Б.Пүрэвдорж: Засгийн газар шийдвэрээ гаргахгүй бол өрийн тоолуур гүйсээр байна
    2018 оны 05 сарын 16 нд
    5bb9b737d4fd502704bd16db40d9c997.jpg

    УИХ-ын даргын захирамжаар“Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гарган, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгуулсан билээ. Ажлын хэсгийн гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


    -Ажлын хэсгийн ажил ямар шатандаа явж байна вэ. Саяхан “Эрдэнэт” үйлдвэр дээр ажиллаад ирсэн гэсэн?

    -Ажлын хэсэг УИХ-аас гаргасан үйл ажиллагааны хүрээнд ажлаа үргэлжлүүлж байна. Энэ хүрээнд хэд хэдэн удаа хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж  “Стандарт” банкинд баталгаа гаргасан асуудлаар тус үйлдвэрийн удирдлага, ТУЗ-ийн гишүүдтэй уулзаж, тодорхой мэдээлэл авсан. Үүний дараа үйлдвэр дээр очиж, бичиг баримттай танилцах, мэдээлэл авах, ажилчидтай уулзаж ажлын хэсгийн хүрээнд хийх ажлын талаар мэдээлэл өгсөн. Ажлын хэсэг эрх зүйт төртэй хуулийн байгууллага шалгаж байгаа асуудлыг шалгах үйл явцад саад болохгүйгээр тодорхой мэдээллүүдийг авч танилцах ажил хийж байгаа. “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж, зээл авсан асуудал 2006 оноос эхлэлтэй. Хэд хэдэн удаа зээл авч, сүүлдээ энэ үйлдлээ залилан, луйвар болгох процесс явагдсан байна лээ. Тэгэхээр анхнаасаа тодорхой хэмжээний албан тушаалтан нөлөө үзүүлсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Энэ асуудалд албан тушаалтнууд нөлөөлсөн байх үндэслэл асар их байгаа юм. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр өөрөө 10 сая ам.доллараас дээш үнийн дүнтэй зээлийн гэрээ болон бусад хэлцэл хийхэд зайлшгүй Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өөс шийдвэр авах ёстой. Тэгэхээр зөвшөөрөл авалгүй  их хэмжээний зээлийн хэлцэл хийж ирсэн байгаа юм. Мөн 2006-2012 оны хооронд зэсийн дэлхийн зах зээл дээрх үнэ асар өндөр байсан учраас “Эрдэнэт” үйлдвэр өндөр үнэтэй зээл авах шаардлагагүй байтал хувийн компанид баталгаа гаргасан нь тодорхой хэмжээгээр өндөр албан тушаалтан нөлөөлсөн гэдэг нь харагдаж байгаа юм. Энэ хүрээнд тодорхой мэдээллүүдийг авахад хүндрэлтэй байгаа. Тиймээс хуулийн байгууллага үнэн мөнийг тодруулах байх.

    -“Жаст” групп “Эрдэнэт” үйлдвэрээр есөн удаа баталгаа гаргаж, зээл авсан гэх мэдээлэл байсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

    -Эхний авсан зээлүүдийг “Жаст” групп буцаагаад төлбөр төлж байсан  тохиолдлууд байдаг. Сүүлдээ төлбөрөө төлөхгүй болсонтой холбогдуулан батлан даалтын асуудлаар Стандарт банк Лондонгийн Арбитрын шүүхэд өгсөн. Арбитрын шийдвэр  Монголын талд гарах бүрэн боломжтой байсан. Яагаад гэвэл яг адилхан тохиолдлоор Монголын төмөр зам заргаа авсан байдаг. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэр тодорхой баримтууд гаргаж  өгөх боломж нь байхад өгөөгүй байгаа юм. Энэ нь тодорхой улстөрчдөд “Жаст” группийн авсан зээлийг улсаар төлүүлэх сонирхол байсан байна гэдэг нь харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл,төрийн өмчийг ашиглаж, тодорхой хэмжээний хариуцлагагүй үйл ажиллагаа явуулсан гэдэг нь дотоодын хууль хяналтын байгууллагаар тогтоогдож, хариуцлага хүлээлгэсэн бол Арбитрын шүүх авч үзээд шийдвэр өөрөөр гарах боломжтой байсан. Харамсалтай нь шаардлагатай баримт гаргаж өгөөгүй нь энэ өрийг төрөөр төлүүлэх сонирхол байна гэдэг нь харагдаж байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчидтай уулзахад 51 хувийг барьцаанд тавьсан буруутай этгээдүүдээр төлбөрийг төлүүлэх, үйлдвэрээс мөнгө гаргуулахгүй байх сонирхолтой байсан. Зарим улстөрчид буруутай этгээдүүдийг олж, хариуцлага тооцно гэсэн үлгэрийн амлалт өгч байгаа нь буруу юм. Өнөөдөр МАН-ын олонхын баталсан 2017 оны Эрүүгийн хуулиар энэ хэргийг хийсэн, нөлөөлсөн байж болзошгүй албан тушаалтнууд бүгд хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээс мултрах боломжтой. Мөн зээл авсан нөхөр зээлээ төлөхгүй гэж үзээд хариуцлага хүлээж байна. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрийн батлан даагч болсон өрийг төлөх эзэн олдохгүй. Эцсийн дүндээ баталгаа гаргаснаараа “Эрдэнэт” үйлдвэр л төлнө. Сонгуульд нэр дэвшиж байгаа юм шиг ард иргэдэд худал мэдээлэл өгдөг улстөрч нарын явцгүй л арга юм.

    -“Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргахад гарын үсэг хуурамч байсан уу, бодит байсан уу гэдэг өнөөдрийг хүртэл маргаантай сэдэв. Ажлын хэсгийн түвшинд гарын үсгийн талаар авч хэлэлцсэн үү?

    -Эхний хэлэлцээр, баталгаатай холбоотой асуудал дээр гарын үсгүүд нь албан ёсных. Сүүлийн гэрээнүүд дээр тодорхой хэмжээгээр гарын үсэг хуурамч байна гэдгийг Монголын Шүүхийн шинжилгээний байгууллага, Лондонгийн Арбитрын шүүхэд гаргаж өгсөн олон улсын шинжилгээний байгууллага ч нотолдог.

    -Ажлын хэсэг дүгнэлтээ хэзээ гаргах вэ. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор хэд хэдэн хүнийг цагдан хорьсон, энэ асуудал нь өөрөө олон нийтийн дунд маргаантай хэвээр байгаад байна?

    -УИХ шүүх, мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллага биш. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан асуудал өөрөө хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Тиймээс хуулийн байгууллагын үйл ажиллагаанд саад болохуйц, нэг талыг барьсан дүгнэлт гаргах боломж байхгүй. МАН-ын үед МАН-ын гишүүд 51 хувийг барьцаанд тавих асуудлыг хийсэн. Үүнийгээ одоо баллуурдах, намынхаа нэр хүндийг авч үлдэхийн тулд өөрөөр тайлбарлах оролдлого хийж байгаа. Тиймээс ажлын хэсгийн зүгээс зөөллөсөн, баллуурдсан шийдвэр дээр нэг байр суурин дээр байж чадахгүй.  Ажлын хэсэг энэ үйл явцад тодорхой хэмжээний албан тушаалтнууд оролцсон, тэдэнд хариуцлага тооцох ёстой гэсэн зарчмын байр суурин дээрээ байна. Ажлын хэсэг зургадугаар сарын 30-ны дотор дүгнэлтээ гаргаж өгөх ёстой. Бид тодорхой шаардлагуудыг үйлдвэрийн удирдлага, ТУЗ болон Засгийн газарт тавьсан байгаа. Өнөөдрийг хүртэл Засгийн газар тодорхойгүй байр суурьтай байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, “Жаст” групп “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан асуудалд тодорхойгүй байр суурьтай байгаа. Уг нь бол шууд арга зүйн удирдлагаар хангаж, чиглэл өгч ажиллах ёстой. Арбитрын шийдвэр болох зээл болон зээлийн хүүгийн төлбөрийн тоолуур өдөр бүр гүйсээр байна. Засгийн газарт маш хурдтай ажиллах шаардлага оруулж, ТУЗ-д “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагад тодорхой шийдвэр гаргах, харилцах чиглэл, шийдвэрүүдийг гаргах ёстой.

    -Арбитрын шийдвэр гарч, бидний төлөх мөнгөний тоолуур гүйсээр байгаа. Засгийн газар яагаад дорвитой арга хэмжээ авч ажиллахгүй байна вэ?

    -2015 онд “Эрдэнэт” үйлдвэр нийт 27 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2017 онд 320 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Засгийн газар өрийн тоолуур гүйж л байг, олсон ашгаасаа төлнө гэсэн ойлголттой байж магадгүй. Энэ мөнгө улсын төсөвт орж ирж, бидний үр хүүхдийн төлөө зарцуулагдах ёстой мөнгийг Засгийн газар тодорхойгүй байснаар гадныханд алдах тэр боломжийг бүрдүүлж өгч  байгаа юм. Засгийн газарт “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагад тодорхой чиглэл өгч, түүнийх нь дагуу шийдвэрүүд гаргах ёстой. Засгийн газар үүнээс айж, хэл амнаас үл айн зоригтой алхмуудыг авахгүй бол ниргэсний дараа хашгирна гэгч болох вий.

    ТӨСВӨӨР ДАЛИМДУУЛАН 2020 ОНЫ СОНГУУЛИЙН ЯЛАЛТЫГ АВНА ГЭВЭЛ ЭНДҮҮРЭЛ ШҮҮ, МАН-ЫНХАН

    -Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг АН-ын бүлэг тавьсан. Хэрэв энэ хоёр сайдаа огцруулахгүй гэвэл Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох үндэслэл  болно гэсэн. Тэгэхээр Засгийн газрыг огцруулах асуудлыг бүлэг тавина гэсэн үг үү?

    -Бид хоёр сайдыг тодорхой үндэслэлээр огцруулах шаардлагыг тавьсан. Харамсалтай нь Засгийн газар хариу ирүүлээгүй байгаа. Цаашид хоёр сайддаа хариуцлага тооцохгүй бол Засгийн газрыг бүхэлд нь огцруулах шаардлагыг удахгүй өргөн барих санаачилга гаргана.

    -Ирэх оны төсвийн төсөөлөл болон үндсэн чиглэл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Танай бүлгийн гишүүдийн зүгээс ирэх оны төсөв маш их нэмэгдсэн байна гэж шүүмжилж байгаа?

    -Төрийн данхайсан бүтцийг дахин оруулж ирж байна. өнгөрсөн жил гэхэд жижиг, дундын төсөл дээр 65 тэрбум төгрөг төсөвлөсөн. Монгол Улсын авч явж байгаа хувийн секторыг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлийн бодлого, төсөл арга хэмжээг илүү сайн хийх ёстой. Өнөөдөр сайд нарын гарын салаагаар урсдаг зардлыг нэмээд байхаас ард түмэнд хэрэгтэй хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө зарахгүй, маш хойрго хандаж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэлийг харж байхад 2018 он хүртэл ард түмний бүсийг чангалж, 2019 онд илүү их хөрөнгө оруулалт хийж, түүгээр 2020 оны сонгуулийн ялалтыг авчина гэсэн бодож, төлөвлөж байгаа бол маш том эндүүрэл шүү гэдгийг эрх баригчдад сануулж байгаа.

    -Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгөхөөргүй болчхов уу даа, эрх баригчид?

    -МАН-ын бүлгийн хурал дээр хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 80 хувь олгоно гэж тохирсон гэсэн. Бүлгээрээ хэлэлцээд тохирч  байгаагийн цаад шалтгаан нь Ардчилсан нам санаачилсантай холбоотой. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох нь ардчилсан намын нэр хүндийг өсгөнө гэж хоорондоо ярилцсан сурагтай. Хүүхдийн мөнгө бол халамж биш хүнээ өсгөх бодлогын нэг хөшүүрэг нь. Тиймээс хүүхдийг мөнгийг алагчлалгүй олгох шаардлагыг Ардчилсан нам тавьж байгаа. Мөн 2016 оны сонгуулиар амласан амлалтаа биелүүлээч гэдгийг л бид сануулж байгаа.

    Ш.ЧИМЭГ

    ЭХ СУРВАЛЖ: news.mn