Д.Батсайхан: Байгаль, экологид ээлтэй мал аж ахуйг бий болгоно
    2018 оны 06 сарын 28 нд
    1704a9457ba72e96fa813c9901c8050c.jpg

    Баян-Өлгий аймгийн Толбо суманд зохион байгуулагдсан Ардчилсан намын “Баруун бүсийн чуулга уулзалт”-д Завхан аймаг багаараа тэргүүлж, манлайлж оролцсон юм. Чуулга уулзалтын үеэр Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхантай ярилцлаа.

     

    -Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбогдуулан малын хөлийн татварын асуудал яригдах болсон. Үүнтэй та санал нийлэх үү, ямар байр суурьтай байдаг вэ?

     

    -Мал аж ахуйн салбарт тулгамдаад буй асуудал нь бэлчээрийн даац болон малын тоо толгой нэмэгдэж байгаа явдал юм. Тиймээс бид малчдаа дэмжсэн, тэдний сэтгэлгээ, хандлагад нь өөрчлөлт оруулахуйц хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Завхан аймаг “Сайн малчин” гэж хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тоонд анхаарах бус сүргийн бүтэц, үр шим сайтай, эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах боломжтой, мал сүргийн зохистой бүтцэд анхаарал хандуулж байна. “Сайн малчин” хөтөлбөрийг малчдын санал дээр тулгуурлаж боловсруулсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 400 гаруй малчныг хамруулсан зөвлөгөөн зохион байгуулж, саналыг нь сонссон. Зөвлөгөөнд хөрш зэргэлдээ аймгуудын туршлагатай сайн малчид оролцож, туршлагаасаа хуваалцсан. Тухайлбал, Архангай, Булган, Баян-Өлгий аймгийн малчдаас гадна АНУ, Канадын аж ахуй эрхлэгчид оролцож, туршлагаасаа хуваалцсан. Энэ бүхний эцэст юу хэлэх гээд байна вэ гэхээр малчдын сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх нь татвар хураамж, бэлчээрийн даац зэргээс хамгийн чухал нь юм.

     

    -Завхан аймаг өнгөрсөн жил хэчнээн сая толгой мал тоолуулсан бэ?

     

    -Аймгийн хэмжээнд 3.6 сая толгой малтай болсон ч бэлчээрийн даац хэтэрчихээд байгаа. Тиймээс тооноос чанарт шилжих, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, зах зээлийн эрэлтэд нийцсэн, импортыг орлох бүтээгдэхүүн нийлүүлэх нь чухал болчихоод байна. Зөвлөгөөний дараа манай туршлагатай малчид Булган аймагт очиж махны чиглэлээр үржүүлж буй үхрийн аж ахуйтай танилцаж, туршлага судлаад ирсэн. Булган аймгаас тодорхой тооны үхэр авчрах зэргээр мал аж ахуйн салбартаа шинэчлэл хийх алхмуудыг хийж байна. Бид аймгийн аварга малчин шалгаруулах уралдааныхаа болзлыг малчдаараа хэлэлцүүлж өөрчилсөн. Өмнө нь 1000-аас дээш толгой мал тоолуулсан малчныг аваргаар шалгаруулдаг байсан бол одоо тоо заахгүй больсон. Өөрөөр хэлбэл, малын ашиг шимийг нэмэгдүүлсэн байдал, байгаль экологидоо ээлтэй байх, нийгмийн хариуцлага зэрэг үзүүлэлтийг шинэ журамд нэмсэн. Үүний зэрэгцээ жил бүрийн тавдугаар сард эх дэлхийдээ ээлтэй “Эко малчин”, “Сайн малчин”-г шалгаруулдаг болсон. Энэ жил эхний шагналын эзэд тодорсон, цаашид уламжлал болно. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйн салбар байгальтайгаа шууд холбоотой учраас малчин бүр, хот айлаараа, багаараа, сумаараа эх дэлхийдээ ээлтэй байх хандлагыг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байна. Байгаль экологийн тэнцвэртэй байдал алдагдах нь эргээд малчдын аж амьдралд сөргөөр нөлөөлж байгаа учраас дор бүрнээ анхаарах хэрэгтэй. Тиймээс ч “Байгаль дэлхийдээ ээлтэй сайн малчин”, “Байгаль дэлхийдээ ээлтэй хот айл”, “Байгаль дэлхийдээ ээлтэй баг, сум” гэдэг шагналуудыг бий болгож, жил бүрийн тавдугаар сард “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, олгодог байхаар журамласан.

     

    -Өнгөрсөн тавдугаар сард Завхан аймгийн сэтгүүлчид хэвлэлийн бага хурал хийж, замын асуудлыг хөндсөн. Энэ үеэр 10 км замыг өөрчлөхөд 10 гаруй тэрбум төгрөг хэмнэх боломжтой талаар ярьж байсан шүү дээ. Та ямар байр суурьтай байна вэ?

     

    -Манай аймагт гурван том замын ажил хийгдэж байна. Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 181 км автозам 114, 67 гэж хоёр хуваагддаг юм. 114 км автозамын ажил 2016 оны наймдугаар сарын 25-нд эхэлсэн. Өнгөрсөн онд 60 км зам барьсан. Энэ жил үлдсэн 54 км замаа барьж байгаа бөгөөд энэ намар ашиглалтад оруулна. Үүнээс гадна Загастайн давааг хамарсан 67 км замын хөрөнгийн асуудал шийдвэрлэгдэхгүй байж байгаад 2017 оны тавдугаар сарын 02-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулж, эцэслэн шийдэгдсэн. Энэ замын ажил өнгөрсөн намар бэлтгэл ажлаа хангаж, 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд эхэлсэн. Таны хэлсэн 10 км автозамын давхцлын асуудал бол Сонгино-Тосонцэнгэл чиглэлийн 167 км зам дээр байгаа юм. Үнэхээр ийм давхцал бий. Энэ давхцал нь Хөвсгөл-Завхан-Увс-Тосонцэнгэлийг холбосон дөрвөн замын уулзвар дээр бий болчихоод байгаа. Тодруулбал, Улиастай-Тосонцэнгэлийн зам, Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн зам нэг паралель дээр 16 км давхцаж байгаа юм. Энэ давхцлыг шууд холбочихвол 11 км зам барих хөрөнгийг хэмнэх боломжтой. Хэмнэсэн мөнгөөрөө Завхан аймгийн Түдэвтэй, Нөмрөг сумыг хатуу хучилттай автозамаар холбох боломж бүрдэнэ. Тиймээс сэтгүүлчдийн байр суурьтай санал нэг байгаа. Энэ асуудлаар өнгөрсөн хавраас эхлээд Зам тээврийн яам, Үндэсний хөгжлийн газар, Засгийн газарт тодорхой саналуудаа хүргүүлчихсэн. Гэхдээ энэ замын ажил концессын гэрээгээр хийгдэж байгаа учраас олон улс хоорондын харилцаа хөндөгдөж байгаа. Хэдийгээр дотооддоо ойлголцоод Засгийн газрын түвшинд шийдвэр гаргалаа ч БНХАУ-ын талтай ойлголцох шаардлага үүсэх юм.

     

    -Концессын гэрээгээр баригдаж буй замын нийт төсөв нь хэдэн төгрөгт багтаж байна вэ?

     

    -Нэлээн өндөр төсөвтэй зам. Энэ замын ажил хэд, хэдэн траст хуваагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар-Улаангомыг холбох хатуу хучилттай автозамын ажил. Түүний нэгээхэн хэсэг нь Тосонцэнгэл-Сонгинын 67 км замын ажил явагдаж байна. Үүнээс 11 км замын хөрөнгийг хэмнэх тухай асуудал юм. Концесс гэдэг нь хөрөнгө оруулагч тал өөрийнхөө хөрөнгөөр зам барьж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр өөрсдийнхөө хөрөнгөөр зам барьж байхад нь үүнийгээ хэмнээд ийш нь оруулчих гэх нь бас учир дутагдалтай. Хэдийгээр бид хэмнэлт хийх нь зөв гэж үзэж байгаа боловч олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу, стандарт дүрмийг баримталж, саналаа зөв илэрхийлж, ойлгуулах нь чухал.