Х.Тэмүүжин: Худлаа бол Засгийн газар яаралтай нэрээ цэвэрлэж авах хэрэгтэй

-Г.Батхүү агсны хэрэгтэй  холбоотойгоор АН-аас гурван ажлын хэсэг байгуулсан. Танаар ахлуулсан ажлын хэсэг ямар үүрэгтэй вэ. Хэргийг хуулийн байгууллага шалгаж байхад намаас байгуулсан ажлын хэсэг ямар үүрэг гүйцэтгэх юм бэ?

 

-Манай намаас гурван ажлын хэсэг байгуулсан. Нэгд, Их хурлын гишүүд оролцсон ажлын хэсэг. Талийгаачийн өмнө нь эрхэлж байсан ажилтай холбоотойгоор төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаатай уялдуулж буяны ажлыг нь зохион байгуулах юм. Засгийн газар, УИХ-ын төвшинд ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Энэ ажлын хэсгийг намын үйл ажиллагаатай холбох ажлын хэсгийг намаас байгуулсан гэж хэлж болно. Хоёрт, АН-ын дэд дарга, ардчиллын түүхэнд цөөнгүй хугацаанд улс төрийн үйл ажиллагаанд оролцож байсан хүн учраас намын гишүүд болон дэмжигчид эмгэнэл илэрхийлж байна. Нам доторх энэ үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг. Гуравт, хууль зүйн талаасаа ажиллах ажлын хэсэг байгуулж надаар ахлуулсан. Учир битүүлэг зүйл боллоо. Тиймээс тэгсэн, ингэсэн гэж шууд таамаглахад хэцүү. Нөгөө талаар Төрийн ордонд болсон учраас гадаа гудамжинд болсноос илүү хаалттай, улстөрчид тохиолдсон үйл явдал учраас тал талаасаа улстөржих магадлалтай байгаа юм. Тиймээс хэрэг явдлыг шалгахад дэмжлэг үзүүлэх, хөндлөнгөөс шахалт үзүүлэх зорилготой ажлын хэсэг байгуулсан. Мөн хэрэг хууль ёсоор шалгагдаж байна уу гэдэгт хяналт тавих зорилготой.

 

-Өчигдөр танай намаас мэдээлэл хийхдээ талийгаач хамгийн сүүлд МАН-ын гишүүнтэй уулзсан гэсэн мэдээллийг өгсөн. Тэгэхээр хуулийн байгууллага шалгалтын явцыг АН-д мэдээлж байна гэсэн үг үү?

 

-Үгүй ээ. Хуулийн байгууллага хуулийн дагуу шалгалтаа хийгээд явна. Бэлэн болоогүй, материал юм уу, дүгнэлтийг шууд хэлэхгүй шүү дээ. Тодорхой хугацаа шаардана. Гэхдээ энэ хугацаанд иргэдэд мэдээлэл дутмаг болоод ирэхээр тэр байдлыг нь ашиглаад янз бүрийн хэл ам гараад эхэлж байна. Тухайлбал, өнгөрсөн хоёр, гурав хоногт асуудлыг өөр тийш нь хандуулах, худал хуурмаг мэдээлэл тараах гэсэн оролдлого удаа дараа хийлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зүрх нь хаасан, шатнаас унасан, бие нь муу байсан, хорт хавдраар өвчилсөн байсан гэсэн мэдээллийг санаатай, санамсаргүй байдлаар түгээгээд эхэлсэн. Тиймээс АН энэ байдлыг хэлэхээс өөр аргагүй байна. Шатнаас унаагүй, ойролцоогоор дөрвөн метрийн өндөр дээрээс унаж нас барсан байна. Шүүх шинжилгээний дүгнэлт албан ёсоор гараагүй боловч гэмтлийн улмаас нас барсан магадлал өндөр байна. Учир нь унаснаас үүссэн маш их хэмжээний гэмтэлтэй байгаа нь ямар нэгэн өвчнөөс болоогүй гэдэг дүгнэлт гарч байна. Мөн АН-ын дарга С.Эрдэнийн өрөөнөөс хамгийн сүүлд гарсан байна гэж нэр бүхий жиргээчид цацсан. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй байгаа учраас намаас тайлбар хийсэн. Талийгаач 15.00-18.30 цагт ажлын хэсгийн хуралдаантай байсан. 18.30 цагийн үед хүн рүү яриад зочидтой хамт хоол иднэ гэж болзоод түүний дараа нэг хүнтэй уулзахаар ордны баруун жигүүр рүү явсан байгаа юм. 18.35 цагт гурван давхрын иргэд ордог хэсгийн камерын хэсэгт өртсөн байсан. Түүнээс хойш 20-иод минутын дараа 19.09 цагт эхний хүн өндрөөс унасан байхад нь олсон гэсэн мэдээлэл байна. Энэ завсар 20 гаруй минутын хооронд хэнтэй уулзсан бэ гэдэг нь тодорхойгүй байсан. Гэтэл АН-ын даргатай уулзсан, архи уусан байсан гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Тиймээс хуулийн байгууллагаас бодит мэдээллийг авахад “МАН-ын нэг гишүүнтэй уулзаад өрөөнөөс нь гарсан гэсэн мэдээлэл байна. Тэнд 15-20 минут уулзалт үргэлжилсэн” гэдэг мэдээллийг өгсөн. Тэр хүн нь өөрөө өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ мэт мэдээллийн дутмаг байдал дээрээс болж хэн нэгэн улстөрч улс төрийн ашиг хонжоо хайх оролдлого гарч эхэлж байна. Тэгэхээр бодит мэдээллээр засч залруулах үүрэг АН-д бий.

 

-Хэргийг хуулийн байгууллага маш нууц гэж шалгаж байгаа юм байна. Ер нь хүн нас барсан хэргийг маш нууц гэсэн ангиллаар шалгадаг юм уу?

 

-Хэлж мэдэхгүй юм. С.Зоригийн хэргийг маш нууц гээд хэдэн жил боллоо. Маш нууц гэсэн нуугдмал байдлын ард ямар их хардалт таамаглал, ямар их гүтгэн доромжлол юу өрнөж байгаа билээ. Тиймээс хуулийн байгууллага аль болох зохистой, олон нийтийг мэдээллээр хангаж байхгүй бол үүний ард гүтгэлэг, доромжлол өрнөөд байх боломжтой. Бүрэн дүүрэн биш юм гэхэд явж байгаа ажиллагаагаа тайлагнаад байвал иргэд хуулийн  байгууллага ажиллаж байгаа юм байна, бодит дүгнэлт гарчих байх гэсэн итгэлтэй болох байх.

 

-Шинжилгээний урьдчилсан хариу гарсан гэж байна. Эцсийн хариу хэзээ гарах вэ?

 

-Албан ёсны урьдчилсан дүгнэлт гараагүй байна. Шинжилгээний дүгнэлтүүд эхнээсээ гараад энэ байдал руу очиж байна гэдгийг л хэлж байгаа учраас албан ёсоор урьдчилсан дүгнэлт ингэж гарлаа гэж 100 хувь хэлж чадахгүй байна. Ямар ч байсан их хэмжээний гэмтэл байгаа нь ил үзлэг болон эхний үзлэгээр гарчихлаа. Тиймээс гэмтлийн улмаас нас барсан гэсэн дүгнэлт рүү очиж байна. Цусан дахь янз бүрийн шинжилгээгээр илүү бодитой дүгнэлт гарна. Энэ шинжилгээ нь 14-21 хоногийн дараа гардаг.

 

-АН энэ хэргийг улстөржүүлээд байгаа харагдаад байна л даа. Хуулийн байгууллага шалгаж тогтоогоогүй, шинжилгээний дүгнэлт гараагүй байхад хүн алсан байж болзошгүй гэдэг ойлголтыг нийгэмд өгөөд байгаа юм биш үү?

 

-Одоогоор АН ямар нэгэн байдлаар хэн нэгнийг буруутгаагүй байна. Хүний гарт амь насаа алдсан гэж дүгнээгүй байна. Нэгд, учир битүүлэг байна гэж байгаа юм. Ямар нэгэн дүгнэлт гараагүй байхад зүрхний шигдээс юм уу, шатнаас унаад үхчихлээ гэдэг мэдээллийг тараасан. Хоёрт, огт хамааралгүй АН-ын даргатай уулзсан гэдэг мэдээллийг тараасан нь өөрөө цаанаа зохион байгуулалттайгаар хэн нэгнийг гүтгэн харлуулах үйл ажиллагаа яваад байгаа юм. Энэ буруу ташаа мэдээлэл тарааж байгаа хүмүүс энэ үйл явдал хоёр хоорондоо холбоотой юу, үгүй юү гэдэг нь өөрөө хуулийн байгууллагын шалгах ёстой ажил. Нөгөө талаар тэр гонхноос хүн өөрөө унахгүй. Ямар ч байсан зүгээр явж байгаад шатнаас унасан биш дөрвөн метрийн өндөр дээрээс унаж амиа алдлаа. Тиймээс унасан шалтгааныг нь үнэн зөвөөр тогтоох хэрэгтэй. Одоогоор өөрөө уначихсан эсвэл хэн нэгэн түлхэж унагасан гэдгийг дүгнэхэд хэцүү. Гэхдээ энэ хэрэг учир битүүлэг байна гэдэг асуудлыг тавьсан. Түүнээс биш АН ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Учир битүүлэг байгаа учраас яаралтай шалгаад иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхгүй бол мэдээлэлгүй байгаа байдлыг нь ашиглаад худал хуурмаг мэдээлэл тараагаад байгаа нь АН-ынхны санааг зовоож байна.

 

-Та энэ Засгийн газрын гурван сайд авлигын хэрэгт холбогдлоо гэж жиргэсэн байсан. Энэ ямар хэргүүд юм бэ. Танд баримт байгаа юу?

 

-Баримтуудыг нь өөрөө гар дээрээ гүйцэд аваагүй учраас хэлэхэд төвөгтэй байна. Ямар ч байсан ийм яриа улс төрийн хүрээнд болон мэдээлэл бүхий байгууллагын хооронд яригдаж байгаа. Их хэмжээний авлигатай холбоотой, тодорхой том бүтээн байгуулалтыг дагасан, хөрөнгө оруулалттай холбоотой шижиг таамууд маш хүчтэй яригдаж байна. Тиймээс үүний араас хуулийн байгууллага шалгах ёстой. Ямар нэгэн авлига, албан тушаалын үйл ажиллагаатай хатуу тэмцэнэ гэдэг амлалт өгсөн Ерөнхий сайд сууж байна. Араа шүд байхгүй байна гэж байгаад хүссэнээрээ хуулийн байгууллагын бүх бүтцэд томилгоогоо хийсэн. Тиймээс одоо гонгинох зүйл байхгүй. Энэ яриа маргаануудыг эцэслэх ёстой. Хамгийн аюултай нь Монгол Улсын сайд нар авлига авлаа гэдэг яриа нь гаднын хөрөнгө оруулагчдаас гараад байгаа учраас хэрвээ энэ үнэн бол Монгол Улсын Засгийн газар барьцаалагдана гэсэн үг. Хэрвээ худлаа бол нэрээ цэвэрлэж авах хэрэгтэй. Өчигдөр хүртэл О.Баасанхүү гишүүн 1.2 сая ам.долларын авлигын хэргийн  талаар ярьсан байна лээ.

 

-О.Баасанхүү гишүүний ярьсан авлигын хэргээс таны хэлсэн гурван хэрэг тусдаа юм уу. Яг хэдий хэмжээний авлигын асуудал яригдаж байгаа юм бэ?

 

-Миний сонссоноос гадна. Тэгэхээр дөрөв дэх нь болж байх шиг байна. Үнийн дүн нь бодитой эсэхийг мэдэхгүй байна. 5-20 сая ам.долларын тоо сонсогдоод байгаа. Гурван өөр салбарт. Баримтуудыг нь авч нягтлах хэрэгтэй. Монгол Улсад орж ирж байгаа хөрөнгө оруулалт болон томоохон бүтээн байгуулалттай холбоотой гарч байгаа ийм яриануудыг мухарлах ёстой. Үнэн худлыг нь цэгцлэх ёстой. Хуулийн байгууллага хэвлэл мэдээлэл дээр гарсан зүйлийг нягтлах үүрэгтэй. Хэн нэгэн гомдол гаргаснаас үл шалтгаалан энэ юу болоод байна гэдгийг шалгах ёстой. Гэхдээ шалгалтын явцад хохирсон юм уу, бодит мэдээлэлтэй хүмүүс өргөдөл гомдол өгөх замаар шалгалт цаашаа үргэлжилнэ. Жишээлбэл, би 2014 оны намар цөөнгүй сая ам.доллартой холбоотой баримтыг жиргэж байсан. Тэгэхэд хуулийн байгууллага тэрний дагуу шалгаад үүнээс хохирсон иргэн нэн даруй хуулийн байгууллагад гомдол саналаа өгөх ёстой гэсэн. Гэтэл хохирсон иргэн гомдол гаргахгүй болохоор тухайн хэргийг шалгах боломжгүй болж байгаа юм. Хэчнээн баримт, мэдээлэл байлаа гээд хохирсон иргэд гомдлоо өгөхгүй бол авлига албан тушаалын хэргүүдийг шалгахад зовлонтой болдог.

 

Эх сурвалж: www.itoim.mn 

 

Сэтгүүлч: Л.Одончимэг