С.Эрдэнэ: Ерөнхий сайдыг одоо л харъя
    2018 оны 04 сарын 26 нд
    c206b50b5be4f9190da563ebd91e63bc.jpeg

    УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

    -Та өчигдөр /4.24-нд/ Оюутолгойтой холбоотой асуудлаар баривчлагдаад байгаа намынхаа гишүүдийг эргэсэн гэсэн. Хоригдож байгаа хүмүүсийн биеийн байдал муудаж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Таны эргэсэн хүмүүсийн биеийн байдал ямар байна вэ?

    -АТГ-аас зөвшөөрөл авч энэ сарын 24-нд  намын Ерөнхий нарийн бичгийн даргын хамт хоригдож байгаа намынхаа гишүүдтэй уулзсан. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан дөрөвтэй уулзсан. Б.Ариунсангийн биеийн байдал тааруухан байна лээ. Үе мөч, хөл нь өвдсөн, маш хүндрэлтэй явж байна. Ер нь тэнд хоригдож байгаа хүмүүс ямар л сайхан байх вэ дээ.

    -Б.Бямбасайханыг хоригдсоноос нь хойш байцаалт огт аваагүй гэсэн мэдээлэл гараад байгаа. Хэнээс нь хэдэн удаагийн байцаалт авсан, хэрэг явдал ямар шатандаа явж байгаа бол?

    -Бүгдээс нь нэг, нэг удаа л байцаалт авсан байсан. Ер нь манай хууль, шүүхийн байгууллага, цагдаа, АТГ-ынхны арга барил тийм ш дээ. Хүнийг барьж хорьчихоод мартчихдаг. Хорьсон зорилгоо мартчихдаг. Хүнийг залхаан цээрлүүлж байгаа юм шиг өчнөөн олон хоногоор ямар ч сураг ажиггүй хорьдог. Ийм л нөхцөл байдал тэнд ажиглагдаж байсан.  Ер нь Эрүүгийн хууль, мөрдөн шалгах зохицуулалтуудыг илүү нарийн хийх шаардлагатай юм байна.

    -Эхэлж хоригдсон гурван хүний цагдан хорих хугацаа удахгүй дуусна. Тэгэхээр цаашдаа үйл явдал хэрхэн үргэлжлэх бол?

    -Асуудал хариуцаж байгаа, мөрдөн шалгаж байгаа хуулийн байгууллагынхан цаашдаа хэрхэхийг шийднэ. Ер нь олон талаас асуудалд хандах хэрэгтэй. Цагдан хорих тодорхой, нөхцөл шалтгаанууд байдаг. Дахин гэмт хэрэг үйлдэх, оргон зайлах, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулах магадлалтай гэж үзсэн тохиолдолд цагдан хорьдог. Эдгээр нөхцөл байдлыг тогтоогоогүй. Манай хоригдож  байгаа дөрвөн хүнд дахин гэмт хэрэг үйлдэх, оргон зайлах санаа сэдэл байгаагүй. Өөрсдөө ирж шалгуулж байгаа хүмүүс шүү дээ. Чухам ямар үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа нь ойлгомжгүй байна.  

    -Энэ асуудалд АН ямар байр суурьтай хандах вэ?

    -Хууль, шүүхийн байгууллага шалгаад, гэм буруутай эсэхийг нь тогтоох үйл ажиллагаанд бид саад болохгүй. Харин улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх, дарамт шахалт үзүүлбэл бид гишүүдээ хамгаална. Энэ нь бидний үүрэг.

    -Танай намын бүлгээс Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Засгийн газраас ямар нэгэн хариу ирүүлсэн үү?

    -Ерөнхий сайдад тавдугаар сарын 20-ны дотор хоёр сайдынхаа асуудлыг УИХ-д оруулж ир гэдэг шаардлага тавьсан. Ерөнхий сайдыг одоо л харъя. Үүрэгт ажилдаа орохдоо ямар гоё зүйл ярьж байлаа. Шударга үнэний төлөө амь насаа ч хайрлахгүй гэж ярьж байгаад л орсон шүү дээ. Үнэхээр шударга бусын эсрэг тэмцэж, хүмүүстээ хариуцлага тооцож чадах уу гэдгийг одоо л харъя. Энэ хоёр сайдын хууль бус үйлдэл тогтоогдсон, нотлогдсон. Гэм буруутай нь нотлогдоод байгаа хүмүүстээ арга хэмжээ авч чадахгүй бол цаашдаа өөр хэн нэгэнд арга хэмжээ авах ойлголт байхгүй. Жирийн иргэнд Монголын төр хатуу ханддаг. Эрх мэдэл, албан тушаалтай хүмүүст зөөлөн ханддаг гэдгийг нотлох гээгүй л юм бол энэ сайд нартаа хариуцлага тооцох ёстой. Бид Засгийн газрын тогтвортой байдлыг алдагдуулах, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх гэж хоёр сайдыг огцруулах асуудал тавиагүй. Гэм буруутай гэдэг нь тогтоогдоод байгаа сайд нартаа арга хэмжээ аваач ээ л гэж байгаа. Гэм буруутай эсэхийг нь тогтоох шаардлагатай гэж үзвэл шалгаж тогтоогоод хариуцлага тооцооч ээ л гэж байгаа юм.

    -Ер нь энэ Засгийн газрын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ?

    -Гадаад эдийн засгийн нөхцөл сайн байгаа. Уул уурхайн гол түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч байна. 2016 онд ямар хүнд байлаа. Харин энэ жилүүдэд манай орны хувьд эерэг таатай нөхцөлүүд бий боллоо. Монгол руу орж ирэх мөнгөний урсгал нэмэгдлээ. Мөнгөний урсгал нэмэгдээд, эдийн засгийн таатай нөхцөл байдал бий болж байгаа энэ цаг үед ОУВС-гаас заавал өр зээл авах шаардлага байсан уу, үгүй юү. Татварын давсан орлогын хуваарилалтаар дандаа л сайд нарынхаа багцыг нэмлээ. Хүүхдийн мөнгө, ахмад настны тэтгэвэр, иргэдийн цалинг нэмэхэд нэг ч төгрөг зарцуулсангүй. Ахмадууд, хүүхдүүдээ алагчилж байна. Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцод манай улс нэгдэн орсон. Би Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайд байхдаа хүүхдийг аливаа хэлбэрээр алагчлахгүй байх олон улсын конвенцод нэгдэн орж, гарын үсэг зурж байсан. НҮБ-ын хэмжээнд том конвенцод нэгдчихээд эргээд түүнийхээ эсрэг хүүхдээ алагчлах бодлого барьж болохгүй шүү дээ. Аав, ээж нь боломжтой эсэхээр алагчилж байна. Ахмад бас настнуудаа алагчилж байна. Тэтгэвэрт гарсан л бол ахмад настан шүү дээ. 70-тай байна уу, 75-тай байна уу хамаагүй. Хүнийг тэтгэвэрт гаргана гэдэг амьдрал нь эрсдэлд учирч байна гэсэн үг. Хөдөлмөрлөх чадвар нь дууслаа. Үлдсэн амьдралаа тэтгэвэрт, төрийн хайр ивээлд байх ёстой гэж үзэж тэтгэвэрт гаргаж байгаа явдал шүү дээ. Гэтэл тэтгэврийн насныхныг дотор нь дахиад насаар нь ангилна гэдэг байж болохгүй асуудал.

    -Засгийн газар төсөвт тодотгол хийлгэхгүй, Төсвийн тухай хууль зөрчиж байна гэсэн шүүмжлэлийг намын гишүүд нь ч хэлж байна. 180 тэрбум төгрөгийг төсөвт тодотгол хийлгэхгүй зарцуулаад байгаа асуудал дээр АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

    -Ганцхан жишээ яръя. Тээр жил Л.Одончимэд гуай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд байхдаа өөрийнх нь багцад байсан хоёр зардлаа сэлгэж зарцуулаад Төсвийн тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр албан тушаалаасаа огцорч байсан. Тухайн үед хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлд олгох мөнгөн тусламж гэж байсан. Шинэ гэр бүлд олгох мөнгө нь дуусаад, хүүхдийн мөнгөний үлдэгдлээр нөхөж олгоод, зардлын зүйл дотор нь түр зуурын зохицуулалт хийсэн. Тухайн үед Төсвийн тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр огцорч, Ерөнхий сайд нь байсан М.Энхболд болон МАН-ынхан өөрсдөө огцруулж байсан. Гэтэл өнөөдөр нэг сайдын багц доторхи түр зуурын зохицуулалт битгий хэл төсөв дээр огт байхгүй шинэ нэр төрлийн зардлыг хуульчилж гаргаж ирж байгаад, 180 орчим тэрбум төгрөгийн төсвийн хуульд тусгагдаагүй зардлыг хэрэгжүүлсэн. Төсвийн тухай хуульд төсвийг нэмэгдүүлэх шаардлага үүсвэл төсвийн дараагийн жилээс эхлэн хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ Засгийн газар Төсвийн тухай хуулийг таван удаагийн үйлдлээр ноцтой зөрчсөн. Энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Энэ асуудалд хэн ч хариуцлага хүлээхгүй явж байна. Зөрчих л байсан юм бол  Төсвийн хууль гэж батлаад яах юм бэ. Төсвийн хуулийн хэлэлцүүлгийг дөрвөн удаа хийдэг. Учир нь Төсвийн хуульд гар хүрч болдоггүй. Тухайн жилийн батлагдсан төсвийн хуулийг онцгой бөгөөд хатуу мөрдөх ёстой.

    -Эдийн засгийн өсөх хандлагатай болсон нь ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотой юу, эсвэл уул уурхайн бүтээгдэхүүний түүхийн эдийн үнийн өсөлттэй холбоотой юу?

    -Эдийн засгийн өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүний түүхийн эдийн үнийн өсөлт голлох үүрэг гүйцэтгэж байна гэж үзэж байгаа. ОУВС орж ирээд манай улсад яг ямар ажил хийв. Баахан л хориг, хаалт, саад тавьсан. Баахан хууль, дүрэм, журмыг хүчингүй болгуулах ажил хийлээ. Гэтэл сүүлийн үед ОУВС-гийнхан бид тийм чиглэл өгөөгүй гээд байгаа. Харин манай Засгийн газар болохоор ОУВС-гийн тавьж байгаа нөхцөлөөс шалтгаалж цалин, тэтгэврийг нэмэхгүй байх, хүүхдийн мөнгийг өгөхгүй байх шийдвэр гаргаж байна гээд байгаа шүү дээ. Ер нь Монгол төртэй улс юм уу, төргүй улс юм уу. Монгол Улс төртэй, бие даасан улс мөн л юм бол нийгэм, эдийн засаг, улс орныхоо дотоод асуудлыг өөрсдөө бие дааж шийдэх ёстой. Аль нэг гаднын ОУ-ын байгууллагаар ажлаа заалгаад явж болохгүй шүү дээ. Тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж болно. Түүнээс биш, төрийнхөө үйл ажиллагааг ямар нэгэн ОУ-ын байгууллагаар заалгаад, үг дуугүй захирагдаад явбал Монголд төр гэж байгаад яах юм. Бие даасан улс гэж яваад яах юм бэ. Нэртэйгээр нь төрийнхөө эрх мэдлийг ОУВС-д шилжүүлчих хэрэгтэй. 2016 онд МАН Засгийн эрхэнд гарахдаа ОУВС-гаар удирдуулна гэж гараагүй шүү дээ.

    -Хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ гэж эрх баригч нам илэрхийлсэн. Та хуулийн төсөлтэй танилцсан уу. Ямар өөрчлөлт оруулахаар тусгасан байна вэ?

    -Хуулийн төслийг хальт харсан. Хууль боловсруулж байгаа ажлын хэсэг албан ёсоор АН-ын бүлэгт танилцуулга хийгээгүй байгаа. Даваа гаригт өөрийн намын бүлэгтээ танилцуулга хийсэн байна билээ. Удахгүй манай бүлэгт танилцуулга хийх байх. Урьдчилсан байдлаар харахад Үндсэн хуулийн өөрчлөлт хийх хэмжээний төсөл харагдаагүй.

    -Парламентын олонхийг бүрдүүлж байгаа нам олонхиороо түрээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал яах вэ?

    -Батлаад яваг л дээ. Эргээд нийгэмд эмх замбараагүй байдал л бий болно. Төрд итгэх итгэл алдарна. Эцсийн дүнд эрх баригчдын өөрсдийн нэр хүндийн л асуудал. Хэт олонхи байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад ямар том алдаа гаргалаа. Үндсэн хуулийг дээрдүүлэх бус дордуулах долоон өөрчлөлтийг л оруулсан. Түүн шигээ л зүйл хийх гээгүй бол хүч түрж батлахгүй байх. Нөгөө талдаа АН зүгээр суухгүй. Хүч түрсэн байдлаар Үндсэн хуулийн өөрчлөлт хийвэл бид гудамжинд гарна. Монгол төрийн үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулдаг ганц хамгаалдаг зүйл бол Үндсэн хууль. Үүнд хэсэг бүлэг этгээд эрх мэдлээр далимдуулж гар хүрэх эрх байхгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуультай. Энэ хуульд ард түмний санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж заасан. Гэтэл МАН-ынхан зөвшилцөх санал асуулга гэж Үндсэн хуульд байхгүй хууль өөрсдөө гаргаж ирж батлаад, түүгээр улс даяар санал авч байгаа гэж худлаа яриад байгаа. Үнэндээ ард түмний дунд санал асуулга явуулаагүй. Ард түмний нэр барьж, тархи угааж болохгүй. Ард түмний нэрийг барьдгаа аль ч улс төрийн хүчин болих хэрэгтэй.

    ЭХ СУРВАЛЖ: WWW.ITOIM.MN