Г.Алтангэрэл: Эрх баригчдад итгэл алдарсан иргэд шинэчлэлийг хүсч байна
    2018 оны 06 сарын 12 нд
    45a00e43187a0b0e1224760ed8fc396a.jpg

    Орон даяар үргэлжилж буй “Монголоо сонсъё” аян Орхон аймагт амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийсэн юм. Энэ үеэр Орхон аймгийн Хэрэг эрхлэх газрын дарга, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Г.Алтангэрэлтэй цөөн хором ярилцлаа.

    -“Монголоо сонсъё” аян Орхон аймагт амжилттай зохион байгуулагдаж хаалтаа хийлээ. Энэ удаагийн аяныг иргэд хэрхэн хүлээж авсан бэ?

    -Орхон аймгийн Ардчилсан нам “Монголоо сонсъё” аяныг амжилттай зохион байгууллаа. Бид нэг сарын хугацаанд Орхон аймгийн хоёр сум, 23 багийн нийт 20 мянга орчим иргэд, сонгогчидтой уулзаж, санал, бодлыг нь сонсч, ажилласан. Аяны хүрээнд хэд, хэдэн ажил зохион байгуулсан. Тухайлбал, намын удирдах бүрэлдэхүүнд хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж, тэдний санал, бодлыг сонслоо. Үүнээс гадна анхан шатны бүх гишүүдтэйгээ уулзаж, цаашид Ардчилсан нам бодлогын ямар үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа тухай ярилцаж, саналыг нь сонссон. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам зөвхөн сөрөг хүчний байр сууринаас шүүмжлэгч байх юм уу, эсвэл сонгуулийн бус жил унтаа байх юм уу зэрэг асуудлыг олон талаас нь харан ярилцаж, гишүүдийнхээ саналыг сонслоо. Үүний дараа Орхон аймгийн иргэдтэйгээ уулзсан. Өнөөгийн эрх баригчдын бодлого, шийдвэрийн талаар иргэдийн саналыг сонсох, ард түмний амьдрал бодит байдал дээр ямар түвшинд байгаа, үнэхээр болоод байгаа юм уу, болохгүй байгаа юм уу гэдгийг ярилцаж, шийдлийг хамтдаа эрэлхийлсэн, үр дүнтэй уулзалтууд боллоо. Иргэдийн саналыг бүх шатны эрх баригчдад хүргэж, 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт санал, бодлыг тусгана. Үүнд “Монголоо сонсъё” аяны гол зорилго оршиж байгаа гэж харж байна. Ардчилсан нам бодлогын нам болж байгаа учраас бодлогын салбар зөвлөлүүдийг орон нутагт байгуулаад ажиллаж байна. Бид салбар хороодоороо дамжуулан иргэдийн санал дээр тулгуурлаж, орон нутгаа хөгжлийн бодлогын хөтөлбөрүүдийг боловсруулахыг зорьж байгаа. Энэ удаагийн “Монголоо сонсъё” аяныг иргэд маш сайхан хүлээж авсан төдийгүй хүлээлттэй байсан нь уулзалтуудын үеэр харагдаж байсан. Ард түмэн саналаа чөлөөтэй илэрхийлж, олон чухал асуудлыг хөндсөн. Бид “Монголоо сонсъё” аяны хаалтыг Эрдэнэт хотдоо зохион байгуулж, Бүрэн бүстийн овоогоо тахиж, наадам зохион байгууллаа. Мөн ард түмэндээ зориулсан соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулсан.

    -Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дийлэнхийг ямар асуудал эзэлж байна вэ?

    -Орхон аймагт ажилгүйдэл, ядуурал дээд цэгтээ хүрсэн гэдгийг иргэд хэлж байна. Одоогийн эрх баригч МАН өрх бүрт нэг ажлын байр бий болгоно гэсэн боловч амлалтаасаа ухарч, ажлын байр бий болгох нь бүү хэл хасч байгааг олон хүн хэлж байв. Үүнээс гадна эрх баригчдын тансаглал, авлига хэрээс хэтэрснийг иргэд анхааруулж байна. Тухайлбал, Орхон аймгийн удирдлагууд долоон сая төгрөгөөр хогийн сав орон сууцны хороололд тавьсан байх жишээтэй. Түүнчлэн боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбарын асуудлууд маш их хөндөгдсөн. Жижиг, дунд бизнес эрхлэгчид бүгд дампуурч, үйлдвэрлэл бүрэн зогссон. Энэ хэрээр иргэдийн амжиргааны түвшин улам дордож байгааг бид нүдээрээ харж байна. “Монголоо сонсъё” аяны хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Улмаар Орхон аймгийн алслагдсан гэр хороолол, багуудад ажиллах явцад даралтны эмээ ч авч чадахгүй ахмадууд зөндөө байсан. Тэгэхээр ард түмний амьдрал ямар түвшинд байгаа нь ойлгомжтой. Тиймээс ч Ардчилсан нам зөвхөн сөрөг хүчний байр сууриас шүүмилж суухаас илүүтэй эрх баригчдыг шахаж, шаардаж, ард түмэнтэйгээ хамтарч ажиллах ёстой.

    -Энэ удаагийн аяны бас нэг зорилго нь анхан шатны гишүүд, дэмжигчдийгээ идэвхжүүлэх, чадавхжуулах байсан. Зорилгодоо хүрч чадав уу?

    -Бид бүх шатны сонгуульт гишүүдтэйгээ уулзаж, цаашид Ардчилсан нам хэрхэн бодлогын нам болж хөгжих талаар маш сайн ярилцсан. Үүрийн гишүүдийн хуралд 4000 хүн оролцож, Ардчилсан нам өнөөдөр юу хийж байгаа юм, маргааш юу хийхээр зорьж байгаа талаар ярилцсан юм. Намын удирдах бүрэлдэхүүн ямар бодлого, төлөвлөлтөөр ажиллаж байгаа юм, нөгөө талдаа намын анхан шатны гишүүд юу хүсээд байгааг холбож байгаа нь сайшаалтай. “Монголоо сонсъё” аян ирэх намар дахин үргэлжилнэ. Одоо бид анхан шатны гишүүд, дэмжигчдээсээ асууж, ярилцаад явж байгаа бол намар уулзахдаа бодлогын хөтөлбөрөө боловсруулчихсан, хөгжлийнхөө чиг хандлагыг тодорхойлчихсон байхыг зорьж байна. Дээрээс нь бодлогын салбар хороодын мэргэжилтэн, боловсон хүчин намын шинэчлэлд гар бие оролцъё гэж байна. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам хэдхэн дарга нарын “халаасанд” багтдаг нам биш болжээ. Тэгэхээр дарга нарт улстөрийн орон зай, намаа, хувь заяагаа даатгадаг үе өнгөрсөн байна. Ардчилсан намын шинэчлэлд бидний санаачлага, хүн бүрийн оролцоо чухал. Улстөрийн нам бол тогтмол үйл ажиллагаатай байх ёстой. Сонгуулийн бус цагаар ч гэсэн эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажилладаг “амьд” нам байх учиртай.