Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын даргыг батламжлав
    2018 оны 04 сарын 03 нд
    46322ba64d1f4ffa01fdf24a99a3ccb1.jpeg

    Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хорооны ээлжит XXXVIII хуралдаан энэ сарын 2-ны өдөр болж өндөрлөлөө. Уг хуралдаанаар 2018 оны Дотоод сонгууль буюу Ротацийн сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан Үндэсний бодлогын хорооны гишүүдээ танилцуулсан юм. Мөн Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хорооны даргад өрсөлдөж, бүх гишүүдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон Д.Батжавхланг батламжлах үйл ажиллагаа боллоо. 
    Тус хуралдаанд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Намын байгуулалтын газрын дарга Ц.Уртнасан, Аймаг орон нутгийн намын байгууллагуудын хэлтсийн дарга Б.Батцэцэг болон албаны бусад хүмүүс оролцож, Сэлэнгэ аймгийн намын хорооны гишүүдийнхээ санал бодлыг сонсч, харилцан яриа өрнүүлсэн юм. Энэ үеэр гишүүд гишүүнчлэлийн татвар, бүртгэл, Ротацийн сонгууль, орон нутагт тулгамдаад буй асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авав. Тухайлбал, олон жил завсарлаад байсан Ротацийн сонгууль эргэн ирснээр намын хорооны гишүүд, тэргүүлэгчид, Үндэсний бодлогын хорооны гишүүд зэрэг намын удирдлагын бүтцэд хамаарах сонгуульт албан тушаалтнуудын оролцоог онооны системээр дүгнэдэг болсныг онцолж, өмнө нь хэн нэгэн даргын үзэмжээр шийддэг байсан асуудлыг нийт гишүүдийнхээ оролцоотойгоор үнэлж, шийдвэрлэдэг энэ тогтолцоогоо улам төгөлдөржүүлэхийг хүслээ. Түүнчлэн намын эв нэгдэл, дотроос нь хагалан бутаргах гэсэн аливаа оролдлогын эсрэг тууштай зогсохыг Ардчилсан намын дарга С.Эрдэнээс хүсч байв. 


    Учир нь, Сэлэнгэ аймгийн Ардчилсан нам нь орон нутгийн сонгуульд ялалт байгуулаагүй олон жил болж байгаа. Шалтгаан нь дотоод эв нэгдэл сул, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс намын хорооны удирдлагын түвшинд он удаан жил ажилласан, гишүүдийнхээ үгийг сонсдоггүй байсантай холбоотой гэв. Тиймээс Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдоод буй Д.Батжавхланг намынхаа удирдлагууд, нийт гишүүдтэйгээ харилцан уялдаатай ажиллаж сэлэнгэчүүдийн олон жил хүлээж буй ялалт, амжилтын буухиаг авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 
    Энэ талаар Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дарга Д.Батжавхлан хэлэхдээ “Бид олон жил талцал хуваагдал дунд явсан. Энэ нь бидний хүчийг сулруулдаг байв. Одоо бид нэгдсэн нэг ойлголтод хүрч, үл ойлголцлыг ардаа үлдээж чадлаа. Цаашдаа энэ эрчээ алдахгүй эвийн хүчээр зүтгэх ёстой. Тэгж байж бид хүсэн хүлээсэн амжилтаа гаргана. Үүний төлөө би хичээж, зүтгэж ажиллах болно” гэсэн юм. 
    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ аймгийн намын даргаар сонгогдсон Д.Батжавхланд амжилт хүсэхийн зэрэгцээ Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын нийт гишүүддээ хандаж, “Бид олон сорилтыг туулж, давж тэмцсээр өнөөдрийг хүрсэн. Бидэнд алдаа, оноо аль аль нь бий. Тиймээс алдаан дээрээ суралцаж, оноо бүхнээ цааш нь хөгжүүлэх ёстой. Ардчилсан намын түүхийнхээ нэн шинэ цаг үеийг туулж, шинэчлэгдэж хөгжиж байна. Бид энэ эрчээ алдахгүй байх нь чухал. Бид өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монголын улс төрд дэвшил болохуйц олон сайн жишгийг тогтоож чадсан. Монгол орон даяар Дотоод сонгуулиа зохион байгуулж, 17700 сонгуульт албан тушаалтнаа нэгэн зэрэг сонгосон.180 мянган хүн оролцсон нүсэр сонгуулийг маш богино хугацаанд, хамгийн бага зардлаар зохион байгуулж чадсан. Үүнд намын гишүүд та бүхний оролцоо өндөр байсныг энд дурдах ёстой.
     Өнөөдөр бид Ротацийн сонгуулиа 19 аймаг, есөн дүүрэгт амжилттай зохион байгуулж чадлаа. Хоёр аймагт малын шүлхий өвчин гарсан тул санал хураалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа. Сайны хажуугаар саар зүйл ч гарч байгааг үгүйсгэхгүй. Гэвч том зургаар нь харах юм бол бид амжилттай ажиллаж байна. 2020 онд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохионо. Бид ойгоо ялалт, амжилтаар угтахын төлөө өнөөдрөөс дор бүрнээ хичээж ажиллах ёстой” гэлээ. 
    Ийнхүү Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хорооны хурал амжилттай болж өндөрлөлөө.