Ж.Батзандан: Хууль нөлөө бүхий хүмүүст сайхан, жирийн иргэнд хатуу үйлчилдэг байх ёсгүй
    2018 оны 04 сарын 26 нд
    6e3998147a3347aac6a6ff067aa72c99.jpg

    УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.

     

    -“Оюутолгой” компанитай байгуулсан гэрээг шалгахаар УИХ-аас болон танай намаас ажлын хэсэг гарсан. Үүнээс иргэдийн дунд хүлээлт үүсэхийн зэрэгцээ ажлын хэсэг байгуулагдсан гэдэг нэрийн дор энэ асуудал замхрах вий гэсэн болгоомжлол байна. Таны хувьд эдгээр ажлын хэсгээс ямар хүлээлттэй байгаа вэ?

    -Хэд хэдэн зүйлийг Монгол Улсын Засгийн газар, УИХ ойлгох ёстой. Олон улсын компаниудтай яаж харьцах вэ гэдэг бодлогоо Засгийн газар гаргаж ирэх шаардлагатай байна. Бид олон улсын улс дамнасан компанитай гэрээ байгуулсан бол манай Засгийн газар байгуулсан гэрээгээ биелүүлэх, хамтрагч талтайгаа харилцан хүндэтгэлтэй харилцахыг хичээх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн хэм хэмжээ, норм, нормативыг барьж ажиллах шаардлагатай. Гэхдээ аливаа гэрээ хэлэлцээр дотор гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээний нөхцөлийг сайжруулах, гэрээ байгуулсан талуудын хооронд гарсан маргааныг шийдвэрлэх бүлэг байдаг. “Оюутолгой” компанийг тойрсон хэд хэдэн гэрээ байгаа. Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” болон хамтрагч талтай байгуулсан гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг чухал гэрээ байгаа. Сүүлд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед байгуулсан Дубайн гэрээ буюу Хувь нийлүүлэгч, Хөрөнгө оруулагчдын гэрээг нийлүүлсэн, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ ч бий. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа, засч сайжруулахдаа, гэрээнээс үүдэлтэй маргааныг бид гэрээний болон олон улсын бизнесийн эрх зүй, хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой. УИХ-ын дарга хаврын чуулганы нээлт дээр маш тодорхой хэлсэн. Бизнесийн маргааныг улстөрийн аргаар шийдвэрлэж болохгүй гэсэн. Аливаа бизнесийн маргааныг бизнесийн зарчмаар шийдвэрлэх ёстой. УИХ, Засгийн газар бодлогоо зөв барьж ажиллах ёстой гэдгийг хэлэхийг хүсч байна.

    -Хэрэв гэрээнд өөрчлөлт оруулах бол яаж өөрчлөх ёстой юм бол?

    -Засгийн газар, УИХ, иргэд олон түмний зүгээс “Оюутолгой” компанитай байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, энэ гэрээнээс болж Монголын ард түмэн, Монгол Улс алдагдалд орж байна гэх шүүмжлэл их байдаг. Үүнийг засч, сайжруулахын тулд гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийг Засгийн газар, УИХ-ын төвшинд олон удаа байгуулж байсан. Одоо ч мөн шинээр ажлын хэсэг байгуулсан байгаа. УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт дээр тулгуурлаж, гэрээ байгуулсан талууд, ширээний хоёр талд сууж, дахин ярилцах шаардлагатай.

    -АТГ-аас дээрх гэрээг байгуулахад оролцсон нэр бүхий хүмүүсийг цагдан хорьсон. Үүнийг та юу гэж харж байгаа вэ?

    -Хэд хэдэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд, шалгагдаж байгааг олон түмэн харж байна. Аливаа Эрүүгийн хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ч мөн Монгол Улсын иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой. Түүнээс дарга нар, эрх мэдэлтэй, нөлөө бүхий хүмүүст сайхан, жирийн иргэнд хатуу үйлчилдэг байх ёсгүй. Эрх мэдэлтэй эрхэм нөхдийн баривчилгаа мөрдөн шалгаж байгаа процесс хуулийн дагуу яваасай гэж харж байгаа. Хүний эрхийн дэд хороо мөн хяналтаа тавьж байгаа.

    -Засгийн газар төсөвт тодотгол хийхгүй гэдэг байр суурьтай байгаа. Гэвч хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулснаар төсвийн орлого дутахаар нөхцөл үүссэн хэмээн танай намын зүгээс мэдэгдсэн. Та үүнийг юу гэж харж байгаа вэ?

    -Ардчилсан нам эрх баригч намыг амлалт, мартсаныг нь сануулах, сөрөг хүчний үүргээ өдөр бүр хийж байгаа. Эрх баригч нам татвар нэмэхгүй, өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй гэдэг амлалт өгч УИХ-ын сонгуульд ялсан. Харамсалтай нь хураамжаа оруулбал, 10 гаруй төрлийн татварыг нэмсэн. Монгол Улсын өрийн хэмжээг урьд өмнө байгаагүй хэмжээнд хүргэлээ. Одоо долоон тэрбум ам.долларын өртэй байна гэж судалгааны байгууллагууд хэлж байна. Тиймээс Ардчилсан нам эрх баригчдын амлалтыг сануулж байгаа. Ер нь өртэй улсын судалгаагаар Монгол Улс дэлхийд хоёрдугаарт явж байна. Айргийн тавд орчихлоо. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан нам зээл авч, түүгээрээ бүтээн байгуулалт хийдэг байсан. Одоогийн эрх баригч намын тавьж байгаа өр зээл бүтээн байгуулалт, ажлын байр болж хувирахгүй байна. Зарцуулалт, бодлого нь буруу байна гэж бид шүүмжилж байгаа.

    -Төсөвт тодотгол хийхгүй байх боломж байгаа юу?

    -Хуулиа мөрдөх ёстой. Зарлага нэмэгдсэн тохиолдолд заавал тодотгол хийдэг. Өнөөдөр хэд хэдэн татварын хуулийг өөрчилж байна. Тодруулбал, дөрвөн шатлалтай байсан татварын хуулиа буцааж нэг шатлалтай болгосон байгаа. Татварын систем нь өөрчлөгдсөн байхад орлого, зарлагын зөрүү гарсан байхад “Улсын төсөвт тодотгол хийхгүй. Үүгээрээ явна” гэж ярьж байна. Үүнд гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх асуудал, олон төсөл дээр улсын төсвийн зарлага нэмэгдэж байгаа. Зарлага нэмэгдсэн байхад төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж ярьж байгааг гишүүд ойлгохгүй байгаа. Бид Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг биелүүлэхийг шаардаж байгаа.

    -АТГ-ын даргыг олон нийтээр сонгуулна гэж Ерөнхийлөгч хэлсэн. Ийм боломж байгаа юу?

    -Авлигын эсрэг хууль гэж байгаа. АТГ-ын даргын бүрэн эрх, эрх хэмжээ, ажиллах хугацаа, нэр дэвших хүмүүст тавигдах шаардлагыг энэ хуульд тодорхой заасан байгаа. АТГ бол мөрдөн шалгах чиг үүрэг хэрэгжүүлдэг гол байгууллага. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллага. Урьдчилан шалгах ажиллагааны маш өндөр туршлагатай хүн АТГ-ын дарга байна гээд заачихсан байгаа. Энэ бол хариуцлагатай ажил. Хэрэв олон нийтээс сонгодог болно гэж байгаа бол Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болно.

     

    Эх сурвалж: Үндэсний шуудан сонин