С.Эрдэнэ: Ард түмэн эрх баригчдаас ихийг хүлээх шаардлагагүй
    2018 оны 06 сарын 29 нд
    d5735e4905eeca47360d969805d17083.jpg

    Баян-Өлгий аймгийн Толбо суманд зохион байгуулагдсан “Баруун бүсийн чуулга уулзалт”-ын үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

     

    -Баруун бүсийн чуулганы зорилго, ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?

     

    -Ардчилсан нам “Монголоо сонъё” аяныг орон даяар амжилттай зохион байгууллаа. Намын шинэчлэлийн аян эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хүрээнд “Бодлогод суурилсан, гишүүдийн оролцоотой” нам болох гол зорилгыг дэвшүүлсэн. Зорилгынхоо хүрээнд гишүүдээ сонсч, тэдний саналд тулгуурлаж бодлогоо тодорхойлохыг зорьсон. 2017 онд үндсэндээ бүсийн хоёр том чуулганыг зохион байгуулсан. Энэ жил бүсийн дөрвөн том чуулганыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ирэх намар үндэсний хоёрдугаар аяныг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үндэсний аян бүр онцлогтой, уриатай байх юм. Мөн бүсийн чуулган бүр өөрийн гэсэн онцлогтойгоор зохион байгуулагдана. Энэ удаагийн бүсийн чуулганд баруун таван аймаг, нийслэлийн хоёр дүүргийн төлөөлөл оролцлоо. Алс баруун хязгаарт нийгэм, эдийн засгийн тулгамдсан ямар асуудлууд байна, ер нь Ардчилсан намын гишүүд болон энд амьдарч буй иргэд юу бодож, хүсч байгааг сонсох зорилгоор энэ удаагийн бүсийн чуулганыг зохион байгууллаа. Бүсийн чуулган амжилттай зохион байгуулагдаж, журмын нөхөд маань цуглаж, арга хэмжээ сайхан боллоо.

     

    -“Монголоо сонсъё” аяны үр дүн юу байв?

     

    -Үндэсний аян 2018 оны тавдугаар сарын 15-аас зургаадугаар сарын 15-ны өдрүүдэд үргэлжилсэн. Аяны үр дүн хараахан гараагүй байна. Энэ сардаа багтаж Монгол Улсын 330 сум, нийслэлийн 152 хорооны Ардчилсан намын анхан шатны байгууллагууд хуралдана. Үүгээрээ үндэсний аяны үр дүнг хэлэлцээд долдугаар сарын 04-ний дотор Ардилсан намын дунд шатны байгууллагууд хуралдах юм. Улмаар долдугаар сарын 08-ны дотор Ардчилсан намын ҮБХ хуралдаж, “Монголоо сонсъё” үндэсний аяны дүнг нэгтгэж гаргана. Иргэд, гишүүдийн саналыг нэгтгэнэ.

     

    -Дарга солигдохоор аймгийн хөгжил удааширдаг байдал Баян-Өлгий аймагт харагдаж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн удирдлага өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа солигджээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

     

    -Одоогийн эрх баригчид сахилга батгүй, маш хариуцлагагүй, эв нэгдэлгүй ажиллаж байгааг онцлон хэлмээр байна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр өнөөдөр УИХ-ын 65 гишүүн нь дотроо 32, 33-аараа хуваагдчихсан, НИТХ-д байгаа 34 төлөөлөгч 17, 17-оороо хуваагдчихаад байгаа. Орон нутагт ч мөн адил энэ байдал давтагдаж байна. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын олонхийг МАН-ын төлөөлөл бүрдүүлж байгаа шүү дээ. Ардчилсан намын төлөөлөл ИТХ-д цөөнхийг бүрдүүлж байгаа. Ямар нэгэн Засаг даргыг солих тухай асуудал цөөнхид байхгүй. Тэгэхээр олонхи өөрсдөө эв нэгдэлгүй, бодлогоо зөв тодорхойлж чадахгүй, амлалтаа биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж чадахгүй байгаагийн илэрхийлэл шүү дээ. Түүнээс биш Ардчилсан нам огцруулаад байгаа юм биш. Нэгэнт амлалтаа дэвшүүлсэн бол улс орны хөгжлийн төлөө гэсэн чинхүү зорилго, хүсэл байсан бол тэд ингэж ажиллахгүй байлаа. Харамсалтай нь эрх баригчдад тийм сэтгэл, зорилго байсангүй. Эрх баригчдын бүрэн эрхийн хугацаа талдаа орлоо. Үлдсэн хугацаанд ард түмэн эрх баригчдаас их зүйлийг хүлээх шаардлагагүй гэж харж байна. Хэрэв эрх баригчид ухаантай бол үлдсэн хугацаанд ядаж амлалтынхаа нэг, хоёрыг нь ч болов хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Харамсалтай нь тэд ингэж ажиллахгүй юм байна, сандал суудал, эрх мэдэл, эд хөрөнгө булаалдсаар үлдсэн хугацаа нь дуусах дүр төрх харагдаж байна. Сөрөг хүчний хувьд бид аль болох улс орны тогтвортой байдлыг хангах, иргэд, ард түмэнд хэрэгтэй зүйлсийг хийж, бүтээгээсэй гэсэндээ хүлээцтэй, болж бүтэж байгааг нь дэмжих байр суурьтай ажиллаж байгаа.

     

    -Иргэд Ардчилсан нам, МАН-ын хийж, хэрэгжүүлсэн ажилд харьцуулсан дүгнэлтийг өгч байна. Ялангуяа Ардчилсан намын Засгийн газрын үед маш их бүтээн байгуулалт, улс орны хөгжлийг урагшуулах бодлогууд хэрэгжсэнийг иргэд ярьж байна шүү дээ?

     

    -2010 онд Монгол Улсын нийт гадаад өр 7.1 тэрбум ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдөр 27.4 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гадаад өр 20 орчим тэрбум ам.доллараар өссөн байна. 2012-2016 онд Ардчилсан намын засаг барьж байх үед 2.1 тэрбум ам.долларын зээл авсан байдаг. Түүгээрээ 1080 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн, хүүхдийн мөнгө олгосон, бүх аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбосон зэрэг маш олон ажил хийсэн. Эрх баригчид хоёр жилийн хугацаанд 3.8 тэрбум ам.доллартай тэнцэх гадаад өр одоогийн байдлаар үүсчихээд байна. 2020 он гэхэд бараг энэ тоо 10 орчим тэрбум ам.долларт хүрэхээр байгаа. Эрх баригчид 3.8 тэрбум ам.доллараар яг юу хийв, ямар бүтээн байгуулалт хийж амжуулав. Тэд өнөөдрийг хүртэл ямар ч тайлан тавиагүй байна. Улс орны үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх хэмжээнд гадаад өрийн хэмжээ өслөө. Биднийг гадаад өрийн таацыг 58 хувьд хүргэх гэхэд Монгол Улсыг өрөнд орууллаа, өтөнд бариуллаа гэх зэргээр элдвээр гүтгэн, дороомжилж улстөр хийдэг байсан. Гэтэл өнөөдөр өрийн таац аль хэдийнэ 100 хол давсан байна. Энэ бүхэн ямар ч зорилгогүй, сахилга батгүй, хариуцлагагүй, зохион байгуулалтгүй улстөрийн хүчин төрийн эрхэнд гарахаар ямар хор уршиг дагуулдагийн бодит жишээ.