Л.Болд: Энэ нийгмийг боддог, сэтгэдэг, бизнес хийдэг, баялаг бүтээдэг, мөнгө олдог хүмүүс л авч явна
    2018 оны 05 сарын 24 нд
    471a83657d6b2a4035aaa4c13e528bdf.jpg

    УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

     

    -Төрийн ордонд хоёр өдөр чуулсан “Эдийн засгийн форум”-д таны хэлсэн үг олны анхаарлыг татсан. Тухайлбал, “Монголчууд ардчилсан хувьсгалд шилжсэний эхний арван жилд эрвийх дэрвийхээрээ хөдөлсөн. Харин 2000 оноос эргээд харанхуй цаг үе ирж, том ухралтууд хийсэн. 2008 оны үйл явдал дахиад сэргэн мандалт гэмээр дэвшил авчирсан бол өнөөдөр буцаад харанхуй үе эхэлж байна” гэж хэлснээ тодруулахгүй юу?

     

    -Бүхэл бүтэн 30 жил гэдэг бол бидний өөрсдийн түүх юм. Мэдээж аливаа зүйл өсөлттэй, бууралттай байдаг шүү дээ. Одоо бууралтын цаг үе эхэлчихээд байна. Нэг талдаа нээлттэй ардчилсан нийгэмд амьдарч байгаа ч нөгөө талд нь дандаа эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх тэмцэл өрнөж байдаг. Ардчилал эхлэхэд бүгд нэг гараанаас хөдөлсөн. Бор зүрхээрээ наймаа хийх нь хийцгээж, бизнес эрхэлж, мэдлэг боловсролтой залуус өөрсдийнхөө чадах бүхнээрээ зүтгэж байлаа. Олон мянган залуус гадагшаа гарч, ар гэрээ тэжээж, нэг хэсэг нь тодорхой мэдлэгийг эх орондоо авчирлаа. Ер нь Монголын нийгэмд том шинэчлэл авчирсан. Харамсалтай нь тодорхой хэмжээний баялаг бүтээхээр тэрийг нь булааж авах, хяналтдаа оруулах эрх мэдэлтнүүдийн тэмцэл дахиад гаардаг л даа. Жишээлбэл, 2000 онд яг ингэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хуруу дарам цөөн байв. Хоёр, гуравхан сонинтой, нэг, хоёр л телевизтэй байсан. Үүнээс хойш манай улс хичнээн телевиз, сонинтой болов. Бизнес цэцэглэсэн. Гэтэл одоо хүртэл шинэ хуучны тэмцэл яваад л байна. Хүмүүсээ хянадаг нийгмийн тэр тогтолцоо одоо л амиа тавих байх. Тухайн үедээ “Мусайнууд даварч байна” гээд эрх мэдэлтнүүд нэлээд нийгмийг хумиж эхэлсэн шүү дээ. Энэ бол гэм биш, сурсан зан л даа. Хуучин мөнгө төгрөгөө ЗХУ-аас авчихдаг. Гэхдээ байгаа эрх мэдлээрээ нийгмээ багалзуурдаж чаддаг байсан. Одоо бол тэгж чадахгүй гэдгээ 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаар харсан. Нээлттэй нийгэмд шилжсэнээр хичнээн зуун мянган залуус гадагшаа гарсан билээ дээ. Харин гадагшаа гарч чадахгүй хүмүүс нь дотроо бухимдаад тэсэрсэн. Тиймээс иргэний хөдөлгөөнүүд гарч ирцгээсэн. Залуус үнэхээр нийгэмд байр сууриа илэрхийлж том хөдөлгөөн үүссэн шүү дээ. Ингээд үзэхээр тэрний дараа сонгуулиар парламентын засаглалтай болж, манай улс хөгжлийнхөө түвшинд дэлхийд яригдах болов. Эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн. Тийм ч учраас гадны хөрөнгө оруулалт их орж ирж, том төслүүд хөдөлж байлаа. Байгалийн баялаг гэдэг бол хэн ч бүтээгээгүй баялаг. Гэтэл эрх мэдэлтнүүд үүнийг сүр хүчээрээ далимдуулаад авчихдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа үед тэд туйлж байгаа. Үнийн уналтын цикль дээр бизнес хийж чадахгүй. Тэд эргээд социализмын үе шиг нийгмээ аваад явчихдаг бол болж байна. Гэвч чадахгүй. Нийгмийг чинь боддог, сэтгэдэг, бизнес хийдэг, баялаг бүтээдэг, мөнгө олдог хүмүүс л авч явна. Эрх мэдэлтнүүд зөвхөн дээрэмдэж чаддаг. Захиргаадаж, хүмүүсийг хэлмэгдүүлж чадна.

     

    Тэрний цаана баялаг бүтдэггүй. Энэ нийгэм эргээд ангал руу унадаг. Одоо гадна, дотны хөрөнгө оруулалттай Монголын шинэ цаг үеийг дахиад дороо хумьж, харанхуй ангал руу чирч оруулах гэж байна. Тэдний нийгмийн ойлголт бол Монголоо сүйрүүлж байгаад л дунд нь ноёрхлоо тогтоох гээд байгаа юм. Зүгээр л нэг арцалдсан, жоом шиг нийгмийг л тэд удирдаж чаддаг. Цэцэглээд, хүн болгон өөрийнхөө сэтгэлгээгээр хөгжөөд байгааг нь ойлгодоггүй, үзэн яддаг. Яг ийм цаг үед эдийн засгийн форум боллоо шүү дээ.

     

    -Өнөөдөр манай нийгэм тэр ангал руу унахгүйн тулд ямар замыг сонгох ёстой вэ?

     

    -Баялагаа ард түмэнд нь өгчих л дөө. Тэгвэл ямар ч эрх баригч, хуулийн байгууллага халдаж чадахгүй. Ингэж том нийгмийнхээ хөгжлийг бий болгох тал дээр үндэсний зөвшилцөл хийх хэрэгтэй. Үүний үр дүнд иргэд, төр л хожино. Тэрний мөнгөө энэ бүх нийгмийнхээ шинэ хөгжил дэвшлийн суурийг бэлдэхэд зориулъя. Монголд энэ бол бололцоотой. Азид хаана ч хувьсгал болоогүй байхад 1990 онд зөвхөн Монголд хувьсгал тэмцэл болж ялсан. Яагаад 2008 онд ялав. Яагаад өнөөдөр ялах вэ гэхээр Монголын хөгжлийг хойш нь татаж байгаа нэг сая хүн бий. Нийтлэлч Баабар хэлсэн байдаг даа. “Миний үеийнхэн дуусч байж Монгол Улс хөгжинө” гэж. Харин улсаа урагш нь татаж байгаа хоёр сая хүн байна. Хүүхэд, залуус байгаа. Тиймээс Монголд ямагт гэрэлтэй ирээдүй байна. Тэгэхээр ийм хүмүүст юу хэрэгтэй юм бэ гэхээр нүүрс ухаад хэдэн цаасаар зараад сайхан амьдарна гэж явцуу бодохгүй. Залуу хүний оюун сэтгэлгээ дандаа сайхан ирээдүй рүү тэмүүлж байдаг. Тэр үе рүү явах цаг үед ирээд байна.

    -Та форумд оролцохдоо хөгжье гэвэл зөвшилцөлд хүрэхийг уриалсан. Ер нь том төслүүд хөдөлж байж эдийн засаг сайжирна. Үүний тулд хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Гэтэл манай улсад хөрөнгө оруулалт орж ирэх хандлага байна уу?

    -Манайд олигтой хөрөнгө оруулагчид ирэхгүй байгаа нь аргагүй шүү дээ. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээ бариад хорьчихсон. Хамгийн том төсөл рүүгээ 300 гаруй шалгалтын байцаагч оруулчихсан. Ер нь хэн ч харсан Монголд гадны хөрөнгө оруулалт үндсэндээ байхгүй. Хөрөнгө оруулалтыг бүрэн зогсоочихсон. Монголд өнөөдөр тэнэг эсвэл гэмт хэрэгтэн хүн л хөрөнгө оруулна. Одоо байгаанууд нь барьцаалагдчихсан хөрөнгө оруулагчид сууж байна. Энэ бол бидний ирээдүй биш л дээ. Одоо дэлхийн хамгийн шилдэг оюун санаа, тархийг Монголдоо оруулж ирж байж хөгжих юм. Үүнийгээ ойлголцъё гэж уриалаад байгаа юм л даа.

     

    -Энэ удаагийн эдийн засгийн форумын үр дүнг та хэрхэн харж байна. Аль нэг нам гарч ирэхээрээ зохион байгуулагчид нь өөрчлөгдөж, уламжлал нь алдагдчихаад байх шиг?

     

    -Эдийн засгийн форум гэдэг бол бие даасан байх ёстой.Энд ямар нэгэн төр засаг, эрх баригчид оролцох ёсгүй. Тэд зөвхөн ирж тайлангаа тавьдаг байх хэрэгтэй. Гэтэл одоо эрх баригчид өөрсдийгөө сурталчилах арга хэрэгсэл буюу пиар арга хэмжээ болгочихоод байгаа юм. Уг нь энд яг үнэн бодит нөхцөл байдлыг ярьдаг байх ёстой. Анх бид эдийн засгийн форумыг зохион байгуулахдаа Давосын чуулганы төлөөлөгчдийг Азид хийж байсан уулзалтаас нь тусгай онгоцоор авчирч байлаа. Намайг Гадаад харилцааны сайд байхад олон улсын бие даасан эдийн засгийн чуулган болгохоор санаачилж, ингэж зохион байгуулж байв. Харин ажлаа өгснөөс хойш энэ нь үргэлжлээгүй. Бид тэр чуулганаар Монголыг дэлхийд холбох гарцыг эрэлхийлж байлаа. Монголын бүхий л оюуны тархи жилдээ нэг удаа цуглаад хоёр өдрийн турш өөрөө өөрийгөө оношилдог, болж бүтэж байгаа болон саатсан асуудлуудаа ярьдаг арга хэмжээ болох ёстой. Гэтэл энэ удаагийн эдийн засгийн форумаар ямар ч гарц шийдэл харагдсангүй. Хэн ч манай улсад зориглож ирэхээргүй нөхцөл байдал бүрдүүлчихээд эдийн засгийн форумаа явууллаа. Дээрээс нь бусад улсын нуудаг зүйлийг дэлхий дахинд “Өнөөдөр Монгол Улс ийм байгаа юм аа” гээд зарлачихлаа. Бид үнэхээр хүнд мухардалд орчихсон шүү гэдгээ бүх хүнд ойлгуулаад өгчихлөө. Ийм байхад бидний хамгийн хүсэхгүй хөрөнгө оруулагчид л зорьж ирэх болчихоод байгаа юм.

     

    -Ингэхэд та Оюу толгойн асуудлыг яах ёстой гэж бодож байна вэ?

     

    -Оюу толгой дээр шалгах хэрэггүй. Хэлэлцээр хийх ёстой. Одоо барьцаа ахиулж, үр ашгаа нэмэгдүүлэх асуудал ярих нь чухал. Тодорхой үр дүнгээс нь хүртдэг хугацаагаа наашлуулахын тулд ойлголцож, шийдвэрт хүрэх хэрэгтэй. Тэгэхгүй бол шорон, хяналт, мөрдөн байцаалтаа дээр нь тавьчихаад нөгөө талдаа бүх процессуудыг зогсонги байдалд оруулчихаад баахан шалгаад байх юм. Ямар ч үр дүнгүй шалгаад яах юм бэ.

     

    Энэ төсөл ойлгомжтой шүү дээ. Зуун төгрөг байлаа гэхэд үүнээс бидэнд хэд ногдож байна вэ. Түүнийгээ өсгөх асуудлаа л ярих ёстой. Ганцхан тоо харахаар чинь шалгалт хэрэггүй шүү дээ. Хилээр гарч байгаа баялгаа болон дансанд байгаагаа үнэлээд л хоёр талдаа сууж байгаад ярь л даа. Олон улсын дэлхийн стандартаар ажиллаж байгаа төслөөс бид зөрчил илрүүлэх гээд л шалгаад ямар ч бололцоо байхгүй. Одоо хэлэлцээр хийх цаг болсон.

     

    -Ажлын хэсгийнхэн одоо хүртэл хуралдаагүй юм билээ. Тэднийг АТГ-д өгнө гээд иргэний хөдөлгөөнийхөн тэмцэл өрнүүлээд л байх юм?

    -Ингээд асуудал дуусахгүй ээ. Тамын тогооны үлгэр болж байна. Үүний уршгаар тухайн компани хожиж, ард түмэн л хохирдог. Иймэрхүү дуусахгүй маргаан руу чирч оруулна гэдэг бол дараагийн ээлжийнхэн хоолонд орж байгаа асуудал болоод байна. Эцсийн дүндээ ард түмэн хохирч үлддэг.

     

    -Таван толгойн төсөл яагаад хөдлөхгүй байна вэ. Эдийн засгийн форум дээр ч энэ талаар хөндсөнгүй. Сүүлийн үед Таван толгой IPO гаргах тухай яригдаж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

     

    -Таван толгойг эхлээд ард түмэндээ өгчих. IPO гаргахыг эзэн нь буюу ард түмэн шийдэг. Хэн нэгэн эрх баригч, компани, хувь хүн Таван толгойг өмчилж, эзэмших ямар ч бололцоо байхгүй. Тиймээс яаралтай Таван толгойгоо ард түмэндээ өгчих юм бол IPO гаргаж болно. Шилдэг хөрөнгө оруулагчид ч ирнэ. Яагаад гэвэл тэд Монголын ард түмэнд итгэнэ. Харин зургаан сарын настай Засгийн газруудад итгэхгүй. Элдэв авлига нэхэж, рекет хийдэг энэ эрх баригч, шийдвэр гаргагчдад итгэхгүй.Эсвэл шударга, шударга бус гээд янз бүрийн аргаар эрх мэдэл, төсөл, уул уурхай олж авсан энэ компани нэртэй бүлэглэлүүдэд итгэхгүй. Таван толгой бол ард түмний заяагдмал өмч. Дотоодын юмуу, гадны компани байсан ч ард түмэнтэйгээ ярь. IPO гаргасан ч ард түмэнтэйгээ ярь. Тэгэхгүй бол юу ч шийдээд мухардана.

     

    -Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах тухай байнга яригддаг. Энэ удаагийн эдийн засгийн чуулган хүртэл “Хүчээ нэгтгэе” уриан дор боллоо. Ямар шийдлүүд байж болох уу?

     

    -Төр нь ч бай, хувийн хэвшил нь ч бай хүчээ нэгтгээд явах санаа нь бол зөв. Гэтэл дэлхийн дампуурсан улс орны жишээ бол төр, хувийн хэвшил нь хоорондоо ан цав үүсээд, бие биедээ итгэлцэл байхгүй болдог. Ингээд сүйрдэг. Төрөөс хувийн хэвшил нь ямар ч сайныг хүлээдэггүй. Төр нь бол хувийн хэвшлээ дарамталж, дээрэмдэж, барьцаалж, үйл ажиллагаанд нь саад болдог. Ердөө ийм чөтгөрийн тойрог руугаа яваад орчихсон. Одоо бол хүчээ нэгтгэх, хэлцэл ярих ерөөсөө болоогүй.Өнөөдөр хамгийн наад захын итгэлцлийн механизмыг идэвхжүүлэх үе шат бий болчихоод байгаа юм. Ингэхийн тулд өнөөдөр төр засаг, УИХ, Засгийн газар хүчээ нэгтгэж зөв шийдвэрүүдээ гаргах ёстой. Эцсийн дүндээ бүх эрх мэдэл тэдэнд байгаа. Гэтэл тэд бүх эрх мэдлээ ард түмнээс худлаа ярьж авчихаад цаашаа хүнд барьцаалагдаад дамжуулчихаж байгаа юм. Өөрсдөө гаднаас дохио занга хүлээгээд, жаахан бие даасан ард түмний, улсынхаа төлөө шийдвэр гаргахад нь “Ална шүү” гэхээр нь айчихдаг ийм л нөхцөлтэй байна.Өнөөдөр манайх шиг арчаагүй төр засагтай орон алга. Дэндүү арчаагүй. Хийх асуудал байхгүй. Хэлэлцэх асуудал байхгүй. Санаа байхгүй. Бодож байгаа зүйл байхгүй.Бүгдээрээ нуувчинд орчихсон. Дор бүрнээ хувийнхаа жижиг, жижиг барьцаанууд дээрээ амаа үдүүлчихсэн. Үнэн жигшмээр нөхцөлд байна. Тийм учраас ийм хүмүүс нэгдээд юу гарах юм бэ. Арван аймхай хүн нэгдээд арми гарахгүйтэй адил шүү дээ. Бүгдээрээ гавнаасаа салах хэрэгтэй. Ингээд хөдөлбөл нийгэмд өөрчлөлт авчирч магадгүй. Ер нь хувьсгалын тохироо бүрдэж эхэлж байна. Хохь чинь шүү гэдэг цаг үе ирэх гээд байна.

     

    -Ард түмэн босоход бэлэн байна гэж үү?

    -Бэлэн байна шүү дээ.

     

    -Гэтэл энэ хоёр том нам чинь ээлжилж төрийн эрхийнд суух сонирхолтой байдаг. Харин ард түмнийг хүссэн гурав дахь хүчнийг гарч ирэхэд том намуудын бүлэглэл хааж боогоод байна гэж судлаачид үздэг юм билээ?

     

    -Гурав дахь хүчин бол гудамжинд л төрдөг. Гудамжинд төрж чадахгүй бол Монголд гурав дахь хүчин бий болохгүй. Үнэхээр ард түмний тэр үзэл санааг тээж, жинхэнэ угт нь байгаа хүсэл эрмэлзлийг нь тээж гарч ирвэл чадна. Өнөөдөр бол тэр нөхцөл нь бүрдэж байна л гэж харж байна.

    Хувьсгалыг жинхэнэ гэр хороолол хийнэ шүү. Хамгийн гол нь газрыг өмчилж авангуут нь үнэлгээг нь багасгаж байна. Тиймээс гэр хорооллын хөгжлийг баталгаажуулсан хууль зайлшгүй хэрэгтэй байна. Газар өмчлөл өнөөдөр шударга бус байгаа. Өнөөдөр иргэдийн 80 гаруй хувь нь хохирсон. Дахиад зуун жил хохирохоор байна. Иргэн бүр тэгш эрхээ эдэлж, үр ашгийг нь хүртэх ёстой. Бас Шүүмжлэгчийн эрхийн тухай хуулийг Их хурал гацаачихсан байна. Өнөөдөр нийгэмд чөлөөт хэвлэл, эрх зүй, шүүмжлэл илэрхийлдэг төрийн болон хувийн аль ч байгууллагад энэ хүмүүсийн эрхийг хамгаалах асуудал чухал. Дээр нь Баялгийн хуваарилалтын хууль байна. Ерөнхийлөгчийн зүгээс шинэ хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэгдэж байгаа. Энэ мэт нийгэмд хүлээлт үүсгэсэн, тулгамдсан ауудлуудаа эрх баригчид шийдэхгүй дэндүү хойрго байна. Их хурал өнөөдөр “үндсэн чиглэл” гэх мэтчилэн ямар ч агуулга хэлбэр байхгүй социализмын үеийн үлдэгдэл болсон ёс төдий асуудлаар өдөр хоногийг барж байгаа нь харамсалтай. Сар гаруйхан хугацааны дараа хаврын чуулган өндөрлөнө. Улс төрийн намуудын тухай хуулиа цэгцлээгүй, сонгуулийн тогтолцоогоо шударга болгоогүй. Маш их цаг алдаж байна.

     

    -Үндсэн хууль орж ирвэл өөр ямар ч хууль зэрэгцүүлж хэлэлцэхгүй биз дээ. Энэ хаврын чуулганаар Үндсэн хуулиа хэлэлцэнэ гэсэн амжихгүй бололтой?

     

    -Ер нь үндсэн хуулинд буруудсан юм байхгүй. Харин Үндсэн хуулийг гуйвуулсан хуйвалдааны тогтолцоо нурж унаж байгаа. Үндсэн хуулиа нурааж, улсаа сөнөөх юм руу явж байна шүү дээ. Дордуулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгох юм бол Үндсэн хууль бүхэлдээ ажиллах бололцоо бүрдэх юм. Үндсэн хуулийнхаа дагуу энэ нийгэм засарч сайжирч, ёс зүйгээ барьдаг болох ёстой. Гэтэл гэтэл өөрсдийнхөө муу зангаа авч үлдээд Үндсэн хуулиа тэрэндээ тохируулчихсан. Одоо тэр нь бүр дотоод сүйрэл рүүгээ очиж байна.

     

    -Монголчуудын 30 жилийн мөрөөдлийг биелүүлж, хөрөнгө оруулалт татаж, Оюу толгойн төслийг хөдөлгөж чадсан хүмүүс өнөөдөр торны цаана сууж байна. Улс төрийн хилс хэрэгт уначихлаа гэж нэг хэсэг нь үзэж байхад нөгөө талд тэднийг авлигачид гээд адалж байгаа. Тэднийг хоригдсоны дараахан та Хүний эрхийн дэд хорооны шугамаар очиж нөхцөл байдалтай нь танилцсан байх аа. Дахиж очих уу?

     

    -Удахгүй дахин очиж танилцах төлөвлөгөөтэй байгаа. Миний хувьд байр сууриа илэрхийлсэн. Шалгах нь зөв. Хардалтыг тайлах нь ч зөв. Бүх зүйл хуулийн хүрээнд явах ёстой.Гэтэл улс төрийн акци маягаар зүгээр л барьж, хорьж байгаад тэрний цаана бахаа хангаж, өс хонзонгоо авдаг юм уу. Эсвэл өмч хөрөнгийн маргаанаа шийдэж байгаа ч юм бил үү. Ийм байдлаар явах юм бол олон түмэн улам эргэлзээнд орно. Үүн дээр бүх л хуулийнх нь механизм байгаа шүү дээ. Гэтэл барьж, хорьдог хугацаатай. Үүнийг дуусгахгүй сунгаад байдаг нь ямар учиртай юм бэ. Ийм зохиомол найруулсан байдал руугаа орчихлоо. Энэ чинь сайн хөрөнгө оруулагчдыг улам үргээж байна шүү дээ. “Монголд шударга хөрөнгө оруулагч түншүүд битгий ирээрэй. Бид Монголоо сүйрүүлээд тамын тогоо руу нь хийж байгаад тэр харанхуй ангал дотроо өөрсдөө мэддэг юмаа мэдээд амьдарна. Одоо Монголд дэлхий бол хамаагүй шүү” гэсэн мессэж өгч байна. Дэлхийн хөрөнгө оруулагчийг урьчихаад хүний эрх, хууль зүй талаасаа төрийн өндөр албан тушаалтнуудаа гаднаас шалгуулах гээд ирсэнийх нь төлөө барьж хориод байх юм. Хорьж болно, хугацаатай шүү дээ. Шүүхийн шийдвэр гараад хэрэг нотлогдох юм бол хэдэн ч жил хорих нь өөр асуудал. Энэ бол бидний 1990 онд байгуулсан нийгэм. Гэтэл энэ нийгмийн маань үндсийн үндсийг доргиож, халдаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад нэг ч хүн баталгаагүй. Зөвхөн өөрсдийнхөө дохио зангаагаар хөдөлгөж, гадна талынхныг хөөж явуулаад, дотор байгаа хүмүүсээ нухаад ганц сайхан бүлэглэл жаргах юм байлгүй дээ.

    Оюу толгойтой холбоотой асуудлыг мөлжөөд байгаа хэрнээ том том асуудлуудаа шалгаж байна уу. Өнөөдөр Эрдэнэтийн 49 хувийг идчихсэн юм уу, идээгүй юм уу. Хууль зөрчсөн юм уу, зөрчөөгүй юм уу. 60 тэрбумын асуудал хэрэг мөн үү, биш үү гэх мэтчилэнд ард түмэн хариугаа авах гээд цөхрөнгөө бараад хүлээж байна. Таван толгойг тойрсон томоохон уул уурхайн шийдвэрүүд чинь юу юм бэ. Яахлаараа бүгдээрээ нийлж байгаад Монголд болж бүтэж байгаа, Монголын ирээдүйд том үр дүнгээ өгөх энэ төслийг л бүтэлгүйтүүлэх найруулга руу яваад байна вэ. “Эрдэнэт”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан асуудлыг шалгаж байгаа юм уу. Ер нь бол өнөөдрийг хүртэл олон асуудал байгаа шүү дээ. Энэ бүгдэд хариултууд алга. Гэтэл цаана нь найруулж байгаа шударга бус тогтолцоо ялаад дийлээд гараад ирчихлээ. Үүнийг хэзээ ч ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй.

    М.МӨНХЦЭЦЭГ

    Эх сурвалж: Өдрийн сонин