Арилжааны банкны зээлийн хүүнд зохицуулалт шаардлагатай гэв
    2018 оны 05 сарын 29 нд
    9f4ba945a0480a282acd6f134e0204bc.png

    Энэ сарын 28-нд Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрт “Монголоо сонсъё” үндэсний аяны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус арга хэмжээнд Баянхонгор аймгийн Ардчилсан намын хорооны Дэд дарга Т.Бат-Очир, Дэд дарга Л.Ганхүү, Хэрэг эрхлэх газрын дарга Б.Гантулга, ҮБХ-ны гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан, ҮБХ-ны гишүүн Б.Мөнхжаргал, ҮБХ-ны гишүүн Б.Гантулга, ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд нар оролцлоо.

    Өдөрлөгийн үеэр иргэд, гишүүд, дэмжигчдэд Ардчилсан намын 2017 оны үйл ажиллагааны тайлан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн мэдээлэл, аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн мэдээлэл, Аймгийн ардчилсан намын хорооны товч тайланг танилцуулж, мэдээлэл хүргэв. Мөн энэ үеэр иргэдийн санал, сэтгэгдлийг сонссон юм. Уулзалтын үеэр зээлийн хүү өндөр байгаа нь ард түмнийг хоосолж, банкныхан мөнгө угаах үндэс болж байгааг иргэд  онцолж байлаа. Тиймээс иргэддээ шударга хандаж, зээлийн хүүг бодитой болгож, зохицуулалт хийхийг төрөөс хүсэв. Үүнээс гадна орон нутагт Ардчилсан намын үед хийсэн бүтээн байгуулалтын ажлуудыг МАН үгүйсгэж, арчлахгүй байгааг анхааруулж байв. Улмаар аль ч намын үед хийсэн бүтээн байгуулалт улс орны хөгжлийн төлөө учраас бие биенээ харлуулж, үгүйсгэхээ зогсоохыг шаардсан юм. Иргэд УИХ-ын гишүүдийн ёсзүй, үйл ажиллагаатай холбоотой олон саналыг хэлж байв. Тухайлбал, Баянхонгор аймгийн есдүгээр тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Таван хүүхэдтэй айл хүүхдийн 20 мянган төгрөгөөрөө амьдраад ажил хийх хүсэл, тэмүүлэлгүй болсон” гэж ярьсныг эсэргүүцэж байгаагаа иргэд илэрхийлж байна. Энэ нь Баянхонгор аймгийн нэр хүндийг унагахын зэрэгцээ иргэдийн амьдралын бодит байдлыг мэдэхгүй доромжилж байгаа хэлбэр хэмээн бухимдлаа илэрхийлэв.

    Нээлтийн арга хэмжээний үеэр залуу уран бүтээлчид ая дуугаа өргөж, уулзалтад ирсэн иргэдийн дундаас азтан тодруулсан юм. Нийт 28 азтан шалгаруулснаас 50 мянган төгрөгийн эзнээр  гурван хүн, iphone5 гар утасны эзнээр зургаан хүн, Итгэлт хамбад аялах эрхийн бичгийн эзнээр 18 хүн тус тус тодорсон  юм.

    Баянхонгор сумын Ардчилсан намын хороо “Монголоо сонсъё” нээлттэй өдөрлөгийн хүрээнд Баянхонгор сумын хэмжээнд гар бөмбөгийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулж эрэгтэй 15, эмэгтэй 18 баг оролцсон байна. Эрэгтэй ангилалын I байрт Галуут, II байрт Эрдэнэмандал багууд шалгарсан бол  III байрт Онцгой байдлын албан хаагчид тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналын эзэн боллоо. Харин эмэгтэй ангиллын I байрт Эрдэнэцогт,  II байрт “Нэг үе", III байрт “Андууд” багууд тус тус шалгарч, алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналын эзэн болсон юм.