“Хамтын тэтгэвэрийн тухай хууль”-ийг хүчингүй болгосонд гомдолтой байна гэв
    2018 оны 05 сарын 21 нд
    f27da33ee73e3a48941d32f3dfedb8ea.jpg

    “Монголоо сонсъё” үндэсний аян Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Баянмөнх, Цэнхэрмандал, Батширээт сумдад амжилттай үргэлжилж байна. Аяны хүрээнд зохион байгуулсан уулзалтад Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга Ш.Батдэлгэр нарын хүмүүс оролцож, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо. Уулзалтын үеэр ажилгүйдэл ихэсч, төрийн байгууллагууд танил, намын харъяалал харгалзаж ажилд авч байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа иргэд илэрхийлж байв. Мөн татварын дарамт, хүүхдийн мөнгийг алагчлан олгож байгаа зэрэгт гомдолтой байгаагаа хэлжээ. Түүнчлэн иргэдийн дийлэнх нь цалин, тэтгэвэрийн зээлтэй байгааг сануулж байв. Улмаар  “Хамтын тэтгэвэрийн тухай хууль”-ийг хүчингүй болгосонд гомдолтой байгаагаа ахмадын төлөөлөл хэлж байна. Ахмадууд “Хамтын тэтгэвэрийн тухай хууль”-ийг цаг үеэ олсон зөв алхам байсныг дурдаад “Нэгнээ нас бараасай гэж хүсдэг монгол хүн гэж байхгүй” гэдгийг ч онцолж байлаа. Үүнээс гадна орон нутгаа төлөөлж УИХ-д сонгогдсон хэрнээ удаа дараа ёсзүйн алдаа гаргасан зарим гишүүдэд өнөөг хүртэл хариуцлага тооцохгүй байгаад эрх баригч МАН-ыг буруутгаж байгаагаа иргэд хэлж байсан юм. Аяны хүрээнд сумдын иргэдэд үнэ төлбөргүй соёлын үйлчилгээ үзүүлж, хүүхэд, залуусын дунд шатар, “АХА” хөгжөөнт тэмцээн, шагайн харвааны тэмцээнийг тус тус зохион байгуулжээ. Түүнчлэн идэвх зүтгэлтэй ажилласан гишүүдийг Ардчилсан намын одон, медалиар шагнаж урамшуулсан байна.