Засгийн газрын зорилтыг Баянхонгор аймаг хоёр жилийн хугацаанд биелүүлжээ
    2015 оны 04 сарын 17 нд
    6b2aeae132f856ced2035cba9f7bf3e7.jpg

     Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оныг дуустал аймаг бүрт мянган айлын орон сууц барих ажлыг хөтөлбөртөө тусгасан.  Энэ зорилтот ажилтай эн тэнцэх ажлыг өнгөрсөн хоёрхон жилийн хугацаанд Баянхонгор аймаг гүйцэтгэж чаджээ. Тухайлбал, Хувийн болоод аймгийн хөрөнгө оруулалтаар 1147 айлын орон сууцыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд барьжээ. Эдийн засгийн хүндрэлтэй үед улсын төсвөөс хамаарахгүйгээр орон нутаг өөрийн нөөц бололцоогоо ашиглан бүтээн байгуулалтын ажлыг амжилттай явуулсан байна. Орон нутаг өөрийн бололцоо хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдэж олон бүтээн байгуулалтыг хийсэн нь нутгийн ард иргэдэд хэдийнэ үр өгөөжөө өгч эхэлжээ.

                 Баянхонгор аймагт зөвхөн барилга бүтээн байгуулалт эрчимтэй хийгдээд зогсохгүй нийгмийн салбарт ч томоохон өөрчлөлтүүд гарсан.  Бусад аймагтай харьцуулахад эрүүл мэнд, боловсролын салбарын гол үзүүлэлтүүд Хонгор нутгийнхан хоцрогдож явсан. Боловсролын түвшингээр 21 аймгаас хорьдугаарт эрэмбэлэгддэг байсныг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дээшлүүлэхээр голчлон ажилласан байгаа юм.Мөн эрүүл мэндийн салбарын тухайд ч халдварт өвчний гаралт өндөр төдийгүй нярайн эндэгдэл их гардаг байжээ. Тиймээс “Шинэ зууны эмч” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготойгоор 21 эмч нарийн мэргэжлээр мэргэшиж байгаа аж. Энэ нь ирэх зургаан сараас эхлэн Баянхонгор аймагт нарийн мэргэжлийн эмч нарын хүрэлцээгүй байдаг бэрхшээл шийдэгдэх ач холбогдолтой.