Д.Эрдэнэбат:С.Баяр,Ч.Сайханбилэг хоёрыг шоронд хийчихээд, үнийн өсөлт дээр нь та нар таанц эргэж байгаа шүү
    2018 оны 05 сарын 16 нд
    bec19901fc5dbb44481828f205ec1de5.jpg

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эдийн засгийн өсөлт болоод хүүхдийн мөнгөний асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Төрийн албаны нийгмийн үйлчилгээний салбарын ажилтнуудын цалин Монгол Улсад хамгийн бага байгаа. Цалинг нь нэмэгдүүлэх тухай ярихаар л Ч.Хүрэлбаатар сайд хорлон сүйтгэх ажиллагаа гэж хэлж байгааг би ойлгохгүй байна. Хүүхдүүдэд 40 тэрбум төгрөг өгөхийг хорлон сүйтгэх ажиллагаа гээд байгаа юм уу. Ч.Хүрэлбаатар та төрийн сайд болсон хүн улс төржсөн асуудлаа болио гэж нэг биш удаа хэлж байна шүү.

    Эдийн засгийг унагасан гэх юм. Унагаад хаячихсан эдийн засаг гэдэг чинь 2012-2016 онд уул уурхайн түүхий эд хамгийн бага үнэтэй дэлхий дахины уналт байсан гэдгийг та бид бүгд мэдэж байгаа. Харин та нар өнөөдөр үнийн өсөлт дээр бялхаж байгаа шүү Ч.Хүрэлбаатар сайд аа. Оюутолгойн гэрээг байгуулсан С.Баяр, Далд уурхайн Дубайн гэрээг хийсэн Ч.Сайханбилэг хоёрыг шоронд хийчихээд, үнийн өсөлт дээр нь та нар таанц эргэж байна. Би зүгээр бодит үнэнийг хэлж байна.

    Та бүгдийн бичсэн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл дээр эдийн засгийн өсөлт юунаас болсон бэ гэсэн чинь "2016 онд далд уурхайн ажил эхэлснээс 400 гаруй тэрбум ам.доллар, 2017 онд 800 гаруй мянган долларын гадны дад уурхайн зориулалт бүхий Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирснээс эдийн засгийн өсөлтийн суурь буй болсон гэсэн байна. Тэгвэл та  нар ингэж хэлчихээд өнөөдөр хэн нэгэн хүн эдийн засгийг унагачихсан гэдэг домог зохиохоо болиорой.

    Засгийн газрын хэд хэдэн сайдуудад  хэлэхэд  та гүйцэтгэх засаглалын хүмүүс болохоос энд улстөрждөг тавцан  чинь биш. Тиймээс эдийн засаг, улс төрийн асуудлыг бодит үйл явдал дээр дүгнэлтээ зөв хийж яв. Хүүхдийн мөнгө олгох нь хорлон сүйтгэх ажиллагаа биш. Эдийн засгийн өсөлтөөр буй болсон өсөлт чинь 2018 онд 300 гаруй тэрбум төгрөгийн давуу орлогыг бий болгож байна. Энэ бол бодит тоо. Тиймээс үүнээс 40 тэрбум төгрөгийг хүүхдэд өгч болох л асуудал. Төрийн албаны нийгмийн үйлчилгээний ажилчдын цалингийн асуудал дээр реформ хийх цаг нь болчихсон. Тэгвэл реформ хийх боломж байгаа гэдгийг та бүгдийг өгсөн тоо илэрхийлээд байна" гэлээ.