Уран илтгэлийн тэмцээнд А.Оюун-Эрдэнэ тэргүүллээ

“Ардчилсан оюутны холбоо” байгуулагдсаны хоёр жилийн ой өнөөдөр /2019.05.21/ тохиож байна. Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд намын дэргэдэх байгууллагынхаа тоог дөрөв болгон нэмж, отгон холбоог байгуулсан нь "Ардчилсан оюутны холбоо" юм. 

 

АОХ-ны хоёр жилийн ойн арга хэмжээ өнөөдөр МҮЭСТО-нд зохион байгуулагдаж, 200 гаруй хүүхэд, залуус оролцлоо. Мөн УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга, АЭХ-ны ерөнхийлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа нарын  зочид оролцож, оюутан залуустай ярилцсан юм.

 

Монголын хамгийн том оюутны байгууллага болох “Ардчилсан оюутны холбоо” нь эгнээндээ 10 мянга орчим залуусыг нэгтгэжээ. Тэд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эерэг хандлага хөгжил” аян, залууст зориулсан үнэ төлбөргүй гадаад хэлний сургалт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан байна. Үүний зэрэгцээ тус холбоо КАС-тай хамтран “Ардчиллын үнэт зүйлс” сэдэвт уран илтгэлийн тэмцээнийг ЕБС-ийн төгсөх ангийн сурагч, оюутан залуусын дунд зохион байгуулсан юм. Тэмцээнд нийт 253 илтгэл өрсөлдсөнөөс зургаан илтгэл шалгарч шилдгээ тодрууллаа.

 

 “Отгонтэнгэр” их сургуулийн оюутан Ч.Сонинбаяр, Төв аймгийн Баянхангай сумын ЕБС-ийн сурагч Э.Гэрэлчимэг, СЭЗДС-ийн оюутан Э.Тэмүүжин, МУИС-ийн оюутан Г.Үүрцайх, 48 дугаар сургуулийн сурагч Б.Номин-Эрдэнэ нарын шилдэг зургаан илтгэгч “Ардчиллын үнэт зүйлс” сэдвийн хүрээнд  өрсөлдсөнөөс 67 дугаар сургуулийн сурагч А.Оюун-Эрдэнэ тэргүүлсэн юм.