С.Эрдэнэ: Ардчилсан нам Ч.Сайханбилэгт бүх талын тусламж үзүүлнэ
    2018 оны 04 сарын 12 нд
    be0765eedf0c880366e7a90ee38e2906.jpg

    АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль бусаар бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр татаж, энэ сарын 1-нд баривчилсан билээ.

    Харин мягмар гаригт АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-тэй холбоотой хэрэгт холбогдуулан баривчлаад байгаа.

    Сангийн сайд асан С.Баярцогтыг баривчилсны маргааш АН-ын Удирдах зөвлөл хуралдаж намаас хөөх шийдвэр гаргасан. Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эцсээ хүртэл хамгаална гэдгээ мэдэгдлээ.  Уг нь С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын шалгагдаж байгаа хэрэг нь ижил юм. Гэсэн хэдий ч намынхаа хоёр гишүүний нэгийг хөөж, нэгийг нь эцсээ хүртэл хамгаална гэдгээ намын дарга нь илэрхийлсэн юм. Энэ талаар намын дарга С.Эрдэнээс зарим зүйлийг тодруулсан юм.

    -Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-аас саатуулаад байна. Үүнтэй холбоотойгоор түүнийг АН-аас хөөх шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?

    -Ерөнхийдөө улс төрийн явуургүй, богино зайны тоглолт хийгээд байх юм. Ч.Сайханбилэг, С.Баяр нарын хэрэг АТГ дээр шалгагдаж байна гэсэн мэдээлэлтэй байсан. Орой болсон хойно саатуулсан гэдгийг сонссон. Ямар нэгэн байдлаар Ч.Сайханбилэгийн асуудлаар АН хуралдаж улс төрийн шийдвэр гаргаагүй. Иймэрүү мэдээллийг зохион байгуулалттайгар, зориуд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байна. Нэг үгээр хэлбэл, Ч.Сайханбилэгийг намаас хөөгөөгүй, хөөх шийдвэр ч гарахгүй.

    -Ижил хэрэгт шалгагдаж байгаа намынхаа хоёр гишүүний нэгийг нь хөөгөөд, нэгийг нь яагаад хөөх асуудал ярихгүй гэж байгаа юм бэ?

    -Ер нь нэг зүйлийг л ойлгочих. С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёрын үйлдэл өдөр шөнө шиг ялгаатай. С.Баярцогт гэдэг хүн анх 1.2 сая ам.долларын хадгаламжаа мартаад, тухайн үедээ УИХ-ын дэд даргаасаа огцроод асуудал өнгөрсөн. Дараа нь 8.2 сая еврогийн асуудал үүссэн. Үүнийгээ хүнээс зээлсэн гэсэн тайлбарласан. Гэхдээ албан ёсны тайлбар өгөөгүй. Гурав дахь удаад 30,40 сая ам.доллар гэж яригдсан. Үндсэндээ гурав, дөрвөн удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө оффшор дансанд байна гэсэн асуудал яригдаж байгаа. Жилийн өмнө Үндэсний бодлогын хороонд нэр дэвшиж байх үед нь С.Баярцогтод оффшор дансныхаа асуудлыг тайлбарла, эх үүсвэрийг нотол, тэр болтол намын төлөөллийн төв байгууллагад нэр дэвшүүлэх боломжгүй байна гээд бүртгэхээс татгалзсан.  Бүтэн жил өнгөрөхөд нэг ч тайлбар өгөөгүй, ямар нэгэн уулзалт хийгээгүй. Тэгээд дахиад манай ротацийн сонгуулиар Үндэсний бодлогын хороонд нэр дэвших үеэр нь дээрх асуудлыг дахиж ярьсан. Ер нь өмнө нь намаас өгсөн удирдамжийг биелүүлээгүй, албан ёсны тайлбар хийгээгүй, нэг биш удаагийн үйлдэл нь тогтоогдоод эхэллээ. Ийм үйлдэл байж болшгүй, асуудлаа шийдээд, шүүхийн шийдвэр гарсны дараа намын гишүүнчлэлийн асуудлыг ярих нь зүйтэй гэж үзээд намаас хөөх шийдвэр гаргасан. Эхний хоёр үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Шүүх, хуулийн байгууллагын эцсийн шийдвэр энд шаардлагагүй. Учир нь өөрөө хүлээн зөвшөөрсөн.  Ч.Сайханбилэгийн хувьд ямар нэгэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, тэр нь нотолсон шүүх, хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байгаа. Тэгэхээр энэ хоёр хүний хувьд огт өөр хоёр асуудал. Ч.Сайханбилэгийн хувьд гэм буруутай нь тогтоогдох хүртэл АН-ын гишүүн хэвээрээ байна. Шаардлагатай гэвэл намаас бүх талын дэмжлэг, тусламж үзүүлнэ. Улс төрийн зорилгоор, хэлмэгдүүлэх ч юм уу ямар нэгэн асуудал үүсвэл бид улс төрийн тодорхой алхамуудыг хийнэ. Эднээс гадна манай намын харъяалалтай Б.Бямбасайхан, Б.Ариунсан гэх мэт хүмүүс хоригдсон. Бид аль болохоор хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байна. Хөндлөнгийн ямар нэгэн нөлөө, оролцоог аль болохоор гаргахгүйг хичээж байгаа. Хуульчдынхаа зөвлөгөө, тусламжийг үзүүлж байгаа. Цаашдаа ч ингэж ажиллана.

    -Ч.Сайханбилэгийг намаас хөөхгүй гэж ойлгож болох уу?

    -Угаасаа утгагүй шүү дээ. С.Баярцогт хоёр удаагийнхаа гэм бурууг хүлээн зөвшөөрчихсөн. Тиймээс үнэн, худлааг заавал хууль хяналтын байгууллага тогтоох шаардлагагүй. Одоо тэр хүн төгс тайлбар хийх ёстой. Нэг бол эх үүсвэрээ, хууль бус мөнгө биш гэдгээ нотлох хэрэгтэй. Ч.Сайханбилэг гэм буруугаа хүлээсэн, шүүх хяналтын байгууллага гэм буруутайг нь тогтоосон шийдвэр гараагүй байна. Тиймээс гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд АН өөрийнхөө гишүүний эрхэд халдах, гишүүнчлэлээс хасах ойлголт байхгүй.

    Эх сурвалж: itoim.mn