“Монголоо сонсъё” аян Хэнтий аймгийн даяар өрнөж, 2635 км замыг тууллаа
    2018 оны 06 сарын 01 нд
    9689fb351ef467005f817a16b5d1ff99.jpg

    "Монголоо сонсъё" үндэсний аян Хэнтий аймаг даяар амжилттай үргэлжилж, Жаргалтхаан суманд хаалтаа хийлээ. Аяны хүрээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд болон бусад холбогдох албаны хүмүүс Ардчилсан намын бодлогын шинэчлэлийн талаар мэдээ мэдээллийг хүргэх, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох зорилгоор 2635 км зам  туулж , сумдын нөхцөл байдалтай газар дээр нь  танилцаж, тулгамдаж буй асуудлыг сонсчээ. Уулзалтуудын үеэр иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн 60 хувийг бэлчээрийн даац, цөлжилт, байгаль экологийн асуудал эзэлж байна. Үүнээс гадна эрх баригчдын бодлогогүй шийдвэр, улстөрчдийн ёсзүйгүй үйлдлийг иргэд хатуу шүүмжилж байсан юм.

     

    Хэнтий аймгийн Ардчилсан залуучуудын холбоо”-ноос Жаргалтхаан сумын иргэдийн дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулж, I байрт н.Баатарзул, II байрт н.Болд-Эрдэнэ, III байрт н.Уламбаяр нар тус тус шалгарсан байна. Түүнчлэн Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд Жаргалтхаан сумын ахмад настнуудын төлөөлөл бүхий 35 ахмадыг хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонсчээ. Тус сумын “Ахмадын холбоо нь долоо хоног бүрийн лхагва гарагт цуглаж, “Цайны өдөрлөг”-ийг зохион байгуулдаг төдийгүй мэдээлэл солилцож, орон нутгаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог аж.

     

    Түүнчлэн зарим гишүүд, дэмжигчдийг шагнаж, урамшуулан, 300 гаруй иргэдээс азтануудыг тодруулсан байна. Тодруулбал, ардчилсан үнэт зүйлсийг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж , ардчилсан хөдөлгөөнд эмэгтэйчүүдийг манлайлан удирдсан хувь нэмрийг нь үнэлэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны дээд шагнал “Лиш” одонгоор С.Эрдэнэтунгалаг, Д.Ариунаа, Д.Дуламсүрэн нарыг шагнажээ. Мөн С.Баасанжав, Р.Минж, Н.Ганпүрэв нарыг Монгол Улсын тусгаар тогтнол эрх чөлөө, хүний эрхийн төлөө үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж “Эрх чөлөөний одон”-гоор шагналаа. Түүнчлэн Монгол оронд ардчилал, шударга ёсыг тогтоох ариун үйлсэд оруулсан хувь нэмэр хүчин зүтгэлийг нь үнэлж "Ардчилал ахмад зүтгэлтэн" одонгоор Ш.Гомбожав, Тэргүүний залуу медалиар Ж.Нямгарав нарыг тус тус шагнаж урамшуулжээ.