Л.БОЛД: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ НЭРИЙН ДОР МАФИЙН ЗАСАГЛАЛ ТОГТООХ ГЭЖ БАЙНА, ХУВЬСГАЛ ГАРНА ШҮҮ
    2018 оны 04 сарын 11 нд
    ac68c6751547a215b3d543ba43973d08.jpeg

    УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

    -Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт та орсон. Хуулийн төслийг боловсруулж дууссан уу. Яг ямар заалтуудад өөрчлөлт оруулж байгаа вэ?

    -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж дуусаад гишүүдэд танилцуулсан. Хэрвээ энэ өөрчлөлтийг хийвэл Монголын ардчилалд  аймшгийн ухралт болно. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлт Монгол Улсад ардчиллыг үгүй хийх өөрчлөлт болсон. Ард түмнийг социализмын үед ямар байсан яг тэр байдалд эргэн аваачих гэж байна. Ард түмнийг барьцаалсан, хэний ч дохио зангаагаар хөдөлдөг, ямар ч эрх мэдэлгүй амьгүй бөөн хүн болгох өөрчлөлт оруулсан байна. Нэг үгээр хэлбэл, засгийн  бүх эрх мэдлийг ард түмнээс булааж авсан Үндсэн хуулийн өөрчлөлт яригдаж байгаа учраас би энэ өөрчлөлтийг эсэргүүцэж байна.

    -Тухайлбал ямар өөрчлөлтүүд оруулж байгаа вэ?

    -Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн ард түмнээ төлөөлж хууль санаачлах эрх, Засгийн газарт хяналт тавих гэх мэт гол эрхүүдийг нь хумьсан. Мөн УИХ-ын гишүүдийг ард түмнээс биш, намын жагсаалтаар сонгодог болгох, аймаг, хороо, багийн Засга дарга нарыг дээрээс томилох, харин  сумын Засаг даргыг ард түмнээс сонгоно. Тухайн суманд байгаа хамгийн олон ажилтантай компани, хамгийн олон төрөл садантай бүлэглэл эзэлнэ шүү дээ. Ер нь ардчиллын бүх суурь зарчим бүрэн сүйрэх өөрчлөлт яригдаж байгаа учраас маш их түгшүүртэй байна.

    -МАН-ын бүлгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн байр суурьтай байгаа. Таны хэлээд байгаа зүйлүүдийг хэлэлцүүлгийн явцад засаад явах боломжгүй юү. Хэрвээ МАН-ын бүлэг хүч түрээд эдгээр өөрчлөлтүүдийг хийвэл яах вэ?

    -Монгол Улсын 1990 оны ардчилсан хувьсгалыг буцааж байна л гэсэн үг. Монгол Улсад ардчилал байхгүй болж байна, мафийн засаглал тогтох гэж байна, тэгэхээр хувьсгал гарч магадгүй л гэсэн үг. Хэрвээ үнэмлэхгүй олонхийг бүрдүүлж байгаа МАН хүч түрж Үндсэн хуульд дээрх өөрчлөлтүүдийг хийвэл нийгмийн тогтворгүй байдал руу явна.

    -Засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэж ярьж байгаа. Хуулийн төсөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг хэрхэн тусгасан бэ?

    -Ерөнхийлөгчийн эрх мэдлийг үгүй хийхээр Ерөнхий сайд томорчихно гэж бодоод байна. Ерөнхий сайд нь намын дарга, намын дарга нь парламентын гишүүдээ жагсаалтаар сонгоно. Өөрөөр хэлбэл, намын дарга маш их эрх мэдэлтэй болно. Дахиж Монгол Улсад ардчилсан, шууд сонгууль явахгүй гэсэн үг. Ардчилал бүр мөсөн устаж, ард түмэн ямар ч эрх мэдэлгүй болно. Жинхэнэ дарангуйлал руу явна.

    -Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт та өөрөө ажилласан шүү дээ. Ажлын хэсэг дээр таны саналыг сонсоогүй гэсэн үг үү?

    -Ажлын хэсгээс албаны хэрэгцээнд нууцын зэрэглэлтэй хуулийн төсөл өгсөн. Үүнийгээ олон нийтэд үзүүлэхгүй нуугаад байгаа юм. Цаг хугацааны хувьд хэзээ хэрхэн батлах  аргаа л хайгаад байх шиг байна. АН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлт гол зорилгодоо хүрэхгүй байгаа учраас дэмжихгүй  гэдэг байр сууриа илэрхийлсэн.

    -“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэд хэдэн баривчилгаа боллоо. Та энэ гэрээг батлахад парламентын гишүүн байсан. Энэ гэрээнд ямар нэгэн авлига, хээл хахуулийн хэрэг оролцсон байх боломж бий юү?

    -Бүх намын оролцоотой хамтарсан Засгийн газрын үед энэ гэрээг хийсэн. Тэр тусмаа гол хариуцсан албан тушаалтнуудаар МАН, АН-ын гишүүд ажиллаж байсан шүү дээ. Гэхдээ АН-ын угшилтай хүмүүсийг л барьж хорьж байна. Нөгөө талаар оргон зайлах шалтгаангүй бол заавал хүнийг барьж хорих хэрэг байна уу, үгүй юү. Үнэхээр тийм шалтгаан байгаа бол түүнийгээ батлах хэрэгтэй. Зөвхөн намынх нь угшлаар ялгаварлаж байгаа нь улаан цайм харагдаж байна. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй.

    -Өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой Халдашгүй байдлын дэд хорооны хурлын тайланг сонссон. Гишүүд энэ хэрэг хуулийн мухардалд ороод байна гэсэн тайлбар өгч байна. Яг ямар хуулийн мухардалд ороод байгааг тайлбарлаж өгөөч?

    -Хуулийн мухардал гэж байхгүй, Цэц маш ойлгомжтой шийдвэр гаргасан. Цэцийн гаргасан шийдвэрийн дагуу УИХ хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. УИХ-ын ажлаа хариуцсан хүмүүс тухайн үед нь энэ хуулийн өөрчлөлтөө хийгээгүй, одоо энэ ажилдаа орж байгаа юм билээ. Уг нь Цэцийн шийдвэр гараад л маргааш нь хуульдаа өөрчлөлт оруулаад явчихдаг. Анх удаа л ийм хариуцлагагүй зүйл харж байна. Нөгөө талаар Д.Гантулга гишүүний хэрэг гээд байгаа. Гэхдээ шүүх эцэслэн шийдвэр гаргаагүй, мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа хэрэгт хэн нэгэн хүнийг гэм буруутан гэж үзэж болохгүй. Сэжиглэгдэж байгаа, шалгагдаж байгаа л асуудал. Харин хэргийн мөрдөн байцаалтын явц дунд, мөрдөн байцаалтад саад учруулж байна, дуудахад ирэхгүй байна гэж прокурор үзэж байна. Энэ нь  тусдаа хэрэг шүү дээ. Энэ хэргээ шийдэж байж, дараа нь нөгөө асуудлаараа УИХ-д үндэслэлээ тайлбарлах хэрэгтэй. Монгол Улсын иргэн хэрэг мөрдөн байцаах явцад саад учруулбал тэр нь гэмт хэрэг болно.

    -Д.Гантулга гишүүн өөрөө гишүүнээсээ түдгэлзэх өргөдлөө өгсөн. Гэхдээ хуульд УИХ-ын гишүүн өөрөө бүрэн эрхээсээ түдгэлздэггүй, гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж болно гэж заасан байна. Тэгэхээр бүрэн эрхээсээ түр түдгэлзээд хэргээ шалгуулаад, гэм буруугүй нь тогтоогдвол буцаад УИХ-ын гишүүний ажлаа хийх боломжтой гэсэн үг үү?

    -Нэр томъёоны хувьд асуудал байгаа бол түүнийг засаад асуудлаа шийдээд явах бололцоотой. Ямар ч байсан хүн өргөдлөө өгчихөөд байхад хэн нэгэн хүн өмнөөс нь УИХ-д хэлэлцүүлэхгүйгээр шийдээд байдаг нь сонин байна. Өргөдлөө өгсөн байхад УИХ-аар хэлэлцүүлэхгүй өмнөөс нь тайлбар өгөөд яваад байна. УИХ-ын эрхэнд халдаад байна гэсэн үг шүү дээ. Өргөдлөө өгсөн л бол УИХ-аар хэлэлцээд түдгэлзэх юм уу, татгалзах юм уу гэдгийг хэлэлцүүлгийн явцад шийдэж болно.

    -Ер нь УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал нэгээр тогтохгүй хэрэг гарлаа. Гишүүдийн ёс зүйн хэм хэмжүүрийг хэрхэн зохицуулах ёстой юм бэ?

    -Аль ч оронд ёс зүйн доголдол гаргавал ард түмнээсээ уучлал гуйгаад албан тушаалаа өгөөд явж байна. Тухайлбал, АНУ-ын парламентын гишүүний ёс зүйгүй зураг олон нийтэд ил болж асуудал дэгдсэн. Тэгэхэд тухайн гишүүн хариуцлагаа хүлээгээд албан тушаалаа өгөөд, ард түмнээсээ уучлал гуйсан. Энэ мэт манайхан ч гэсэн хариуцлагаа өөрсдөө хүлээж сурах хэрэгтэй. Нөгөө талаар ёс зүйн асуудал гаргасан хүнийг нам нь дахиж нэр дэвшүүлэхгүй, дэвшүүлсэн ч ард түмэн сонгохгүй шүү дээ. Эргээд ард түмэн л тухайн хүнтэй хариуцлага тооцно гэсэн үг.

    -Ярилцсанд баярлалаа.

    ЭХ СУРВАЛЖ: WWW.ITOIM.MN