"Монголоо сонсъё" аян Дорнод аймагт үргэлжилж байна
    2018 оны 06 сарын 13 нд
    c5387641de7e00710028d61e1738a9b8.jpg

    “Монголоо сонсъё” үндэсний аян энэ сарын 11-12–ны өдрүүдэд Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган, Гурванзагал, Сэргэлэн сумдад амжилттай үргэлжилж, дөрвөн удаагийн арга хэмжээ зохион байгуулж, нийт 900 орчим иргэнтэй уулзаж, санал бодлыг сонссон байна. Тус арга хэмжээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн П.Батчимэг, “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар оролцлоо. Уулзалтын үеэр иргэд сум орон нутгийн удирдах албан тушаалтнуудыг мэргэшүүлэх, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, боловсролын салбарт тогтолцооны шинэчлэл хийх, мэргэжлийн багш хүрэлцээгүй байгаа нь эргээд сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байгааг хэлж байв. Мөн сумын залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн бус хүмүүс мэргэшсэн албан тушаалд ажилладаг явдлыг болиулах, Дорнод аймгийн хэмжээнд олгож буй хайгуулын лицензийг цэгцлэх, баруун аймгийн малчид оторлож байгаагаас бэлчээрийн даац хэтэрчихээд байгааг ч анхааруулж байлаа. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Э.Болорчулуун иргэдтэй огт уулздаггүй, санал бодлыг нь сонсдоггүй гэв.  Ардчилсан нам сонгуулийн бус цагаар иргэдийнхээ үгийг сонсч, гарц, шийдлийг хамтдаа эрэлхийлж талархалтай байгаагаа илэрхийллээ. “Монголоо сонсъё” аяны хүрээнд иргэдийн дундаас азтан тодруулсан бөгөөд МУГЖ дуучин С.Эрдэнэцэцэг, СТА Д.Намсрайноров нар ая дууны мэндчилгээ хүргэсэн байна. “Монголоо сонсъё” аян Дорнод аймгийн Матад, Халхгол, Чойбалсан, Хэрлэн суманд үргэлжилнэ.