Хүүхдийн мөнгийг алагчлан олгож байгаад иргэд гомдолтой байна гэв
    2018 оны 06 сарын 05 нд
    7443cf433c6891c626a6821714034bfd.jpg

     

    "Монголоо сонсъё" аян Өмнөговь аймгийн Манлай суманд амжилттай үргэлжилж, ахмадуудын уулзалтаар эхэлжээ. Ахмадуудаа сонсох уулзалтад 60 гаруй ахмад оролцож, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд аяны зорилго, намын үйл ажиллагаа, шинэчлэлийн бодлогын талаар мэдээлэл хүргэж, санал бодлыг нь сонсч, гарын бэлэг гардуулсан байна. Иргэдийн уулзалтад 300 орчим хүн оролцсон бөгөөд энэ үеэр усны нөөцийн хомсдол, Орхон-Говь төслийн хэрэгжилт, малын хулгай, ажилгүйдэл, архидалт, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг тэгш олгох, малын ноос ноолуур, арьс шир, түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, орон нутагт боловсруулах үйлдвэр байгуулах, хүүхдийн хүмүүжил, ёсзүй, харилцааг дээшлүүлэх зэрэг өргөн сэдвээр ярилцаж, санал бодлоо илэрхийлжээ.

    Түүнчлэн тус сумын ЕБС-ийн багш нарын чадвар хангалтгүй, мэргэжлийн багш цөөн, орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчдын хүүхдүүд аймгийн төвд суралцаж, малчид, ажилгүй иргэдийн хүүхдүүд сумандаа суралцаж байгааг хэлж байлаа. Энэ нь боловсролын салбарын ялгавартай байдлыг улам нэмэгдүүлж байгааг ч хэлж байв. Үүнээс гадна тус суманд цэцэрлэгийн насны 250 хүүхэд амьдардаг боловч байгаа ганц цэцэрлэг нь 150 хүүхдийг багтаах боломжтой аж. Тиймээс Манлай сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн асуудал тулгамдаад буйг уулзалтын үеэр иргэд хэлж байлаа. Мөн тус сумын төвөөс хоёр км-ийн зайд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нүүрс олборлох уурхай үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байгааг дуулгаад нутгийн иргэд үүнийг хатуу эсэргүүцэж байгаа боловч эрх мэдэлтнүүдийн өмнө хүчин мөхөстөж байна гэв.

    Түүнчлэн аяны хүрээнд сумын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг иргэдийн дунд амжилттай зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ нарийн мэргэжлийн эмч нар Манлай сумын иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд 200 гаруй иргэн оношлогоонд хамрагдаж, зөвлөгөө авсан байна. Мөн залуу уран бүтээлчид ая дуугаа өргөж, “Мөрөөдлийн өртөө дууны уралдааны шилдэг оролцогчдын тоглолт болсон аж. Өмнөговь аймгийн Манлай суманд хоёр өдрийн турш үргэлжилсэн “Монголоо сонсъё аянд нийт 500 гаруй иргэн хамрагджээ.