Орон нутгийн төсвийн 500 сая төгрөгийг үр ашиггүй зүйлд зарцуулжээ
    2018 оны 05 сарын 27 нд
    8dbcb964c1f682715e129251a308e173.jpg

    “Монголоо сонсъё” аян Орхон аймагт амжилттай үргэлжилсээр байна. Аяны хүрээнд энэ сарын 26-нд Цагаанчулуут, Рашаант, Уртын гол, Наран багийн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Уулзалтад 1000 гаруй иргэн оролцож, үзэл бодлоо илэрхийлэн, тулгамдсан асуудлаа ярилцсан юм. Иргэдийн дийлэнх нь гэрэлтүүлэг асахаа больсон, бүтээн байгуулалт, зам засвар огт хийгдэхгүй байгаа талаар дурдаад гэр хороолол хогондоо дарагдаж байгааг онцоллоо. Хог дуудлагаар ачиж, төлбөр нэмэгдсэнээс хойш иргэд хогоо ачуулж чадахгүйд хүрчээ. Орон сууцны хороололд  7.4 сая төгрөгийн хогийн сав 56 байршилд тавьж, орон нутгийн төсвийн 500 орчим сая төгрөгийг үргүй зарцуулсныг иргэд буруутгаж байна. Түүнийхээ оронд гэр хорооллын хогны асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг эрэлхийлэх ёстой байсан гэдэгт цугласан олон санал нэгтэй байсан юм. Мөн Цагаанчулуут баг, Их хаадын цуваа орчмын эвдрэл гэмтэлгүй хатуу хучилттай авто замыг өргөсгөх нэрийдлээр хуулж аваад, засалгүй жил орчим болж байгаад иргэд шүүмжлэлтэй хандлаа. Өнгөрөгч оны наймдугаар сараас хойш тухайн замаар зорчиход маш хүндрэлтэй, шороо тоос их босдог, ойр орчмын айл өрхүүдэд эрүүл аюулгүй амьдрах нөхцөлгүй болсныг хэлж байв. Тухайн замыг хуулахаас сар орчмын өмнө орон нутгийн төсвийн хөрөнгийн 100 сая гаруй төгрөгөөр явган хүний зам тавьсан байдаг аж. Гэтэл тус замыг автозам хуулахдаа хамт хуулж авсныг “Төсвийн мөнгөөр тоглосон, татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж, үргүй зарцуулсан үйлдэл” гээд эрх баригчдыг ямар ч төлөвлөлтгүй ажиллаж байна гэв.