Е.Зангар: Орон нутаг дахь улстөржилтөөс болж иргэд хохирч байна
    2018 оны 07 сарын 02 нд
    492e4740917220d6d7ea0f4db7d71abc.jpg

    Баян-Өлгий аймгийн Толбо суманд зохион байгуулагдсан “Баруун бүсийн чуулга уулзалт”-ын үеэр тус аймгийн Ардчилсан намын хорооны дарга Е.Зангартай цөөн хором ярилцлаа.

     

    -Баруун бүсийн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Бүсийн чуулганы өмнөхөн “Монголоо сонсъё” аяныг зохион байгуулсан. Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд өрнүүлж буй эдгээр ажлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

     

    -“Монголоо сонсъё” аяны хаалтыг хийгээд  залгуулаад “Баруун бүсийн чуулга уулзалт”-аа зохион байгууллаа. Бүсийн чуулган бол Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд зохион байгуулагдаж буй томоохон ажлын нэг юм. Харин “Монголоо сонсъё” аяны тухайд  цаг үеэ олсон томоохон ач холбогдолтой ажил болсон гэж харж байгаа. Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд гишүүдтэйгээ ажиллаж, зохион байгуулалтаа сайжруулах, орон нутгийн намуудын бүтцийг өөрчлөх зэрэг ажлуудыг шат дараатайгаар явуулж байна. Ардчилсан нам гишүүн төвтэй, гишүүдээ сонсдог нам болсон. Үр дүнд нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. “Монголоо сонсъё” аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн 13 баг, 11 суманд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд хүрч ажилласан. Өөрөөр хэлбэл, аяны хүрээнд аймгийн хэмжээнд нийт 4000 орчим иргэнтэй уулзаж, мэдээлэл хүргэж, санал бодлыг нь сонссон. Мөн аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-оос “Одонтой ээжүүдийн баяр”-ыг зохион байгуулж, 400 гаруй эмэгтэй хамрагдсан. Аяны хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнүүдэд зөвхөн намын гишүүд бус нийт ард түмнийг хамруулж ажиллалаа. Эрх баригчдын олж хараагүй зүйлсийг олж харж, ард түмний саналыг сонссонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан. Энэ жил Баян-Өлгий аймагт хүндхэн өвөлжиж, зуншлага тааруу болж байна. Гэхдээ бид  "Монголоо сонсъё" аянаа амжилттай зохион байгуулж, бүх сумдадаа хүрч ажилласан. Ялангуяа аймгийн төвөөс алслагдсан Булган, Дэлүүн сумдад аянаа зохион байгуулж, санал, хүсэлтийг нь сонссонд нутгийн иргэд их баяртай байгаа.

     

    -Орон нутаг дахь улстөржилт, төрийн тогтворгүй байдлаас болж иргэд хохирдог, бүтээн байгуулалт удааширдаг байдал Баян-Өлгий аймагт ч мөн ажиглагдаж байна ?

     

    -Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгуудыг ажлаар нь дүгнэхэд Баян-Өлгий аймаг хамгийн сүүлд орсон. Өмнө нь ингэж “сүүл мушгисан” тохиолдол  Өлгийчүүдэд байгаагүй юм. Тиймээс ч үүнд орон нутгийн иргэд маш бухимдалтай байгаа. Харамсалтай нь Өлгийчүүд ажлаараа бусдаасаа хоцорч, сүүлд орсон нь үнэн. Үүнийг бид дүгнээгүй, Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үнэлэлт. Ер нь энэ бүхэн эрх баригчдын бодлогогүй шийдвэр, орон нутаг дахь улстөржилт, төрийн тогтворгүй байдалтай шууд холбоотой. Баян-Өлгий аймгийн хэмжээнд шударга бус явдал газар авсан, төрийн албанд ах дүүсээ ажилд авдаг байдал, үнийн өсөлт, тендерийн булхай, бүтээн байгуулалт хийгдэхгүй, төрийн албаны стандарт алдагдсан зэрэг ард түмний бухимдлыг төрүүлсэн олон асуудал байна. Хоёр жил өнгөрчихөөд байхад манай аймагт өнөөг хүртэл Төрийн албаны зөвлөл байгуулагдаагүй төдийгүй Баян-Өлгий аймгийн Засаг дарга хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаагүй.

     

    -Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын хороо шинэ байртай болох гэж байгаа тухай сайхан мэдээллийг хүргэлээ. Шинэ байр хэзээ ашиглалтад орох вэ?

     

    -Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын байр 1950-иад онд баригдсан, нэг давхар чулуун барилга байсан. Цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихсон байсан тул шинэ байртай болох асуудлыг олон жил ярьж, мөрөөдсөн. Улмаар гишүүддээ түшиглэж, тэднийхээ дэмжлэгээр орчин үеийн хийц бүхий найман давхар барилгын ажлыг эхлүүлээд байна. Энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байгаа.