1. Нэгдүгээр бүлэг.Нийтлэг үндэслэл
1.1 Тус намыг Ардчилсан Нам гэж нэрлэх ба “АН” гэж товчилно. Англиар Democratic Party, Democratic Party of Mongolia гэнэ. АН-ын төв байгууллага нь Монгол Улсын нийслэлд байрлана.

1.2 Ардчилсан нам нь Монгол улсын язгуур эрх ашгийг дээдлэн улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эрх зүйт төр, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хөгжлийг эрхэмлэж, түүний бүтээлч чадавхид тулгуурлан нийгмийн дэвшлийг хангах зорилго эрмэлзэл бүхий иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн, чөлөөт ардчилсан үзэл баримтлалыг онол суртахуун, үйл ажиллагааныхаа үндэс болгосон улс төрийн байгууллага мөн.

1.3 АН нь гишүүд, дэмжигчдэд тус намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө төрийн хэрэгт өргөн оролцох бололцоог хариуцлагын хамт олгохыг зорино.
2. Хоёрдугаар бүлэг. Намын бэлгэдэл, далбаа, албан хуудас, тамга
2.1 АН нь хуулийн этгээдийн эрх эдлэх бөгөөд өөрийн бэлгэдэл, далбаа, тамга, тэмдэг, нэг загварын албан хуудастай байна.

2.2 Намын бэлгэдэл нь нар зөв чиглэлд тасралтгүй сүлжилдэн холбогдсон зөв гурван гурвалжин дээр чандмань байрлаж, эдгээр нь хөх дэвсгэр дээр цагаан өнгөтэй байх ба дэвсгэр дотуураа цагаан, гадуураа улаан хүрээгээр хүрээлэгдсэн дугуй хэлбэртэй байна. Намын нэр уг хөх дэвсгэр дээр цагаан өнгөөр бичигдэнэ.

2.3 Намын далбааны өргөн, урт нь 1:2 харьцаатай байна. Далбаа ишнийхээ талд суурьтай хөх өнгийн гурвалжингаар хагаслан хуваагдах ба түүний 2 талын хэсэг улаан өнгөтэй бөгөөд улаан хөх өнгүүд нарийн цагаан зурвасаар зааглагдана. Хөх гурвалжны иш талын хэсэгт цагаан өнгөөр сар, нар, дөл босоо чиглэлд байрлана.

2.4 Намын нэр, бэлгэдэл, далбаа, албан хуудас, тамга, тэмдгийг хэрэглэх журамтай байна.
3. Гуравдугаар бүлэг. Гишүүнчлэл
3.1 Гишүүн

3.1.1 АН-ын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, энэхүү дүрмийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа Монгол улсын 18 нас хүрсэн иргэн намд гишүүнээр элсэж болно.

3.1.2 Гишүүн нь байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны байгууллагад бүртгэлтэй, үнэмлэхтэй байна.

3.1.3 Намд гишүүн элсэх, гишүүдийн бүртгэл,шилжилт хөдөлгөөнийг журмаар зохицуулна.

3.1.4 Гишүүний улс төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааг журмаар зохицуулна.

3.1.5 Гишүүний хариуцлагыг тогтоосон журмын дагуу зохицуулна.


3.2. Гишүүний эрх


3.2.1. Намын боловсон хүчний хувьд намын эрх бүхий байгууллагын дэмжлэгээр улс төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох;

3.2.2. Намын бодлого, үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой мэдээлэл авах;

3.2.3. Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулах, хэлэлцэхэд болон намаас явуулж буй үйл ажиллагаанд оролцох;

3.2.4. Намын байгууллагаас өөрийнх нь тухай хэлэлцэхэд биечлэн оролцохыг шаардах; 3.2.5. Намын бүх шатны байгууллагын сонгуульт албан тушаалд нэрээ дэвшүүлж сонгогдсон гишүүнийг сонгуульт гишүүн гэнэ. Сонгуульт гишүүний эрх үүрэг, үйл ажиллагааны зарчмыг журмаар зохицуулах;

3.2.6 Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль, намын Үндсэн Дүрэм /ҮД/ болон бусад журамд харшлаагүй тохиолдолд үзэл бодол, нэр төрийн хувьд намын өмгөөлөл, ивээлд багтах;

3.2.7 Гадаадад амьдарч байгаа намын гишүүд, дэмжигчид АН-ыг дэмжих зорилгоор үүсгэл санаачлагын байгууллагад нэгдэж үйл ажиллагаа явуулах;


3.3 Гишүүний үүрэг


3.3.1. Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, Үндсэн дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан бусад журам, шийдвэрийг даган мөрдөх;

3.3.2. Намын эгнээ, дэмжигчдийн хүрээг өргөтгөх, намын байгууллагыг бэхжүүлэхэд идэвх санаачлага гаргах;

3.3.3. Төрийн сонгуульд намаас болон бусад намтай байгуулсан Эвслээс нэр дэвшигчтэй өрсөлдөн бие даан нэр дэвшихгүй байх;

3.3.4. Намаас нэр дэвшигчдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, нэр дэвшигч болон АН-ын мөрийн хөтөлбөрийг сурталчлах;

3.3.5. Намын нэр хүнд, эв нэгдлийг хамгаалах, намын эрх ашигт үл нийцэх аливаа үйл ажиллагааг дэмжихгүй байх;

3.3.6. Намын дотоод асуудлаар олон нийтэд хандаж намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх үйлдэл хийхгүй байх; 3.3.7. Журмаар тогтоосон хэмжээний татварыг хугацаанд нь төлөх;


3.4. Гишүүнээс түдгэлзэх, чөлөөлөгдөх.


3.4.1. Намын гишүүн хууль тогтоомжид заасан үндэслэлээр гишүүнээс түдгэлзэх бөгөөд энэ тухайгаа харъяалах шатны намд албан журмаар мэдэгдэж бүртгүүлнэ.

3.4.2. Хуулийн үйлчлэл дууссан бол гишүүнчлэл нь сэргэнэ.

3.4.3. Гишүүн намаас чөлөөлөгдөх хүсэлтээ харьяалагдах намын байгууллагадаа мэдүүлснээс хойш 30 хоногийн дотор гишүүнийг бүх шатны намын бүртгэлээс хасуулахыг тухайн шатны нам хариуцна.

3.4.4 Намын гишүүн нь намаас гарах хүсэлтийнхээ хамт гишүүний үнэмлэхээ буцааж өгнө.

3.4.5. Хэрэв дээрх заалт 3.4.3-д заасан хугацаанд хэрэгжээгүй бол гишүүнээс чөлөөлөгдсөнд тооцно.


3.5.Гишүүнд олгох шагнал, урамшуулал.


3.5.1. Намын дарга нь гишүүнээ намын байгууллагын тодорхойлолтонд үндэслэн төр, засгийн шагналд тодорхойлох ба намын шагнал урамшуулал олгоно.

3.5.2. Шагнал, урамшууллын төрөл:


3.5.2.1. Төрийн шагнал, одон, медальд тодорхойлох;

3.5.2.2. Намын одон, медаль болон талархалын бичгээр шагнах;

3.5.2.3. Бусад төрлийн шагнал, урамшуулал;

3.6. Гишүүнд шийтгэл ногдуулах.


3.6.1. Гишүүн нь үүргээ биелүүлээгүй болон Үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл ба эс үйлдэлд журмын дагуу Хяналтын ерөнхий хороо /ХЕХ/ , дунд шатны намын байгууллагын хяналтын нэгжийн дүгнэлтийг үндэслэн шийтгэлийн аль нэгийг зохих шатны намын удирдлага ногдуулна.

3.6.1.1. Сануулах;

3.6.1.2. Намын сонгуульт албан тушаалаас огцруулах;

3.6.1.3. Улс mөрийн болон намын албан тушаалд 4 жил хүртэлх хугацаагаар нэр дэвшүүлэхгүй байх;

3.6.1.4. 3.3.3 дугаар заалтыг зөрчсөн эсвэл өөрийн нам дангаар болон хамтарч байгуулсан Засгийн Газар, сонгогдсон Засаг даргыг намын шийдвэрийг зөрчин огцруулсан нь тогтоогдвол намаас хасах;

3.6.2 Татвараа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд сонгуульт гишүүний бүрэн эрх дуусгавар болсонд тооцно.
4. Дөрөвдүгээр бүлэг. Бүтэц, удирдлага, зохион байгуулалт.
4.1. Намын удирдах байгууллага


4.1.1. Намын удирдах дээд байгууллага нь Ардчилсан Намын Их хурал мөн.

4.1.2. Их хурлын чөлөөт цагт ажиллах төлөөллийн төв байгууллага нь Үндэсний Зөвлөлдөх Хороо /ҮЗХ/ мөн.

4.1.3. ҮЗХ-ны чөлөөт цагт намыг шуурхай удирдлагаар хангах намын гүйцэтгэх удирдлагын төв байгууллага нь Гүйцэтгэх Зөвлөл / ГЗ/ мөн.

4.1.4. “Намын удирдлага” гэснийг Намын дарга, Ерөнхий Нарийн Бичгийн дарга /ЕНБДарга/, Нийслэлийн намын дарга гэж ойлгоно.

4.1.5. Намын Дарга нь намын Тэргүүн бөгөөд Намыг төлөөлнө.


4.2. Намын хяналтын байгууллага.


4.2.1. Намын хяналтын төв байгууллага нь Хяналтын ерөнхий хороо /ХЕХ/ мөн.

4.2.2. ХЕХ нь дараахь дэд хороодтой байна:

4.2.2.1. Үйл ажиллагааны хяналтын дэд хороо

4.2.2.2. Санхүүгийн хяналтын дэд хороо 4.2.2.3. Ёс зүйн хяналтын дэд хороо


4.3. Намын төв байгууллага.


4.3.1. Намын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах төв байгууллага нь Хэрэг Эрхлэх Газар /ХЭГ/ мөн. ХЭГ-ын үйл ажиллагааг ЕНБДарга удирдана.

4.3.2 Намын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх байнгын ажиллагаатай байгууллага Бодлогын зөвлөл /БЗ/ байна.

4.3.3 ХЭГ нь Намын Их хурал, ҮЗХ, Хяналтын ерөнхий хороо /ХЕХ/ ,УИХ дахь АН-ын гишүүдийн зөвлөл, ГЗ, БЗ, Намын удирдлагад үйлчилнэ.


4.4. Сонгуулийн байгууллага.


4.4.1. Төрийн болон намын бүх шатны сонгуульд оролцох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй Сонгуулийн хороо, Дотоод сонгуулийн хороо тус тус байна.

4.4.2. Сонгуулийн Хороодын ажиллах журам, бүрэлдэхүүнийг намын Даргын саналыг үндэслэн ҮЗХ батлана.


4.5. Санхүүжилтийн хороо


4.5.1. Намын санхүүжилтийг зохион байгуулах Санхүүжилтийн хороо байна. 4.5.2. Санхүүжилтийн Хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг намын Дарга санаачилж ҮЗХ батална.


4.6. Намын дэргэдэх ба дэмжигч байгууллага


4.6.1. Нам нь дэргэдээ залуучуудын /36 хүртэл насны гишүүд/, ахмадын /55-аас дээш насны гишүүд/, эмэгтэйчүүдийн байгууллагуудтай байна. Удирдлагаа гишүүдийн дундаас сонгоно.

4.6.2. Нам нь үйл ажиллагаагаа дэмжиж буй үүсгэл санаачлагын байгууллагуудтай хамтран ажиллана.

5. Тавдугаар бүлэг. Намын орон нутгийн байгууллага
5.1. Нийтлэг зарчим


5.1.1. АН-ын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлого, шийдвэрийг мөрдөх, бүх шатны орон нутгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, мөрийн хөтөлбөрийг батлах, түүнийг хэрэгжүүлэх үүрэг бүхий намын анхан ба дунд шатны байгууллага байна.

5.1.2. Намын орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг ҮЗХ- ноос баталсан журмаар зохицуулна.

5.1.3. Намын орон нутгийн байгууллагуудын даргыг тухайн шатны намын хурлаас сонгоно.

5.1.4. Нийслэл, дунд шатны намын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах байгууллагыг намын Хэрэг Эрхлэх Газар гэж нэрлэнэ.

5.1.5. Намын орон нутгийн байгууллагууд тэмдэг, албан хуудастай байна.


5.2. Нийслэлийн намын Зөвлөлдөх хороо


5.2.1. Нийслэлийн намын Зөвлөлдөх хороо нь 120 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд сонгуулийн зарчмаар байгуулагдана. Гишүүний суудлын тоог Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойргийн мандатын тоог үндэслэн Дүүргийн намын хороодод хуваарилна.

5.2.2. Нийслэлийн намын Зөвлөлдөх хорооны гишүүнийг Дүүргийн намын хорооны хурлаас нууц санал хураалтаар сонгоно.

5.2.3. Нийслэлийн нам нь Зөвлөлдөх хорооны хурлаас нууц санал хураалтаар сонгогдсон намын дарга, нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын дарга, 15 тэргүүлэгч гишүүнтэй байна.


5.3. Дунд шатны намын байгууллага.


5.3.1. Аймаг, дүүргийн намын хороо нь сонгуулийн зарчмаар байгуулагдах ба бүрэлдэхүүн нь тухайн шатны ИТХ-ын сонгуулийн тойргийн мандатын тооноос 3 дахин олон байна.

5.3.2. Намын хорооны гишүүнийг тухайн анхан шатны намын гишүүдийн хүрээнд ИТХ-ын төлөөлөгчийн мандатын тоогоор нууц санал хураалтаар сонгоно. Жил бүр нийт гишүүдийн 1/3 дээр эргэлтэнд хамрагдах (ротаци) сонгууль явагдана.

5.3.3. Намын хорооны хурлаас аймаг, дүүргийн намын дарга, дэд дарга, нарийн бичгийн даргыг сонгоно.

5.3.4. Намын Хорооны хурлаар тухайн шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг хэлэлцэж батална.

5.3.5. Намын хорооны хурлаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулан ҮЗХ-ны хуралд оруулна.

5.3.6. Дотоод сонгуулийн хорооноос тогтоосон мандатын дагуу ГЗ, ҮЗХ-ны гишүүн, Нийслэлийн намын Зөвлөлдөх хорооны гишүүдийг нууц санал ураалтаар тодруулна.

5.3.7. Дунд шатны намын удирдлага гэснийг тухайн шатны намын дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга бөгөөд ХЭГ-ын дарга, аймгийн төвийн сумын анхан шатны байгууллагын дарга гэж ойлгоно.

5.3.8. Аймаг, дүүргийн намын хороо нь намын удирдлага болон тухайн шатнаас сонгогдсон 15 гишүүдээс бүрдсэн Зөвлөлдөх Зөвлөлтэй байна. Шаардлагатай гэж үзвэл намын даргын саналаар зөвлөх эрхтэй гишүүдээр өргөтгөн хуралдуулж болно.

5.3.9. Засаг захиргааны хувьд бие даасан боловч УИХ-ын сонгуулиар бие даасан тойрог болдоггүй аймаг, дүүрэгт салбар хороо байгуулна. Салбар хороо нь дунд шатны намын хорооны статустай байх бөгөөд үйл ажиллагааг нь журмаар зохицуулна.


5.4. Анхан шатны намын байгууллага


5.4.1. Аймгийн сумдын намын хороо, дүүргийн хороодын намын үүр нь тухайн засаг захиргааны нэгжид харьяалалтай гишүүдийн хурлаас байгуулагдана.

5.4.2. Анхан шатны намын байгууллага нь саналын эрхтэй гишүүдийн хурлаар сонгогдсон дарга, зөвлөлтэй байна.

5.4.3. Анхан шатны намын байгууллага нь гишүүдийн хурлаа бүрэлдэхүүний 50-иас дээш хувиар, ирц хүрээгүй тохиолдолд хурлыг дахин зарлаж ирсэн ирцээр хуралдуулна.

5.4.4. Аймгийн төвийн болон хүн ам, үйлдвэрлэл төвлөрсөн сумын багуудад намын салбар нэгж байгуулж болно. Салбар нэгж нь анхан шатны намын статустай байх ба үйл ажиллагааг нь журмаар зохицуулна.

6. Зургаадугаар бүлэг. Намын доторх эрх мэдлийн хуваарилалт
6.1 . Намын бүх шатны байгууллага, гишүүд аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ цөөнхийн саналыг хүндэтгэлтэй сонсож, олонхийн шийдвэр гарган, нийтээрээ даган мөрдөх нэгдмэл зарчмыг баримтлана.

6.2 Намын бүх шатны хурал, ҮЗХ, ГЗ, Хяналтын ерөнхий хороо /ХЕХ/ нь Үндсэн Дүрмээр олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэр гаргахдаа дараахь заалтуудыг мөрдөнө.

6.2.1. Шийдвэрээ тогтоолын хэлбэрээр гаргана.

6.2.2. Хурлын батлагдсан шийдвэрт тамга дарж дараахь албан тушаалтан гарын үсэг зурна.

6.2.2.1. Бүх шатны намын байгууллагын хурлуудын хувьд хурлын дарга, түүний орлогч нар;

6.2.2.2. ХЕХ -ны хувьд хуралдаанд оролцсон бүх гишүүн;

6.2.3. Намын гишүүнтэй холбогдсон асуудлыг дүрмэнд өөрөөр заагаагүй бол нууц санал хураалтаар, бусдыг илээр эсвэл санал нэгдэх замаар шийдвэрлэнэ.

6.2.4. Намын бүх шатны хурал болон дотоод сонгуульд оролцогч гишүүн нь тогтоосон татварыг төлсөн нөхцөлд таслах эрхтэй байна.

6.2.5. Үндсэн Дүрмэнд өөрөөр заагаагүй бол шийдвэр нь хуралд таслах эрхтэй оролцогчдын тавиас дээш хувийн саналаар хүчин төгөлдөр болно.

6.2.6. Санал хураалтын ирц дараахь байдлаар бүрдэнэ.

6.2.6.1. Бүх шатны намын байгууллагын хурлуудын хувьд дүрмэнд өөрөөр заагаагүй бол бүрэлдэхүүний 50-иас дээш хувиар;

6.2.6.2. ХЕХ-ны хувьд Хуралдаанд түүний гишүүдийн 2/3-оос доошгүй нь хүрэлцэн ирснээр;

6.2.7. Хууль дээдлэх, Үндсэн Дүрмээ сахих, хөндлөнгөөс хянах бололцоог хялбарчлах үүднээс, илэрхий ойлгомжтойгоос бусад тохиолдолд тэдгээрийн нэн чухал холбогдох заалтуудаас шийдвэрт иш татна.

6.2.8. Нам тарах буюу өөр намтай нэгдэх тухай саналыг Их хуралд оруулах ҮЗХ-ны шийдвэр түүний бүх гишүүний 3/4-аас дээш саналаар гарна.

6.2.9. Намын байгууллагуудын хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дэгийг журмаар зохицуулна.

6.2.10. Намын бүх шатны байгууллагын даргын сонгуульд нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө өрсөлдүүлэх ба тухайн хуралдааныг даргалах буюу орлож болохгүй.

6.2.11. Сонгуульд ялагдсан бүх шатны намын удирдлагад итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудлыг тухайн шатны намын хурлаар хэлэлцэнэ.


6.3 Их хурал


6.3.1. Ээлжит Их хурал дөрвөн жилд нэг удаа хуралдана.

6.3.2. Ээлжит бус Их хурлыг ҮЗХ-ны нийт гишүүдийн 2/3-ын саналаар зарлан хуралдуулна.

6.3.3. Их хурал нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

6.3.3.1. Намын Үндсэн дүрэм, мөрийн хөтөлбөрийг батлах;

6.3.3.2. Намын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;

6.3.3.3. Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батлах;

6.3.3.4. ҮЗХ, ХЕХ-ны бүрэлдэхүүнийг сонгох;

6.3.3.5. Намыг өөрчлөн байгуулах болон өөр намтай нэгдэх тухай ҮЗХ-ны саналыг шийдвэрлэх;

6.3.3.6. Намын нэрийг өөрчлөх;

6.3.3.7. Намыг тараах буюу намын үйл ажиллагааг зогсоох;

6.3.3.8. Хууль тогтоомжоор хориглоогүй бусад асуудал;


6.4. Үндэсний зөвлөлдөх хороо


6.4.1. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний суудлын тоо 228 байна. Үүнээс 50-иас доошгүй суудал нь эмэгтэй гишүүдэд ногдоно.

6.4.2. ҮЗХ-ны суудал дээрх гишүүн хариуцлага тооцогдсоноос бусад тохиолдолд дахин сонгогдох эрхтэй.

6.4.3. ҮЗХ-ны гишүүний суудлын тоог УИХ-ын сонгуулийн тойргийн мандатын тоог үндэслэн Дотоод сонгуулийн хорооноос хуваарилна.

6.4.4. ҮЗХ жилд хоёроос доошгүй удаа хуралдана.

6.4.5. ҮЗХ-ны хурлын товыг уг хурал болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө Намын дарга эсвэл ГЗ зарлана. ҮЗХ-ны ээлжит бус хурлын товд дээрх хугацаа хамаарахгүй.

6.4.6. ҮЗХ-ны гишүүн чөлөөлөгдөхийг хүсвэл хүсэлтээ тухайн аймаг, дүүргийн хороонд албан журмаар гаргана.

6.4.7. Хүсэлтээ дээрх байдлаар гаргаснаар ҮЗХ-ны гишүүнээс чөлөөлөгдсөнд тооцно.

6.4.8. Хүсэлтийг хүлээн авсан намын байгууллага энэ талаар намын ЕНБДаргад 3 хоногийн дотор албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй

6.4.9. Үндэсний зөвлөлдөх хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

6.4.9.1. Намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

6.4.9.2. Намын бодлого, улс орны хөгжлийн болон нийгэм эдийн засгийн тодорхой асуудлыг сонсох, авч хэлэлцэх, зөвлөмж шийдвэр гаргах, ГЗ-д чиглэл өгөх.

6.4.9.3. Төрийн сонгуульд оролцох Намын мөрийн хөтөлбөрийг батлах.

6.4.9.4. Төрийн сонгуульд эвсэл байгуулж оролцох эсэхийг хэлэлцэж шийдвэр гаргах.

6.4.9.5. Ардчилсан Намаас бусад Улс төрийн намтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг батлах.

6.4.9.6. Хамтын ажиллагааны гэрээний үйлчлэл нь энэхүү дүрмээр зохицуулагдах харилцааг давж үйлчилж буй нь ХЕХ-гоор тогтоогдсон тохиолдолд уг гэрээг ҮЗХ-ны хуралдааны 2/3-ын саналаар шийдвэрлэх.

6.4.9.7. УИХ-ын Сонгуулийн үр дүнд эвслийн Засгийн газар байгуулах шаардлага гарвал энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах.

6.4.9.8. Намын Үзэл баримтлалыг дэмжиж, Үндсэн дүрмийг зөвшөөрч намд нэгдэх аливаа намын хүсэлтийг албан журмаар хүлээн авч хууль, Үндсэн дүрмийн дагуу шийдвэрлэх.


6.4.9.9 ҮЗХ-ны гишүүний нөхөн сонгуулийн дүнг батламжлах.


6.4.9.10. ГЗ-ийн бүрэлдэхүүнийг батламжлах, үйл ажиллагааны тайланг сонсож дүгнэлт өгөх.

6.4.9.11. ХЕХ-ны гишүүнийг нөхөн томилох.

6.4.9.12. ҮЗХ-ны нийт гишүүдийн 2/3-ын саналаар намын Үндсэн дүрмэнд нэмэлт, өөрчлөлт оруулах.

6.4.9.13. Намын санхүүгийн тайлан баланс, жилийн төсвийг батлах.

6.4.9.14. АН-ын хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эрхлэгчийг батлах.

6.4.9.15. УИХ-ийн сонгуульд нэр дэвшигчийг батлах.

6.4.9.16. Ерөнхийлөгчийн сонгуульд намаас нэр дэвшигчийг тодруулах.

6.4.9.17. Намаас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах.

6.4.9.18. Ээлжит болон ээлжит бус Их хурал хуралдуулах тов, хэлэлцэх асуудлыг тогтоох.

6.4.9.19. Намын Их хурал, ҮЗХ-ны хурлын дарга, тэргүүлэгчдийг томилох.

6.4.9.20. Зөвхөн Төрийн сонгуульд намын оролцсон үр дүнгээс шалтгаалж намын удирдлагад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх ба ҮЗХ-ны нийт гишүүдийн 2/3 нь итгэл үзүүлээгүй тохиолдолд ээлжит бус Их Хурал зарлана.

6.4.9.21. Намын Даргыг Үндсэн дүрмэнд зааснаар чөлөөлөх үндэслэл үүсвэл асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх.

6.4.9.22. ҮЗХ нь зарим бүрэн эрхээ ГЗ-д шилжүүлж болно.

6.4.10. ҮЗХ нь дараахь журмуудыг баталж мөрдүүлнэ.

6.4.10.1. Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, бусад улс төрийн албан тушаалд нэр дэвшигчийг тодруулах журам;

6.4.10.2. Намын бэлгэдэл, далбаа, албан бичгийн хуудас, тамга, тэмдэг, гишүүний үнэмлэхийн загвар, хэрэглэх журам;

6.4.10.3. Намын бүх шатны байгууллага, удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн журам;

6.4.10.4. Намын гишүүний хариуцлагын журам;

6.4.10.5. Намын байгууллагуудын хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дэгийн тухай журам;

6.4.10.6. Гишүүдийн татварын журам;

6.4.10.7. Гишүүдийн бүртгэл шилжилт хөдөлгөөний журам;

6.4.10.8. Намын гишүүний улс төрийн албан тушаалд дэвших, сонгох, сонгогдох журам;

6.4.10.9. Сонгуулийн хорооны журам;

6.4.10.10. Дотоод сонгуулийн хорооны журам.


6.4.10.11. Санхүүжилтын журам

6.4.10.12. Намын орон нутгийн байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг зохицуулах тусгай журам;

6.4.10.13. Намын олон нийт, гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулах журам;

6.4.10.14. ХЕХ-ны үйл ажиллагааны журам;

6.4.10.15. УИХ дахь намын гишүүдийн зөвлөлийн үйл ажиллагааны журам;


6.4.11.ҮЗХ-г шаардан хуралдуулах


6.4.11.1. ҮЗХ-г түүний гишүүдийн 1/3-ээс доошгүйн шаардлагаар намын Дарга эсвэл ГЗ шаардсан хугацаанаас 14 хоногоос хэтрүүлээхгүйгээр зарлан хуралдуулах үүрэгтэй.

6.4.11.2. Шаардлага нь Үндсэн дүрэмд нийцсэн хурлын тов, хэлэлцэх асуудал, хурлаас гарах шийдвэрийн төсөл тодорхой тусгагдсан байх бөгөөд ээлжит бус хурлыг шаардаж буй гишүүд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.


6.5 Хяналтын ерөнхий хороо


6.5.1. Хяналтын ерөнхий хороо /ХЕХ/-г намын Даргын санал болгосноор Их хурлаас томилох бөгөөд бүрэн эрхийн хугацаа 4 жил байна. намын Их хурлын чөлөөт цагт ХЕХ-ноос орон гарвал намын Даргын санал болгосноор ҮЗХ-ны хурлаас ҮД-ийн дагуу нөхөн томилно.

6.5.2. ХЕХ нь байнгын 9 гишүүнтэй байх бө ХЕХ-ны даргыг гишүүд нь өөсрдйин дундаас нэр дэвшүүлж нууц санал хураалтаар сонгоно. дарга сонгох хуралдааныг намын Дарга удирдана. ХЕХ-ны гишүүн нь намын бусад байгууллагын сонгуульт гишүүний үүргийг хавсаргахгүй.

6.5.3. ХЕХ-ны гишүүн нь хэнээс ч хараат бус байж, хуулийг дээлэн гагцхүү Үндсэн Дүрэмд захирагдана.

6.5.4. ХЕХ-ны гишүүн намын орон нутгийн байгууллаыгн хуралд ажиглагчаар оролцох, Үндсэн дүрмийн талаар зөвлөх эрхтэй.

6.5.5. ХЕХ нь намын Их хурал, ҮЗХ-ны хуралд зөвлөх эрхтэй оролцоно.

6.5.6. ХЕХ нь намын удирдлагатай зөвшилцөн дүгнэлт гаргах эрх бүхий дараах дэд хороодыг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй байгуулж болно.


6.5.6.1. Үйл ажиллагааны дэд хороо

6.5.6.2. Санхүүгийн хяналтын дэд хороо

6.5.6.3. Ёс зүйн хяналтын дэд хороо

6.5.7. ХЕХ нь үйл ажиллагааныхаа журмыг Үндсэн Дүрэмд нийцүүлэн боловсруулж ҮЗХ-оор батлуулна.


6.5.8. ХЕХ-ны бүрэн эрх


6.5.8.1. ҮД зөрчсөн талаар намын гишүүнээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;

6.5.8.2. ҮД зөрчигдсөн талаар намын удирдлагаас гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх;

6.5.8.3. Намын сонгуульт болон улс төрийн, төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон намын гишүүн ёс зүйн журмыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргах;

6.5.8.4. Их хурлаас бусад намын бүх шатны удирдах байгууллагын шийдвэр нь ҮД зөрчсөн талаар албан журмаар үүсгэсэн маргааныг хянан шийдвэрлэх;

6.5.8.5. Бүх шатны намын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, санхүүгийн үйл ажиллагаа, батлагдсан төсвийн зарцуулалтад хяналт тавих, хөндлөнгийн шалгалт оруулах;

6.5.8.6. Намын үйл ажиллагааны тайлан, баримт бичигтэй танилцаж, дүгнэлт гаргах;

6.5.8.7. Цаг хугацааны болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ҮЗХ-ны зарим эрх ГЗ-д шилжих нөхцөл үүссэнийг тогтоох;

6.5.8.8. Анхан дунд шатны хяналтын байгууллагаас давсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;

6.5.9. ХЕХ-ны шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болох бөгөөд Үндсэн Дүрмийг зөрчсөн бусдын шийдвэр, үйлдэл буюу эс үйлдлийг давж үйлчлэнэ.

6.5.10. ХЕХ маргааныг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр, хөндлөнгийн байр сууринаас шударга ёсыг эрхэмлэн шийдвэрлэж Үндсэн Дүрмийг сахиулна.

6.5.11. ХЕХ маргааныг шийдвэрлэх хуралдаанд мэтгэлцэх ёстой хоёр талын нэг нь төлөөлөгчөө хүндтэй бус шалтгаанаар ирүүлээгүй гэж үзвэл төлөөлөгчөө ирүүлсэн талын оролцоотойгоор шийдвэрлэх, хоёулаа ийнхүү ирүүлээгүй бол маргааныг хэрэгсэхгүй болгох эрхтэй.

6.5.12. Үндсэн дүрэмтэй холбоотой аливаа тайлбарыг зөвхөн ХЕХ-ноос гаргана.


6.6. Гүйцэтгэх зөвлөл


6.6.1. ГЗ-ийн гишүүнийг Улсын Их Хурлын томосгосон тойрог бүрт нэг төлөөлөл байхаар тухайн тойргийн ҮЗХ-ны гишүүдийн дундаас Аймаг, Дүүргийн намын хорооны хурал нь нууц санал хураалтаар нэг жилийн бүрэн эрхтэйгээр сонгоно. ГЗ-д намын удирдлага багтана.

6.6.2. Шаардлагатай гэж үзвэл намын Даргын санаачлагаар ГЗ-ийг зөвлөх эрхтэй гишүүдээр өргөтгөн хуралдуулж болно.

6.6.3. Намын ЕНБ-ийн дарга ГЗ-ийн хурлыг даргалах бөгөөд хурлаар хэлэлцэх асуудлыг намын Даргатай урьдчилан зөвшилцөж товлох бөгөөд хурлын журамд өөрөөр заагаагүй бол 24 цагаас доошгүй хугацааны өмнө зарлана.

6.6.4. ГЗ-ийн хурлаар хэлэлцэж буй асуудлаар санал тэнцсэн тохиолдолд хурлын даргын саналаар шийдвэрлэнэ.

6.6.5. Намын Даргын хоригийг ГЗ нь 7 хоногийн дотор авч хэлэлцэх бөгөөд уг хоригийг хэлэлцсэн хуралд оролцсон гишүүдийн 1/3-ийн дэмжлэг аваагүй тохиолдолд хүчингүй болно.

6.6.6 ГЗ нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

6.6.6.1. Намын бодлого үйл ажиллагаатай холбогдсон улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын бүхий л асуудлыг авч хэлэлцэн санал дүгнэлт, шийдвэр гаргах;

6.6.6.2. Төрийн бодлого болон цаг үеийн тулгамдсан асуудлаар хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа гишүүдэд үүрэг өгөх;

6.6.6.3. Намын хүний нөөцийн хөгжил болон боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх;

6.6.6.4. Олон нийт, гишүүдийн дунд тодорхой асуудлаар хэлэлцүүлэг явуулах ажлыг зохион байгуулах;

6.6.6.5. Намын гадаад харилцааны асуудлыг эрхлэн, гадаад орны улс төрийн намтай харилцаа тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх;

6.6.6.6. Намын бүх шатны байгууллага, намын дэргэдэх болон дэмжигч байгууллагуудын ажлын уялдааг хангаж, эрчимжүүлэх зорилгоор үүсгэл, санаачилгыг дэмжих, бодлого өрсөлдүүлэх, төсөл санхүүжүүлэх;

6.6.6.7. ҮЗХ-ноос эрх шилжсэн асуудлаар шийдвэр гаргах;

6.6.6.8. Бүх шатны нөхөн сонгууль болон ээлжит сонгуульд Намаас дахин нэр дэвшигчийг тодруулах асуудал цаг хугацааны буюу бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар боломжгүй болсон гэж ХЕХ тогтоосон бол энэхүү эрх ГЗ-д шилжсэн гэж үзэх;

6.6.6.9. ХЭГ-н бүтэц, зохион байгуулалтыг батлах;


6.7. Бодлогын зөвлөл


6.7.1. Бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг журмаар зохицуулна.

6.7.2. Бодлогын зөвлөл нь дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

6.7.2.1. ҮЗХ-ээр болон ГЗ-өөр хэлэлцэх бодлогын шинжтэй асуудлуудыг боловсруулах, төсөл бэлдэх;

6.7.2.2. Намын гишүүд байгууллагуудад хандан санал, зөвлөмж бэлтгэх, бодлогын асуудлаар хэлэлцүүлэг явуулах;

6.7.2.3. Намын удирдлага болон гүйцэтгэх байгууллагаас судалгааны захиалга авч хэрэгжүүлэх; 6.7.2.4. Бодлогын бүлгэмүүдийн үйл ажиллагааг уялдуулах, дэмжлэг үзүүлэх;

6.8. Намын удирдлага

6.8.1. Намын Даргыг их хурлаас сонгох бөгөөд бүрэн эрхийн хугацаа 4 жил байна. Нэг удаа улиран сонгогдох эрхтэй. Намын Дарга эрх мэдлийнхээ хүрээнд тушаал, шийдвэр гаргана.


6.8.2. Намын Даргын эрх мэдэл


6.8.2.1. Намын Дарга намын амьдралын бүхий л асуудлаар намыг төлөөлөх.

6.8.2.2. Намын Дарга ҮЗХ-ны хэлэлцэх асуудал, товыг зарлан хуралдуулах.

6.8.2.3. Намын Дарга ЕНБДаргыг томилуулах саналыг ҮЗХ-ны хуралд оруулах.

6.8.2.4. Намын үзэл баримтлал, Эрхэм зорилго, Мөрийн хөтөлбөр, Их хурал, ҮЗХ-ны хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон чиглэлийг намын байгууллага, гишүүдэд өгөх.

6.8.2.5. ГЗ-ийн шийдвэрт ажлын 3 хоногт багтаан хориг тавих.

6.8.2.6. Намын Дарга нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг ГЗ-тэй зөвшилцөн ҮЗХ-ны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх.

6.8.2.7. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх саналыг дунд шатны намын хороогоор хэлэлцүүлж болно.

6.8.2.8. Намын Дарга нь доод шатны даргыг сонгуульт үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзсэн тохиолдолд тодорхой үндэслэл гарган, тухайн намын хорооны хурлыг зарлан хуралдуулж асуудлыг хэлэлцүүлэх.

6.8.2.9. Бодлогын зөвлөлийн журмыг баталж, бүрэлдэхүүнийг томилох.

6.8.3. Намын Даргыг дараах үндэслэлээр ҮЗХ хурлаар чөлөөлж, намын Даргын сонгуулийг журмын дагуу явуулна.

6.8.3.1. Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

6.8.3.2. Намын Даргын хавсарч үл болох албан тушаалд сонгогдсон, томилогдсон;

6.8.3.3. Эрүүл мэндийн шалтгаан;

6.8.4. Ерөнхий нарийн бичгийн дарга

6.8.4.1. ЕНБДарга нь намын ерөнхий менежерийн үүргийг гүйцэтгэж, аль нэг байгууллагад ажил, албан тушаал эрхлэхгүй.

6.8.4.2. ЕНБДарга нь намын нарийн бичгийн дарга нарыг намын Даргатай зөвшилцөн омилно.

6.8.4.3. Батлагдсан бүтэц, зохион байгуулалтын дагуу боловсон хүчинг томилж, чөлөөлнө.

6.8.4.4. ЕНБДарга чөлөөлөгдөх хүсэлтээ намын Даргад тавина. Энэ тухай хүсэлтийг хүлээн авч ГЗ-ийн зөвшөөрснөөр үүрэг гүйцэтгэгч томилно.

7. Долоодугаар бүлэг. УИХ дахь намын гишүүдийн зөвлөл
7.1. Зөвлөл нь УИХ-ын сонгуулиар АН-аас нэр дэвшиж сонгогдсон болон элсэх хүсэлтээ албан журмаар гаргасан УИХ-ын гишүүдээс бүрэлдэнэ. Үйл ажиллагааны журмыг ҮЗХ-ноос тогтооно.

7.2. Зөвлөл нь дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.

7.2.1. Үйл ажиллагааныхаа талаар АН-ын удирдлага, ҮЗХ, ГЗ-д мэдээлэх, шийдвэрийн төсөл оруулах;

7.2.2. Намын боловсон хүчний бодлогын хүрээнд УИХ-аар батлагдсан, томилогдсон улс төрийн албан тушаалтны ажлыг дэмжих, хяналт тавих;

7.2.3. УИХ-аас гаргах хууль, тогтоол, бусад шийдвэрт намын бодлого болон шийдвэрийг тусгах, тэдгээртэй холбогдсон асуудлаар намын нэгдсэн байр суурийг илэрхийлэх;

7.2.4. АН-ын удирдах байгууллагаас хандаж гаргасан шийдвэр, бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх; 7.2.5 Зөвлөлийн гишүүн нь намын өмнө дүрмээр хүлээсэн үүргээ хариуцах бөгөөд намын бодлого шийдвэрийг зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байх.

8. Наймдугаар бүлэг. Намын татвар, санхүү, өмч
8.1. Гишүүний татвар, хандив, санхүүжилт


8.1.1. Татварын хэмжээг журмаар тогтооно. Тогтоосон хэмжээний татвар, дэнчингээс илүү хөрөнгө, эд зүйлс, мөнгийг аливаа шатны сонгуульд нэр дэвшигч болон сонгуульт гишүүнээс шаардахыг хориглоно.

8.1.2. Дор дурдсан этгээд дараахь хуралдаанд оролцохдоо томилолтын зардлаа өөрөө хариуцна.

8.1.2.1. ҮЗХ буюу ХЕХ-ны гишүүн Их хурлын болон ҮЗХ-ны хуралдаанд;

8.1.2.2. Их хурлын төлөөлөгч, өөрөөр шийдвэрлээгүй бол Их хурлын хуралдаанд;

8.1.3. Бүх шатны намын сонгуульт гишүүн татвараа тухайн жилийн 3-р сарын 1-нээс өмнө бүрэн төлсөн байна.

8.1.4. Гишүүний татвараас илүү өгсөн эд зүйлийн болон мөнгөн хөрөнгийг хандивт тооцно.

8.1.5. Талархан дэмжигч иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив.

8.1.6. Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг.

8.1.7. Намын хэвлэл мэдээлэл сурталчилгааны орлого.

8.1.8. Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлого.

8.1.9. Хуулиар хориглоогүй бусад орлого.


8.2. Санхүүгийн үйл ажиллагаа


8.2.1. Намын санхүүжилтийг зохион байгуулах асуудал намын Даргын чиг үүрэгт хамаарна. Намын Дарга намын санхүү, төсвийг захиран зарцуулахгүй.

8.2.2. Бүх шатны намын байгууллага нь тогтсон хугацаанд санхүүгийн тайлангаа ирүүлнэ.

8.3. Намын өмч, хөрөнгө, архив

8.3.1. Намын бүх шатны байгууллагын өмчлөлд байгаа эд хөрөнгө намын өмч мөн.

8.3.2. Намын өмчлөлд байгаа эд хөрөнгийг ХЭГ-аас жил бүр тооллогод хамруулж дүнг Санхүүгийн хяналтын дэд хороонд тайлагнана.

8.3.3. Дараах оюуны өмчлөлийн зүйлс намын өмчлөлд байна.

8.3.3.1. “Ардчилсан Нам” /АН/ гэсэн нэр;

8.3.3.2. Далбаа, бэлгэдэл, тамга;

8.3.3.3. Ардчиллын төлөө нэгдэж Ардчилсан намыг үүсгэн байгуулсан Монголын Үндэсний Ардчилсан нам /МҮАН/, Монголын Социал-Демократ нам /МСДН/, Mонголын Шашинтны Ардчилсан нам /МШАН/, Монголын Ардчилсан Сэргэн Мандлын нам /МАСМН/, Монголын Ардчилсан нам /МоАН/ гэсэн намуудын нэрс;

8.3.3.4. Нэгдсэн намуудаас шилжсэн эрхийн дагуу сонгуулийн хуулинд заасан сонгогчийн саналын хуудсанд аль болох дээгүүр бичигдэх эрх;

8.3.3.5. Олон улсын байгууллагад гишүүний эрхтэй бөгөөд энэхүү эрхийг уг байгууллага, нам хоёрын аль нэг нь албан ёсоор үгүйсгээгүй бол уг эрх;

8.3.3.6. Намын архив;

8.3.4. Намын эд хөрөнгийг бүх шатны намын байгууллагууд эрх мэдлийнхээ хүрээнд зориулалтын дагуу эзэмшиж, ашиглана.

9. Есдүгээр бүлэг. Бусад заалтууд
9.1. Намын дүрмийн нэмэлт өөрчлөлт


9.1.1. Тухайн зүйл заалтад нэмэлт, хасалт, найруулга оруулбал дугаарын дээд өнцөгт эрэмбэлсэн тэмдэглэгээ хийж, өөрчлөлт оруулсан хуралдааны дугаар, огноог хашилтанд тэмдэглэнэ.

9.1.2. Шинэ зүйл заалт нэмэгдэх тохиолдолд тухайн бүлэг зүйл заалтын дарааллын дагуу дугаар өгнө.

9.2. Намын баярын өдөр, шагналууд


9.2.1. Намын анхдугаар хурал хуралдсан 4-р сарын 7-ны өдрийг намын баярын өдөр болгон жил бүр тэмдэглэх бөгөөд 1990 оноос эхлэн тоолно.

9.2.2. Намын дээд шагнал нь Чингисийн одон байна.

9.3. Нам өөрийн мэдээлэл, сурталчилгааны хэрэгсэлтэй байж болно.

9.4. Намын үйл ажиллагаанд шаардагдах бусад үйлдэл, эс үйлдэл энэ дүрэмд нийцсэн байна.

9.5. Энэхүү дүрэм батлагдмагц хүчин төгөлдөр болно.