"Амьдралын марафон" охидын чуулганыг зохион байгууллаа

Хүчирхийлэл, шударга бус явдал, тэгш бус байдал газар авсан нийгэмд дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийлэхээр Сонгинохайрхан дүүргийн охид нэгдэж, “Амьдралын марафон” буюу Lifethon охидын  чуулга уулзалтыг  зохион байгууллаа.

 

Тус чуулганыг "Охидын түүх" ТББ, Сонгинохайрхан дүүргийн АЭХ-ны тэргүүн, “Содон мөрөөдөл” ТББ-ын тэргүүн О.Наранбат нар хамтран зохион байгуулсан юм. Чуулганд Сонгинохайрхан дүүргийн 25 ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл бүхий 370 орчим сурагч оролцож, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ. 

 
Сонгинохайрхан дүүргийн АЭХ-ны тэргүүн О.Наранбат “Охид, эмэгтэйчүүдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгааг бид зүгээр хараад суух боломжгүй. Охид, эмэгтэйчүүдээ хамгаалж, тэдэндээ тусалж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх гүүр нь болж ажиллах болно. Улс орны хөгжлийн үндэс бол хүн. Сайн боловсролтой, зөв хүмүүжил, хандлагатай, манлайлагч эмэгтэйчүүд олноор бий болоосой гэж хүсч байна. Ирээдүйгээ хайрлацгаая" хэмээн уриаллаа. 
 

Энэ удаагийн охидын чуулганд Баянгол дүүргийн Засаг дарга, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч С.Одонтуяа, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, хуульч Р.Булгамаа, “Охидын түүх” ТББ-ын тэргүүн Д.Нямдаваа , “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын төлөөлөл, дуучид оролцов. Тэд чуулганд оролцож буй охидтой хууль эрх зүй, гэмт хэргээс хэрхэн урдчилан сэргийлэх талаар ярилцаж, өөрсдийн амжилтад хүрсэн түүхээс хуваалцаж, нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм.  

 

Эрх нь зөрчигдсөн ч дуу хоолойгоо илэрхийлж чадахгүй хаалганы цаана түгжигдэн буй охидын дуу хоолойг илэрхийлэх, боловсрол, тэгш бус байдлын талаар ярилцсан тус чуулганыг цаашид дүүрэг бүрт жишиг чуулган болгон зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулганы  үеэр манлайлагч 20 охинд шагнал гардуулсан бөгөөд чуулганаас гарсан уриалгыг уншиж, батламжиллаа.