Даланзадгад-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай автозамын ажлыг түргэвчлэхийг шаардав
    2018 оны 06 сарын 10 нд
    1a057acab6e0ccb2f5985f183a00cd17.jpg

    “Монголоо сонсъё” үндэсний аян энэ сарын 06-09-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Сэврэй, Гурвантэс сумдад амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үеэр орон нутгийн иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг сонсохоос гадна Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж ажилласан байна. Уулзалтын үеэр иргэд Өмнөговь аймгийн удирдлагууд төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж байгааг шүүмжилж байлаа. Тухайлбал, өмнөх жилүүдээс тав дахин их мөнгийг орон нутгийн удирдлагууд ямар ч үр дүнгүй зүйлд зарцуулсныг хэлж байв. Түүнчлэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас  Гурвантэс орох хатуу хучилттай автозамын ажлыг ахиулахгүй байгааг ч сануулж байв. Уул уурхайн машины тоос шороо ихэсч, газрын хөрсийг эвдэж байхад хоёр жилийн хугацаанд нэг ч км зам тавьсангүй хэмээн бухимдаж байна. Үүнээс гадна Гурвантэс суманд олон тооны уурхай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд агаарын бохирдлын төлбөрт улсын төсөвт 11 тэрбум төгрөг төвлөрч байхад суманд нь нэг төгрөг ч ирэхгүй байгааг хэлж байсан юм. Шүүх, цагдаа зэрэг хууль хяналтын байгууллагууд иргэдийн эрх ашгийг дээдлэн ажиллаж чадахгүй байгааг ч хэлж байв. Улмаар эрх баригчид  цаашид энэ байдлаар ажиллах юм бол Өмнөговь аймгаас эхлээд газар ч үгүй, ус ч үгүй, мал ч үгүй болоход ойрхон байгааг иргэд хэлж байна. Сэврэй сумын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлж, хатуу хучилттай авто зам тавих шаардлагатай байгааг уулзалтын үеэр иргэд хэлж байлаа. Учир нь Гурвантэс орох замд Сэврэй сумын нутгаар дайран өнгөрдөг тул газрын хөрс маш их зам эвдэрч, хохирч байна гэв. Түүнчлэн Сэврэй сумын иргэд төрийн залгамж халаа байхгүй болсныг онцлоод Ардчилсан намын эхлүүлсэн үр өгөөжтэй ажлууд бүгд зогссонд сэтгэл дундуур байгаагаа хэлж байлаа.