Ч.Чинбат: Шинэчлэл бол тогтмол үргэлжлэх ёстой процесс
    2018 оны 06 сарын 29 нд
    37abd7d56177609199d386e33dfaa2f4.jpg

    Баян-Өлгий аймгийн Толбо суманд зохион байгуулагдсан Ардчилсан намын “Баруун бүсийн чуулга уулзалт”-ын үеэр Ховд аймгийн Ардчилсан намын хорооны дарга Ч.Чинбаттай ярилцлаа.

     

    -Уулзалтад оролцогчид бүс нутгийн хөгжлийн талаар саналаа хэлцгээж байна. Баруун бүсийн тулгуур төв гэгддэг Ховд аймгийн төлөөллийн хувьд та ямар саналтай байна вэ?

     

    -2016 оны бүх шатны сонгуульд Ардчилсан нам ялагдсан. Улмаар 2016 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр Ардчилсан нам V их хурлаа хуралдуулж, шинэчлэлийн аяныг орон даяар зарласан. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Ардчилсан нам жирийн гишүүдээсээ, ард түмнээсээ холдсон байжээ. Бусдын үгийг сонсдоггүй, бүлэг, фракцын хүрээнд асуудлыг шийддэг, вакум орчинд ажил явагддаг байсан учраас 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн гэж боддог. Харин 2012-2016 онд Ардчилсан нам эрх барьж байх үед хийж, хэрэгжүүлсэн ажил байсныг “Монголоо сонсъё” аяны үеэр иргэд хэлж, сануулж байсан. Тиймээс ч 2016 УИХ-ын сонгуульд ааваараа алгадуулсан хүү шиг ард түмнээсээ сургамж авч, ухаарсан он жилүүд өнгөрлөө. Шинэчлэл гэдэг бол нэг удаагийн арга хэлбэр биш тогтмол үргэлжлэх ёстой процесс учраас Ардчилсан намын “Баруун бүсийн чуулга уулзалт”-ыг үүний нэг хэлбэр юм. Ардчилсан нам дүрмэндээ өөрчлөлт оруулж, бүх шатны сонгуульт албан тушаалтнуудыг сонгохдоо дээрээсээ биш доороосоо, бүлэг фракцын хүрээллээс бус бүх гишүүд дундаас сонгодог болсон. “Баруун бүсийн чуулга уулзалт”-ын үеэр оролцогчид олон асуудлын талаар ярилцаж, эрх баригчдын явуулж бодлого, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцлоо. Бид өнөөгийн эрх баригчдын алдааг хэрхэн давтахгүй байх вэ, бодлогоо хэрхэн зөв тодорхойлох талаар ярилцсан. Оролцогчдын сайн жишээг сонсч, санаа авч, туршлага солилцсон нь өгөөжтэй байлаа.

     

    -Цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэрхэн харж байна вэ?

     

    -Баруун бүсийн хэмжээнд 400 гаруй мянган иргэн оршин суудаг. Хөгжлийн бодлогоо бид бүс нутгийн онцлогтойгоо уялдуулах хэрэгтэй. Тухайлбал, бид баруун хил, Цагааннуурын боомтоор дамжин өнгөрч буй олон улсын босоо тэнхлэгийн замаар дамжуулан хойд хөрштэйгөө хөгжлийн бодлогоо хэрхэн уялдуулах талаар ярьж байна. ОХУ-ын 1500 км радиуст 20 гаруй сая хүн оршин суудаг. Энэ том зах зээл рүү баруун таван аймгийн иргэд ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх вэ, Ховд аймаг юунд түшиглэх юм, Баян-Өлгий ямар онцлогтой юм гэдэг энэ хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нь чухал. Үйлдвэрлэлийг бий болгож ОХУ, БНХАУ-ын Шиньжан Уйгур руу экспорт хийхэд чиглэх хэрэгтэй. Баруун бүсийн хувьд сүүлийн жилүүдэд дэд бүтэц харьцангуй сайжирсан учраас цаашдын хөгжлийн чиг хандлагыг хөрш орнуудтайгаа уях нь зөв.