З.Нарантуяа: Ардчилсан намын шинэчлэлд гишүүн бүрийн оролцоо чухал
    2018 оны 06 сарын 28 нд
    d4068baba5a1c048801b2df5a6e53d64.jpg

    Баян-Өлгий аймгийн Толбо суманд зохион байгуулагдсан Ардчилсан намын “Баруун бүсийн чуулга уулзалт”-ын үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяатай цөөн хором ярилцлаа.

     

    -Бүсийн чуулга уулзалтын зорилго нь юу вэ, баруун бүсийн оролцогчид орон нутгаа төлөөлөн ямар саналыг хэлсэн бэ?

     

    -Ардчилсан нам 2016 оноос хойш намаа шинэчлэх аяныг эхлүүлсэн. Юуны өмнө намынхаа бүтэц, зохион байгуулалт, удирдлага, үйл ажиллагаагаа нэлээн цэгцэлсэн. Өнгөрсөн жилээс намынхаа гишүүдээ сонсох, тэднийг идэвхжүүлэх, оролцоог нэмэгдүүлэхэд намынхаа бодлогыг чиглүүллээ. Энэ хүрээнд “Монголоо сонсъё” аяныг орон даяар амжилттай зохион байгуулсан. Аяны хүрээнд ард түмэнтэйгээ уулзаж, эрх барьж буй намын үйл ажиллагаа, Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэрийн талаар иргэд ямар бодолтой байгааг нь сонссон юм. Улстөрийн намын хувьд шинэчлэлээ нэлээн гүнзгийрүүлж, улс орны хувь заяаг авч явах хоёр том намын нэгнийх нь хувиар бүх гишүүдийнхээ саналыг сонсч, ярилцахаар энд цуглаад байна. Ялангуяа том эдийн засаг, макро түвшний тоо ярих бус Монгол Улсын өргөн уудам газар нутагт тархан суугаа орон нутгийн иргэдийн хэрэгцээ, шаардлага, хүсэл, зориг дээр үндэслэж бид цаашдын хөгжлийн концепцоо гаргах цаг нь болжээ. Монгол Улсад Ардчилал хөгжөөд 28 жил болж байна. Энэ хугацаанд Үндсэн хуулиар нийгэмд маш том ололтуудыг бий болгосон. Хүний эрх, эрх чөлөө, сурч боловсрох, хөдөлмөрлөх эрх, шударга ёс, хувийн өмч зэрэг бүх либераль зарчмыг нийгэмдээ суурьшуулж чадсан. Гэхдээ дэлхий даяар явагдаж буй геополитикийн бодлого, бүс нутгийн чиг хандлагатай уялдуулж ирэх 10-20 жилийн хөгжлийн бодлогоо тодорхойлох зайлшгүй шаардлага бий болсон. Энэ ажлыг улстөрийн том хүчин болох Ардчилсан нам манлайлж хийнэ. Зохих шинэчлэлийг Ардчилсан нам л хийж чаддаг гэдэгт би 100 хувь итгэдэг. Тиймээс 20-30 жилийнхээ шинэчлэлд Ардчилсан намын гишүүн бүр оролцох ёстой. Баруун таван аймгийн Ардчилсан намын гишүүдийн төлөөлөл бүхий 1000 гаруй хүн ажил хэрэгчээр цуглаад, чуулганаа зохион байгууллаа. Ялангуяа алс баруун хязгаарт амьдардаг эдгээр аймгийн иргэдийн аж амьдрал ихээхэн онцлогтой. Нийслэлээс хэт алслагдсан бүст амьдардаг тул тээврийн зардал, бараа, бүтээгдэхүүний үнийн нэмэгддэг байдаг учраас өрхийн амжиргаа, орлогын хувьд төвийн бүсийн иргэдээс доогуур байдаг. Гэхдээ бусад аймгуудыг бодвол хилийн харилцаа, худалдаа наймаа нэлээн өргөжсөн онцлог бий. Цаашлаад бүс нутгийн хөгжлийг хэрхэн харж байна вэ гэдгээ чуулганд оролцогчид нэлээн сайн ярьж байна. Аймгууд харилцан бие биенээ дэмжих зарчмаар эдийн засгийн интеграцчилсан хөгжлийг сонирхож байна. Их олон ажил хэрэгч саналууд гарсан. Энэ намраас эхлэх Ардчилсан намын бодлогын шинэчлэл амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.

     

    -Ардчилсан намын шинэчлэл цаашид хэрхэн үргэлжлэх вэ?

     

    -Ер нь Ардчилсан намын гишүүд цуглаж байгаа нь зөвхөн намын дотоод ажил биш. Орон нутагт юу хийх гэж байна, яаж шинэчлэх гэж байна гэж маш олон хүн анхаарч байгаа. Тиймээс ч бид зориуд уулзалтуудаа бүсчлэн зохион байгуулж байгаа юм. Шинэчлэлийн аян цаашид гурван үе шаттайгаар зохион байгуулагдана. Анхан шатандаа иргэдээ, намынхаа гишүүдийг сонсоно. Дараагийн шатанд мөрийн хөтөлбөрөө боловсруулах хэмжээнд харьцуулсан суурь судалгаа, эдийн засгийн тооцоолол, үндэслэлүүдээ сайн гаргана. Түүний дараа хувилбаруудаа боловсруулаад эргээд иргэдийнхээ саналыг авч ажиллана. Ардчилсан нам илүү их шинэчлэгдэж, илүү ихийг хийж бүтээж, нийгмийн хөгжилд манлайлах үүргээ биелүүлээсэй гэсэн хүлээлт ард түмний дунд байна. Тиймээс бид цаашид илүү их хичээж ажиллах болно.