Тариаланч, малчдын харилцааг зохицуулах шаардлагатай байна гэв
    2018 оны 05 сарын 28 нд
    767f4b1bd63f57a42f0e8ed1d6abed91.jpg

    “Монголоо сонсъё” үндэсний аян энэ сарын 28-нд Орхон аймгийн Жаргалант суманд үргэлжиллээ. Хуваарийн дагуу Жаргалант сумын Ардчилсан намын хорооны үйл ажиллагаатай танилцаж, гишүүдтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонссон юм. Уулзалт сонгуульт гишүүдийн сургалтаар үргэлжлэн, Ардчилсан намын үндсэн дүрэм, үзэл баримтлал болон бусад шаардлагатай мэдээллийг хүргэлээ. Түүнчлэн намын ахмад гишүүдийн ахуй амьдралтай танилцах үүднээс 30 гаруй өрхөөр зочилж, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонсч, Ардчилсан намын бодлого,  үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн юм. Уулзалтын үеэр тус сумын иргэд "Ажилгүйдэл, ядуурал дээд цэгтэй хүрч, хүн бүр банкны өртэй амьдарч байна" гэв. Орхон аймгийн удирдлагууд  хөдөөгийн ганц суманд огт анхаарал тавьдаггүй, иргэдээ амьдрах нөхцөл боломжоор хангадаггүй гэдгийг ч хэлж байв. Мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болох Жаргалант сумын иргэд тариалангийн талбай болон малын бэлчээрийг заагласан хашаа нэн тулгамдсан асуудал болохыг дурдаад тариа хураалтын үеэр болон өвөл, хавар ногоогоо чөлөөтэй худалдан борлуулах цэг хэрэгтэй байгааг онцолсон. Өнгөрөгч хавар тус суманд гоц халдварт шүлхий өвчин дэгдэж, хорио цээр тогтоон тусгаарлагдаж, маш хүнд нөхцөлд  байжээ.  Шүлхий өвчнөөс үүдэлтэй хохирол амссан иргэдийн нөхөн олговрыг одоо хэр нь өгөхгүй байгаад болон голомтот цэгээс  өвс тээвэрлэн тараасан аймаг, сумын удирдлагуудад гомдолтой байгаагаа иргэд хэлж байна. Жаргалант суманд нүүрлээд буй дараагийн бэрхшээл бол нутаг ус,  үзэл баримтлалаар нь иргэдээ талцуулан хуваадаг байдал газар авчээ. Сумын захиргаа болон цэцэрлэг сургуулиас хувийн үзэл бодлоосоо  болж ажлаас халагдсан иргэд гомдолтой байгаа бөгөөд төрийн албаны залгамж чанар, мэргэшсэн боловсон хүчин байхгүй болж, ах дүүгийн барилдлагаар ажил явагддаг болсон гэлээ. Цаашид тус сумын хөгжил цэцэглэлт, иргэдийн ахуй амьдрал орон нутгийн удирдлагууд анхаарал хандуулж, залуусыг ажиллах, хөдөлмөрлөх, сурах, боловсрох талд нь анхаарал хандуулж, малчид тариаланчдын үйл ажиллагаанд тус нэмэр болохыг Жаргалантынхан хүслээ.