С.Эрдэнэ: У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагаа хүлээх цаг болсон
    2018 оны 06 сарын 05 нд
    b1b33e9b1fe818f7b1cd207d929791a8.jpg

    УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

     

    -Таны санаачилсан Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлал УИХ-аар хэлэлцэгдээд дэмжсэнгүй. Хуулийн төсөл батлагдсан бол ямар зохицуулалт хийгдэхээр байсан бэ?

     

    -Банк санхүүгийн үйл ажиллагаа төрөөс ямар ч зохицуулалтгүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл 28 жил ямар ч дарамт шахалтгүй, чөлөөтэй явж ирсэн гэсэн үг. Төрийн зохицуулалт хийгдэхгүй явснаас болж банк, санхүүгийн байгууллага монополь болсон. Бүр вант улс шиг болчихсон юм. Сүүлийн арван жил банк санхүүгийн байгууллагын нийт актив зээлийн эх үүсвэр 6.8 дахин өссөн. Ингэж өссөн хэр нь зээлийн хүү ерөөсөө буураагүй. Нөгөөтэйгүүр зээлийн эрэлт, нийлүүлэлт тодорхой хэмжээгээр зохицуулагдах ёстой. Гэтэл зээлийн эрэлт өндөр хэвээрээ байхад нийлүүлэлт нь хуучнаараа бага буюу хомсдолтой байгаад байдаг.

    Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр надад “Сүүлийн жилүүдэд арилжааны банкуудад Монголбанк долоон их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлсэн” гэж ярьсан. Үнэхээр дэмжлэг үзүүлсэн бол энэ мөнгө хаашаа орсон юм бэ. Монголд банк, санхүүгийн байгууллагуудад төрийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарчихсан байна. Нийт мөнгөний урсгал буюу активийн 95 хувь нь арилжааны банкуудад төвлөрчихсөн байгаа. Яагаад арилжааны банкууд ийм их хэмжээний мөнгөний урсгалыг бариад байна гэхээр өндөр хүүтэй хадгаламжийг төлдөг болчихсон юм. Тэгэхээр өндөр хүүтэй хадгаламж байгаа цагт хувь хүн байна уу, аж ахуйн нэгж байгууллагууд ч байна уу ялгаагүй өөрийнхөө мөнгийг ямар нэгэн хөрөнгө оруулалтад хийж, эрсдэлтэй байдал үүсгэж байхаар гээд шууд хадгаламжинд байршуулдаг. Ингээд амар тайван, ямар ч алдагдал, эрсдэлгүй, хуулийнхаа дагуу хүүгээ хүртээд суудаг. Мэдээж энэ нь тэдэнд ашигтай. Зарим аж ахуйн нэгж байгууллагууд гадаадаас маш бага хүүтэй мөнгө татаж оруулж ирээд түүнийгээ Монголын арилжааны банкуудад өндөр хүүтэй хадгаламжинд байршуулдаг болж. Тэр дундаас нь мөнгө хүүлж, хөлждөг. Ямар ч ажил хийхгүй, зүгээр сууж байгаад зардалгүй, эрсдэлгүй хүүгээр мөнгө хүүлэх ийм үйл ажиллагааг ч явуулж байна. Энэ бүгдийг таслан зогсоохын тулд уг хууль өндөр ач холбогдолтой байсан.

    Хоёрдугаарт, Монголд хөрөнгийн зах зээл яагаад хөгжихгүй байна вэ. Яагаад улс орны бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн оролцоо бага байна вэ. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулалт, эсвэл улсын төсвийн хөрөнгө оруулалт дээр тогтож байна шүү дээ. Энэ бүгд үндсэндээ банкны гаж тогтолцоонд байгаа юм. Тийм учраас зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчилж өгье, тэрхүү хязгаараас давсныг нь мөнгө хүүлэлт гэж үзээд хариуцлага тооцдог байхаар энэ хуулийн төслийг санаачилж, өргөн барьсан.

     

    -Заавал төрийн зохицуулалт хийх шаардлага байгаа юм уу?

     

    -Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлаад өгөхөөр банкны хадгаламжийн хүү дагаад буурна. Хадгаламжийн хүү буурахаар банкинд мөнгөө хадгалуулж хүүгээр нь хөлждөг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөр ашигтай зүйл рүү хөрөнгөө чиглүүлдэг болно. Энэ дагуу тэр хүмүүс хаана, ямар ашигтай хөрөнгө оруулалт, бизнес байна гэдгийг эрж хайж эхэлнэ. Ингэснээрээ улсын эдийн засагт томоохон хөшүүрэг болж өгөх юм болов уу гэж харсан. Тэр утгаараа уг хуулийн төслийг санаачилсан. Гэхдээ дан ганц зээлийн хүүг бууруулах гээд байгаа юм биш.

    Нөгөө талаасаа баялаг бүтээж байгаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй байгууллага, хувь хүмүүст банкны зээлийн хүү гэдэг үнэхээр хэцүү дарамт болдог. Хамгийн багадаа жилийн 20, 30 хувийн хүүтэй зээлийн дор босч, ашигтай ажиллана гэдэг боломжгүй, хэцүү зүйл. Хамаг юмаа барьцаанд алдана, сүүлдээ дампуурна. Юун нөгөө бизнес, үйлдвэрлэл. Ингээд ядуурал руу явж орж байгаа хүмүүс их байна. Тэгэхээр ийм нөхцөл байдал амьдрал дээр байгаа учраас үүнийг зөв болгохын тулд төрийн зохицуулалт хийе л гэсэн юм.

     

    -Зээлийн хүүг бууруулах талаар байнга ярьдаг хэрнээ яагаад уг хуулийн төслийг дэмжээгүй юм бэ?

     

    -Ер нь арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хэмжээг боломжийн хэмжээнд тусгаж өгсөн гэж харж байгаа. Тэгэхээр арилжааны банкуудад алдагдалтай зүйл биш байсан. Харамсалтай нь уг хуулийн эсрэг банкуудын лобби маш хүчтэй явлаа. Дээр нь арилжааны банкуудын лоббиг Монголбанк бодлогын хувьд дэмжлээ. Монголбанк чинь төрийн байгууллага шүү дээ. Мөнгөний бодлого, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах ёстой байгууллага. Харамсалтай нь өөрөө арилжааны банкуудын талд орчихоод лоббиг хүчтэй явууллаа. Нөгөөтэйгүүр Эдийн засгийн байнга хороон дээр үг хэлсэн гишүүд бүгд дэмжсэн хэр нь санал өгөхдөө бүгд эсрэг өгсөн. Тэр гишүүдэд хүсэл зориг байгаа мөртлөө санал нь эсрэг явж байна гэдэг лоббид орсны л илрэл.

     

    -Хуулийн төслийг хэлэлцэх явцад зарим гишүүнд хувийн эрх ашгийн сонирхлоор хандсан гэсэн үг үү?

     

    -Тийм. Арилжааны банкинд хэдэн тэрбумын хадгаламжтай гишүүд байж л байгаа. Өөрөө биш юм гэхэд ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь өндөр хадгаламжтай байгаа. Тэдэнд ашиг сонирхол шууд л үйлчилнэ шүү дээ.

     

    -Хуулийн төслийг дэмжээгүй. Одоо яах бодолтой байна вэ?

     

    -Олон нийтэд илүү их таниулж, сурталчилна. Ямар ч байсан Монгол Улсад шударга, өөрсдийгөө бус ард түмнээ хүндэтгэдэг, улс орны эдийн засгийг боддог улс төрийн хүчин ялах цаг ирнэ биз дээ. Ийм хүмүүсээр олонх нь бүрдсэн Их хурал бий болох цаг ирэх байх. Тэр үед нь уг хуулийг батална даа.

     

    -Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг та өргөн барьсан. Их хурал хууль санаачлагчид нь буцаалаа. Их хурал үүнийг дэмжээд явах боломж байсан уу. Нам харгалзаад унагачихав уу?

     

    -Энэ хуулийг анх өргөн барихдаа хэдэн хүнд төрөөс хөнгөлөлт үзүүлэх төдийгөөр асуудлыг авч үзээгүй юм. Аливаа улсад түүхэн үйл явдлууд байдаг. Нийгмийг өөрчилсөн томоохон хувьсгал хөдөлгөөнүүд тэр нь тухайн улсдаа түүх болж үлддэг. Хорьдугаар зууны төгсгөл хориннэгдүгээр зууны босгон дээр Монголд болсон том содон үйл явдал гэвэл ардчилсан хувьсгал байсан. Үүнтэй хэн ч маргахгүй. Ардчилсан хувьсгалын түүхэн ололт амжилт, үнэ цэнийг ярих цаг болсон. Тэр утгаараа түүхийн томоохон өөрчлөлт хувьсгалыг санаачлан эхлүүлж, ардчилсан хөгжлийн замыг сонгоход тодорхой үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг амьд сэрүүн байгаа дээр нь гавьяа зүтгэлийг нь үнэлэх үүднээс хуулийг санаачилсан. Түүнээс Ардчилсан намын болон МоАХ-ны хэдэн хүнд байр, мөнгө өгөх гэж байсан юм биш.

    Эрх баригчдын зүгээс мэдээллийн хэрэгслүүдээр ардчиллыг гутаах гэсэн явуулга сүүлийн үед явж байна. Социализмыг магтан дуулсан үйлдвэртэй бол үйлдвэртэй байсан, хүмүүс ажилтай бол ажилтай, элбэг хангалуун сайхан нийгэм байсан юм байх. Яг бодит байдал ямар байсан бэ гэхээр магтан алдаршуулаад байгаа социалист нийгэм тэнд амьдарч байсан хүмүүс өнөөдөр 45-аас дээш насныхан болчихсон байна. Үүнээс доош насныхан тухайн үеийн нийгмийн амьдралыг бараг ойлгохгүй. 30-аас доош насныхан мэндлээ ч үгүй байсан. Тиймээс ардчилал гарчихсан бүх зүйл нээлттэй болчихсон, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх нь чөлөөтэй болчихсон байсан юм. Тэд бүх цаг үед ийм л байсан гэж ойлгодог. Ийм нөхцөл байдалд залуучуудын уураг тархийг угаах, хордуулах ажлыг эрх баригчдын зүгээс зориуд хийж байна. Тиймээс ийм цаг үед энэ хуулийг батлуулах, төслийн үнэ цэнийг хүүхэд залуучуудад коммунизм, социализмын хөнөөл юу байсныг бодитоор ойлгуулах нь чухал болсон. Уг хуулийг эрх баригчид унагалаа. Гэхдээ ямар үндэслэлээр энэ хуулийг баталж болохгүй гэдгээ тайлбарлаж чадаагүй. Ардчилал гэдэг нэр зүүсэн болохоор энэ хууль унасан.

     

    -Хуулийн төслийг хэрэгжүүлэхэд 70 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ их мөнгө байхгүй гэж Ардын нам яриад байсан. Тийм их мөнгө шаардлагатай байсан уу?

     

    -1990 онд ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатуудад байр, тэтгэмж өгсөн. Тэр хүмүүс хэний, юуны хүчинд АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн болж байсан юм. Хөрс суурийг бэлдэж шинэ Үндсэн хуулийг хэн санаачилсан юм гээд яривал олон зүйл бий. Тухайн үеийн депутатуудын гуравны хоёр нь тухайн үеийн МАХН-ын гишүүд байсан. Ингээд яриад байвал аль намын гаралтай хүн нь ардчилсан хувьсгалын ололтын үр дүнг хүртэж ямар нь хүртдэггүй юм. Үндсэн хуулиар хүний нийгмийн гарал, үзэл бодол, шашин шүтлэг гэх мэтээр ялгаварлан гадуурхахыг хориглосон. Өнөөдөр эрх барьж байгаа МАН-ынхан алхам тутамдаа Үндсэн хууль зөрчиж байна. Хүүхдийн мөнгөн дээр мөн л Үндсэн хууль зөрчсөн. Өөрсдөө суурь хуулиа зөрчсөнөө ойлгохгүй юм. Хүүхэд хаана ч төрсөн бай төрийн хайр хишгийг адилхан хүртэх ёстой. Харамсалтай нь Ардчилсан намтай холбоотой, ардчилал орсон үг бүхнийг үзэн яддаг хэсэг бий.

     

    -Хүүхдийн мөнгийг мөн 100 хувь олгох асуудлыг хэлэлцсэн дэмжээгүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мөнгө байгаа ч ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд гэрээгээ зөрчиж болохгүй гээд байсан...

     

    -Ардын намынхан Ардчилсан нам хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгох шийдвэр гаргаж байсан гэж баахан зөрүүлж бухав даа. Тэд асуудлаа ялгаж салгаж ойлгохгүй юм. Тухайн үед нийгмийн хамгааллын зорилтот бүлгийг тодорхойлох асуудлын хүрээнд 19 категориор өрхийн амьжиргааны түвшинг тогтоосон. Зорилтот бүлгийн хүүхдүүддээ хүүхдийн мөнгөө өгөөд амьжиргааны түвшин дээгүүр өрхийн хүүхдүүд хүсвэл хүүхдийн мөнгөө авдаг, хүүхдийн мөнгөө авахгүй байгаа бол хүүхдийн мөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэхгүй байхаар шийдэж хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийх замаар хуульчилсан. Үүнийг хольж хутгаад АН хүүхдийн мөнгийг 60 хувьд өгсөн юм шиг яриад байгаа юм. Хэмнэсэн хүүхдийн мөнгөөр таван аймгийн хүүхдийн зусланд огт засвар хийгээгүй байсныг их засварт оруулж байсан. Хүүхдийн хөгжлийн найман төв байгуулж байсан юм. Энэ нь шууд бус утгаараа хүүхдэд чиглэсэн ажил болж байгаа байхгүй юу. Эцэг, эхчүүд нь хүүхдийн мөнгийг аваагүйгээрээ нийт хүүхдэд хөрөнгө оруулж байгаа юм шүү дээ. Энэ зөв хуулийг Ардын намынхан гарч ирээд хүчингүй болгосон. Ардын намынхан гарч ирээд хүүхдийн мөнгийг дандаа байхгүй болгодог. 2012 онд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр олгож байсныг Ардын намынхан бүр байхгүй болгосон байсныг нь 20 мянга болгож байсан юм, бид.

    Улс оронд мөнгө байхгүй гэж худлаа яриад байгаа хэр нь өөрсдийнхөө тансаглалыг бүрдүүлээд л явж байна. Сүүлдээ Сангийн сайд нь цагаандаа гарч “Мөнгө байгаа, гэхдээ ОУВС зөвшөөрөхгүй байна” гэдэг зүйлийг ярьж байна. Энэ юу гэсэн үг юм. Монгол Улсыг ОУВС удирдах ёстой юм уу, шийдвэр гаргадаг болчихсон юм уу. Тэгвэл тэр ОУВС-даа төрийнхөө эрх мэдлийг тамга, тэмдэгтэй нь хамт өгчих хэрэгтэй шүү дээ. Хэрэв бие даасан тусгаар улс мөн л юм бол бодлогоо хэрэгжүүлээд явах ёстой. Ер нь бол хүүхдийн мөнгийг нийт хүүхдэдээ олгох ёстой. Манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах гэрээ, конвенцид нэгдчихсэн. Уг конвенцид хүүхдийг ямар нэгэн байдлаар алагчлахгүй байна гэж заасан байдаг. Гэтэл эрх баригчид Монголын хүүхдүүдийг эцэг, эхээр нь, баян, ядуугаар нь ялгаварлаж байна. Ийм байж болохгүй шүү дээ.

    Хүүхдийн мөнгө чинь эрх баригчдын яриад байгаа шиг халамж биш. Хүүхдийн ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт. Эрх баригчид мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгоно гэчихээд хамгийн их ялгаварлаж байгаа хүмүүс. Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат гээд юмыг эрүүлээр хардаг гишүүд эрх баригчид дунд бий. Даанч тэднийгээ нүд үзүүрлээд байх юм. 2016 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөсөө эрх баригчид юу ч хэрэгжүүлсэнгүй. Өрийг өрөөр дарахгүй гэсэн хэрнээ өрийг өрөөр дарсан. Баялаг бүтээж бодит хөрөнгө босгож өр дараагүй л байхгүй юу.

    Ардын нам гараад нэг км авто зам ч тавьсангүй. Өнгөрсөн жил Ардчилсан намын тэргүүлсэн эвслийн Засгийн газрын үед эхлүүлсэн ажлуудыг дуусгаж шоу хийлээ. Бүрэн эрхийн хугацаа нь талдаа орчихсон байгаа тул эрх баригчид авсан тэр их зээлээрээ юу хийснээ тайлагнах цаг болсон. Нэг удаа тэтгэврийг 27 мянгаар нэмсэн. Өөр юу хийв. Эмч, багш нар нь талбайдаа гарчихсан жагсаал цуглаан хийгээд л. Би тэднийг дэмжиж байгаа. 400 мянган төгрөгөөр тэд яаж амьдрах юм. Ам.долларт шилжүүлбэл 100 гаруй доллар болно. У.Хүрэлсүхийн Засгийн газар тайлангаа тавих цаг болсон. Үүрэх үүрэг хариуцлага гэж байдаг бол хариуцлагаа хүлээх болсон. Шоуддагаа боль. 2012-2016 онд АН-ыг муулсаар байгаад нэр хүндийг нь унагаасан. Одоо ч гэсэн өмнө нь тэгсэн гээд ярих юм. 65 суудалтай МАН-д бүх боломж бий. Ямар нэгэн хуулийн гацаа алга. Хүрэхгүй гэх эрх мэдлийн зовлон алга.

     

    -Ардчилсан намын зүгээс хоёр сайдыг огцруулах асуудлыг хөндсөн ч асуудал нам жим боллоо. Юу болж байна вэ?

     

    -Бидэнд албан ёсоор хариу ирүүлээгүй. Сошиалаар л ийм хариу өгсөн гэдэг юм яриад байгаа. Бусад оронд улстөрчдийн хүлээх үүрэг хариуцлага өндөр байдаг. Ямар нэгэн асуудалд холбогдсон л бол огцордог, шалгуулдаг ёс зүйтэй байж чаддаг. Монголд нотлогдчихоод байхад “Би гэм буруугүй” гээд гүрийдэг. Ц.Нямдорж сайд байранд мөнгө төлөхгүй сууж байгаа, хүүхдийнхээ Эрдэнэт үйлдвэрт шахсан шахааг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс илүү яаж нотлох юм. Ч.Хүрэлбаатар сайд өмнө нь мөнгөтэй холбоотой асуудал, Хотгор шанагын уурхайг зарсан асуудал нь нотлогдчихоод байхад “Би гэм буруугүй” гээд суугаад байдаг. Энэ чинь ёс зүйгүй байгааг харуулаад байгаа юм. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар сайд нар хууль дээдлэх зарчмаар ажиллаж чадсан юм уу. Чадсан гэж хэн ч хэлж чадахгүй. Хууль зөрчсөн хоёр сайдаа илт хамгаалаад байгаад У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрөө хууль дээдлэх зарчмаар ажиллаж чадаж байна уу. Чадахгүй байна шүү дээ. Бид У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр сайдын асуудлыг ингээд орхихгүй. Үндсэн хуулийн Цэцэд асуудлыг тавина.

     

    Э.Энхболд

    Эх сурвалж: Өдрийн сонин