекийн зээлээр орон сууцтай болохыг дэмжинэ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, 2020 оны УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж байгаа Т.Батцогттой ярилцлаа. УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороо хамаарагдаж байгаа юм.

-Сонгуулийн сурталчилгааны хугацаа удахгүй дуусч, сонгогчид сонголтоо хийх мөч тун ойртож байна. Таны хувьд нэр дэвшин оролцож байгаа анхны томоохон сонгууль байх...?

-Мэдээж хүн бүхний хариуцлагатай мөч. Сурталчилгааны хугацаанд өөрийгөө болон намынхаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, тойргийнхоо, цаашлаад улс эх орныхоо ирээдүйн хөгжлийг сайн сайхнаар төсөөлж идэвхийлэн гар бие оролцох гэж хичээж л явна. Эргээд харахад сонгогчдынхоо итгэлийг алдалгүй эх орондоо хийсэн зүйл ихтэй, бахархам үйл хэрэгтэй байна гэдэг хичнээн сайхан. Эцсийн сонголтыг ард түмэн маань хийнэ шүү дээ. Тиймээс санал авах өдөр ойртох тусам бага зэрэг түгшиж л байна.

-Таныг илэрхийлэх сурталчилгааны тань үг “Эрч хүч” гэсэн уриа байсан. Яагаад ийм үгийг сонгосон юм бэ?

-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан намаасаа ч төдийгүй сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн залуу төлөөлөл болон нэр дэвшиж байна. Би 22 дугаар тойрогтоо туршлагатай парламентач Зандаахүүгийн Энхболд даргатай хамт нэр дэвшин өрсөлдөж байна. Нэг нь туршлагатай, нөгөө нь эрч хүчтэй нэр дэвшигчид 22 дугаар тойргийнхоо сонгогчдыг УИХ-д  сайн төлөөлж, хийх гэснээ хийж чадах баг бүрдэж чадлаа хэмээн намын нөхөд маань үзэж энэ удаагийн парламентын сонгуульд “Туршлагатай, эрч хүчтэй” гэсэн уриатайгаар сойсон доо.

-Та Баянзүрхчүүдийн хувьд бол огт танихгүй шинэ хүн биш . Тиймээс та бол тойрогтоо  тулгамдсан асуудлуудыг сайн мэднэ биз?

-Би чинь өөрөө энэ дүүргийнхээ оршин суугч, дээр нь 2012-2016 онд дүүргийнхээ ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Засаг даргын орлогчоор  2016-2020 онд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж ирсэн, “Баянзүрхийн Батцогт” нэршил авсан хүн шүү дээ. Зөвхөн 22 дугаар тойргийнхоо гэлтгүй, дүүргийнхээ бүх тулгамдсан асуудал, даруй шийдвэрлэх шаардлагатай ажил, иргэдийнхээ нийгмийн байдал, амьдрал ахуйг сайн мэднэ. Өнгөрсөн дөрвөн жилд Баянзүрхчүүд дүүргийнхээ засаг, захиргааны удирдлагыг ардчилсан залуучуудын багаар бүрдүүлж сонгосон ч хотын удирдлага сөрөг хүчин давамгайлсан багаар бүрдсэн. Тэд дүүрэгт төлөвлөсөн ажил байтугай Улаанбаатар хотын нийт иргэдэд хэрэгтэй олон ажлыг гацааж, түгжиж, цуцалж боогдуулж ирлээ. Иргэд үнэхээр бухимдалтай байна. Бусад дүүрэгтэй харьцуулбал, гэр хороолол манай дүүрэгт харьцангүй бага. Гэхдээ тэдний амьдрал дунд ороод үзвэл өрхийн орлого муудсан, ядуу, тохь тухгүй орчин нөхцөлд амьдарсаар л байна. Өнгөрсөн дөрвөн жилд ядаж л гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрх баригчид гацааж, зогсоогоогүй бол олон өрх орон сууцанд орчих байлаа. Хууль батлах дээд байгууллагадаа олонхи болж чадаагүй л бол хэчнээн доод засаг, захиргааны нэгждээ олонхи байлаа гээд төлөвлөсөн ажилд төсөв баталж өгдөггүй, ажил хийлгэдэггүй юм билээ.

-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжээс эхлээд танай тойрогт тулгамдсан олон асуудал байгаа байх?

-Хамгийн наад захын жишээ гэвэл хүүхдийн цэцэрлэг, сургуулийн асуудал. Дийлэнх хороодод энэ асуудал тулгамдаж байгаа ч нэн даруй шийдвэрлэх шаардлагатай хороо гэвэл 25, 26 байна. 26 дугаар хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард боссон шинэ хороолол, хотхонууд дунд өнөөдөр улсын нэг ч цэцэрлэг, сургууль алга. Гэтэл нэмж орон сууц барих газар  олгоод л байдаг. 26 дугаар хорооны оршин суугчид хотхон дотроо түгжирч орц, гарц, тэр байтугай явган хүний зорчих замгүй бухимдаж байхад УИХ-ын гишүүн эзэнтэй “Оргил” худалдааны төв нийтийн эзэмшлийн газрыг хашаалчихдаг ийм л нийгэмд бид өнөөдөр амьдарч байна. Хорооны иргэдтэй нийлээд бид нийслэлийн удирдлагуудад хүсэлт, шаардлага тавьж ирсэн ч“Илжигний чихэнд ус хийсэн ч ижил, алт хийсэн ч ижил” гэдэг шиг үл тоож огт шийдсэнгүй.

-Танай дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэр хийгдэв. Амгалан дулааны станцаас эхлээд дэд бүтэц харьцангуй сайтай. Гэр хорооллыг орон сууцжуулах, барилгажуулах асуудлаар байр суурийг тань сонирхмоор байна? 

-Үнэхээр тийм. Нэг ч гэр хороололгүй, утаагүй дүүрэг болчих боломж өнгөрсөн жилүүдэд бүрэн байсан.  Амгалан дулааны станц чинь 2012-2016 онд, Ардчилсан намын засаглалын үед баригдсан бүтээн байгуулалт шүү дээ. Энэ дулааны станцын дэд бүтцийг дагаад манай Баянзүрх дүүрэг нийслэлдээ хамгийн түрүүнд нэг ч гэр хороололгүй дүүрэг болчих боломжтой. Харамсалтай нь эрх баригчид дахин төлөвлөлтийн ажлуудыг бүрэн царцаасан. Манай дүүргийн 4, 5, 8 дугаар хороонд дахин төлөвлөлт, орон сууцжуулалт үнэхээр хэрэгтэй. Гэхдээ Ардчилсан нам энэ удаагийн УИХ-ын сонгуульд олонхи болж чадвал З.Энхболд дарга бид хоёр намын мөрийн хөтөлбөрт тусгасан онцлох ажлуудын нэг болох гэр хорооллын дахин төлөвлөлтийг тойрогтоо үргэлжлүүлнэ. Түүнчлэн гэр хорооллыг инженерийн дэд бүтцэд холбож халаалтын төвлөрсөн болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй амины орон сууцтай болох, дахин төлөвлөх ажлыг хэрэгжүүлэх, үүнд ипотекийн зээл олгох боломжуудыг бүрдүүлж өгнө. Өөрөөр хэлбэл, өмнө нь төвлөрсөн орон сууцанд ипотекийн зээл олгодог байсан бол иргэн өөрийн эзэмшил бүхий хашаандаа дэд бүтэц шийдсэн орон сууцтай болоход нь ипотекийн зээл олгодог болох зорилтыг намын мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа.

-Нийслэлийн хэмжээнд автозамын түгжрэл тулгамдсан асуудал болоод удлаа. Ялангуяа шинэ хороолол, хотхон ихтэй танай дүүргийн оршин суугчдыг хамгийн их бухимдуулдаг сэдэв түгжрэл гэж бодож байна?

-Хотын гудамжиндаа битгий хэл хотхон дотроо түгжирдэг, гацдаг, өглөөд ажил, сургууль, цэцэрлэгээсээ хоцордог асуудал манай 26 дугаар хороонд тулгамдаж байгааг би дээр дурдсан. Энэ асуудал 6, 13, 14, 25 дугаар хороодуудад ч байна. 13 дугаар хорооллын иргэд түгжрэл үүсгэсэн төлөвлөлтийн асуудалд анхаараач гэдэг санал, гомдол, хүсэлтийг мөн ч олон жил тавьж ирлээ. Баянзүрх дүүргийн удирдлагууд зарим хашааг хүчээр буулгах ажил хүртэл зохион байгуулж тэмцсэн. Гэвч маргааныг эцэслэн шийдэж чадахгүй байна. Яагаад гэхээр нөгөө л газрын наймаа, авлига, албан тушаалтнууд ард нь холбогдож, эрх мэдлээ ашигласан хэвээрээ л байгаа. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж Улаанбаатар хотын хэмжээнд төлөвлөлт, бүсчилсэн, хөгжил, дэд бүтцийн бүтээн байгуулалтын асуудлыг шийдвэрлэдэг болгох, “Гудамж” төслийг үргэлжлүүлэн авто замын уулзварыг шинээр барьж түгжрэлийг бууруулах зэрэг ажлуудыг хийх болно.

-“Ковид-19” цар тахалтай холбоотойгоор улсын эдийн засаг хүндэрч, өрх, иргэний орлого буурч байна. Танай дүүрэгт Нарантуул, Баянзүрх зах гэхчилэн хамгийн том худалдааны төвүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Та бизнес эрхлэгчидтэй уулзав уу, иргэн болоод бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ хэрэгжүүлж ажиллах вэ?

-Өнгөрсөн 4 жилд эрх барьсан МАН бүтээх биш зогсоодог, гацаадаг, татварын нэмэгдлээр дарамталдаг болохыг бид бүгдээрээ харлаа. Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийг дэмжсэн ажил гэвэл ямаанд 20 мянган төгрөг өглөө. Хүүхдэд 10 мянган төгрөг өгөх гэж байсныг олон нийт шүүмжилсний эцэст 100 мянган  төгрөг болгосон. Эрх баригчид үүнээс өөрөөр дорвитой арга хэмжээ авсангүй. Хэрэв Ардчилсан нам энэ сонгуулиар парламентад олонхи болохуйц суудал авч чадвал нэн тэргүүнд бизнес эрхлэгч төдийгүй нийт иргэдэд дарамт болж байгаа бүх зээлийн хүүг бууруулж 1 оронтой тоонд оруулах хууль, эрх зүйг хамгийн эхний чуулганы хуралдаанаар хэлэлцэж батлах юм. Улмаар энэ хуулийн хэрэгжилт  наймдугаар сарын нэгний өдрөөс эхэлнэ гэдгийг намын мөрийн хөтөлбөртөө тусгасан. Түүнчлэн МАН-ын нэмэгдүүлсэн 9 төрлийн татварын хувь хэмжээг бууруулж, хуучин хэмжээнд хүргэх, НӨАТ-ыг 5 хувьд болгон бууруулах гэхчилэн иргэд, бизнес эрхлэгч, ажил олгогчдодоо дэмжсэн шийдвэрүүдийг даруй гаргаад явна. Энэ цар тахал хэдий хугацаанд үргэлжилж, улс орнуудын нөхцөл байдал хэрхэн яаж өөрчлөгдөх нь таашгүй байна. Тиймээс бид энэ хямралыг даван туулахын тулд иргэдээ ажлын байраар хангах, өрх бүрийн орлогыг өсөн нэмэгдүүлсэн онцгой бодлого, төлөвлөгөө зайлшгүй шаардлагатай байгаа. Ардчилсан нам ажлын байрыг 100 мянгаар нэмэгдүүлэх, цалин дор хаяж 1000 ам.доллартай тэнцэхүйц байлгахын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллана. Аж үйлдвэрийг цогцоор нь хэрхэн хөгжүүлэх талаар тодорхой тооцоо, судалгаатайгаар сонгогч олондоо танилцууллаа. Бид байгалийн баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэснээр тахлын үеийн хямралыг давж чадна. Тиймээс уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй дүйцэхүйц 10 үйлдвэрийг ирэх 10 жилд барихаар  Ардчилсан нам төлөвлөсөн. Улсын эдийн засгаа өсгөн нэмэгдүүлье, өрх бүрийг орлоготой байлгая гэвэл ердөө цорын ганц шийдэл нь ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал юм.