С.ЭРДЭНЭ: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 51 ХУВИЙГ ДАГАСАН ЛУЙВАР СҮҮЛИЙН 30-ААД ЖИЛ ЯВСАН
    2018 оны 04 сарын 09 нд
    7dedd36e7cf94cfd8f8f724f11e967f0.jpg

    УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

    -“Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Одоо хэр нь үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд хөвөрсөөр байна?

    -Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Жаст” группын Ш.Батхүүгийн захидал гарсан байна. Хэрэгт холбогдсон хүчний тайлбар үндэслэлүүдээ яаж гаргах нь тухайн хүний асуудал. Харин “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж хууль бус үйлдлүүд хийгээгүй, гараагүй бол ийм асуудал үүсэхгүй. Нэгэнт үүсчихсэн асуудалд өөрийгөө зөвтгөх гээд, яаж ч тайлбар хийгээд нэмэргүй шүү дээ. “Эрдэнэт” үйлдвэр давж заалдах боломжоо алдсан гэдэг нь чухал биш. Хамгийн чухал нь анхнаасаа яагаад хууль бус зүйлийг эхлүүлсэн юм. Ямар эрх мэдэлтэй, албан тушаалтан үүнийг эхлэх суурийг тавьсан юм бэ гэдэг нь чухал. Ш.Батхүү өөрт байгаа нотлох баримтаа олон түмэнд дэлгэх хэрэгтэй. “Эрдэнэт” үйлд-вэрийн 51 хувийг заавал шалгах ёстой. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг дагасан луйвар, булхай сүүлийн 30-аад жил явсан. Үүнийг УИХ-аас онцгой ажлын хэсэг гаргаад шалгах ёстой юм.

    -Ш.Батхүүг та хэсэг бүлэг хү¬мүүсийг хамгаалж байна гэж үзэж байна уу. Одоо хэр нь баримтаа дэлгэхгүй, цээжээрээ хамгаалаад байгаа шалтгаан нь юу юм бол?

    -Тийм ээ. Ш.Батхүү бол хувийн аж ахуйн нэгжийн захирал. Гэтэл хувийн аж ахуйн нэгжийн захирал хүн төрийн өмчийн том компаниудыг барьцаалаад, гадаадын томоохон банктай удаа дараа зээлийн гэрээ хэлцэл хийх ямар ч боломжгүй. Тэгэхээр ард нь маш хүчтэй бүлэг хүмүүс байна. Тэдний зохион байгуулалттайгаар хийсэн үйлдэл гэж харж байгаа. Ш.Батхүү дангаараа хийчих зүйл биш.

    -“Монголын зэс” корпораци “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад урамшуулал өгсөн тухай баримт олон нийтэд дэлгэгдсэн?

    -Уул уурхайн аль ч компани ажилчид албан хаагчиддаа урамшуулал олгодог. Үнэхээр ашигтай ажиллаад тодорхой хувийг урамшуулал болгон өгсөн эсэхийг тогтоох хэрэгтэй. Хэрвээ хуулиас гадуур өөр зорилгоор өгсөн бол шалгах ёстой.

    -Арбитрын шүүхийн шийдвэр эцэслэн гарсан. Монгол Улс давж заалдах ямар ч боломжгүй гээд байгаа. Давж заалдлаа гэхэд Монгол Улсад ашиг бий юу?

    -Арбитрын шүүхийн шийдвэр бол эцсийнх байдаг. Арбитрын шүүхийн шийдвэр ил тод тавигдаад явсан. Манай улс Арбитрын шүүхтэй зар¬галдаад, маргалдаад явах ямар ч боломжгүй. Учир нь хяналтын бүх шатны шийдвэр гарчихсан. Тэгэхээр “Стандарт” банктай ч юм уу нэхэмжлэгч байгууллагатай нь зөв бодлого барьж, хугацаа сунгах замаар асуудлыг шийдэх нь зөв. Арбитрын шүүхээс хүү торгууль тооцоод байгаа асуудлыг яаралтай зогсоох талаар Засгийн газар алхам хийх ёстой. Үүний дараа дараагийн алхмыг хийх хэрэгтэй. Түүнчлэн “Стандарт” банкинд байгаа өрийг банктай нь цуг Хятадын банк худалдаад авчихсан гэсэн шуугиан нэг хэсэг гарсан. Тэгэхээр Хятадын тал авсан дээр үү эсвэл Монголын аль нэг банк худалдаж авах нь ашигтай юу гэдгийг бодох л хувилбар. Мөн “Голомт” юм уу “Худалдаа хөгжлийн банк”-ны аль нэг нь худалдаад авчихад буруу зүйл гэж харахгүй байна.

    -УИХ-ыг тараах ёстой, намуудыг татан буулгах хэрэгтэй гэх уриалга гадуур их байна. Та үүнтэй санал нийлэх үү?

    -Шүүмжлэл бол байдаг. Улс төрийн намыг татан буулга, УИХ-ыг тараах ёстой гэсэн шүүмжлэлүүд байдаг. Гэхдээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж нэг зүйл бий. Төргүй болчихлоор яах юм бэ. Эзэнгүй төрийг хэн удирдах юм бэ. Шаардлага тавьсан хэсэг бүлэг хүмүүс нь гарч ирээд удирдах юм уу. Энэ асуудлуудыг бодох хэрэгтэй. Монголын төрийг эзэнгүйдүүлэх гэсэн, нийгмийг эмх замбараагүй байдалд хүргэх гэсэн гадна дотны хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр шүүмжлэлийг бодитой, үндэслэлтэй тавих ёстой. УИХ-д алдаа байна уу байна. Харин яаж засах боломж байна вэ гэдгийг хэлэх хэрэгтэй юм. Заавал тараах хэмжээнд хүртлээ дам¬пуурчихсан юм уу. Хэрвээ ин¬гэж үзэж байгаа бол УИХ-ыг тараах бус дахин сонгууль явуулах замаар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Аль болох боломжтой хувилбаруудыг тавих ёстой гэсэн үг.

    -АН-аас УИХ-ын гишүүн Д.Муратыг эргүүлэн татах асуудал ярьсан гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

    -Үгүй ээ. УИХ-ын гишүүн Д.Муратын хувьд эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн эсэх нь хуулиар тогтоогдоогүй. Хүчирхийлэл хүчингийн хэрэг ч үйлдээгүй. Үүссэн асуудал нь хүмүүс дундах хоорондын маргаан төдий.
     

    ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН