Ц.Туваан: Монголын төрийн бодлого, төрийн ажил тасралтгүй явж байх ёстой
    2018 оны 07 сарын 19 нд
    2c1b26695b6ef6f2fe7fe9d1610e1dae.jpg

    Ардчилсан намын  Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай ярилцлаа.

     

    -Ардчилсан намаас төрийн байгууллагуудыг хариуцлагатай ажиллахыг шаардсан шаардлагыг тавьжээ. Тухайлбал, үер ослын гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авахыг шаардсан байна...?

     

    -Энэ жил Монгол орон даяар зуншлага гандуухан эхэлсэн. Энэ долдугаар сар гарснаас хойш нийт нутгаар бороо орж, ган тайлагдаж, сайхан зун болох төлөвтэй байна. Энэ долдугаар сард Баян-Өлгий, Төв аймгийн сумдууд, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад үер усны гамшгийн асуудал үүсч байна. Хур бороо орж, үер ус болох нь байгалийн үзэгдэл хэдий ч хариуцсан яам, тамгын газрууд, онцгой газрынхан урьдчилан сэргийлж бэлэн байдалд ажиллах ёстой. Одоо цаг агаарын мэдээлэл бол хуучных шиг баримжаагаар биш, яг тодорхой гарч байгаа. Цаг агаарын урьдчилсан мэдээлэл дээр тулгуурлаж урьдчилсан арга хэмжээ авч, хүн хүч, техникийн бэлтгэлтэй байх ёстой. Нэгэнт "Ниргэсэн хойно нь хашхирав" гэгчээр үер ус осол болж иргэд байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй шууд нүүр тулгарсан хойно асуудлыг хэрхэх вэ гэдэг байдлаар асуудлыг шийдвэрлэж болохгүй юм. Ялангуяа Онцгой байдлыг хариуцсан Шадар сайдын түвшинд энэ асуудлыг анхаарч ажиллаач ээ гэсэн шаардлагыг Ардчилсан намаас хүргүүлж байна. Ер нь үнэнийг хэлэхэд зуны гурван сарын турш монголчуудтай ажил хэрэг ярина гэдэг бүтэхгүй хэцүү асуудал болдог гэж гадныхан ярьдаг. Төрийн ажил цаг үргэлж явагдах ёстой. Гэтэл зуны улирал, наадам гэхээр ажилдаа салан задгай хандаж, татсан хаалга болгон нь хаалттай байж болохгүй ээ. Ингэж ажиллах эрх төрийн байгууллагад байхгүй. Одоо бодит байдал дээр захын яам тамгын газраар яваад үзэхэд бүх өрөө цоожтой, бүгд хөдөө орон нутаг руу амрахаар явсан байдалтай байна. Монголын төрийн бодлого, төрийн ажил тасралтгүй явж байх ёстой гэдэг утгаар уриалга шаардлагыг хүргүүлж байгаа юм.

     

    -Ээлжит бус чуулган зарлагдах тухай яригдаж эхэллээ. Уг ээлжит чуулганаар төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр худалдах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа. Та бүхэн үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

     

    -Ээлжит бус чуулган болох эсэх нь хуулийн дагуу шийдэгдэх ёстой. УИХ-ын 26 гишүүн буюу гуравны нэгээс дээш хувь нь шаардлага хүргүүлсэн тохиолдолд ээлжит бус чуулган хуралдана гэсэн хуулийн заалттай. Энэ заалтаараа хуралдах байх гэж бодож байна. Үүн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулган хуралдах ёстой гэсэн байр сууриа УИХ-ын даргад хүргүүлсэн байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор шүүх, хууль, авлигатай тэмцэх зэрэг хуулийн байгууллагуудаас зарим нэг тайлбарыг хүргэсэн. Гэсэн хэдий ч иргэдийн дунд яг энэ хэрэгтэй холбоотойгоор ямар шийдвэр гарав гэдэг дээр нэгдсэн ойлголтод хүрээгүй. Тиймээс чухамдаа 60 тэрбум төгрөгийн хэрэг дээр яг ямар асуудал байгаа гэдгийг эцсийн байдлаар цэг тавьж, нэг мөр шийдвэрлэж, нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Нэгэнт ард түмэнд эргэлзээ үүсч, энэ хэргийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр хүлээлт үүссэн тохиолдолд эцсийн шийдвэрийг гаргах ёстой.

     

    -Хаврын чуулган хаагдахын өмнө Таван толгой төсөл дээр IPO хийх шийдвэрийг гаргасан. Энэ УИХ-ын чуулганы хуралдаанаар өмч хувьчлалыг явуулах, МИАТ-ийн салбарт либералчлалыг явуулах зэрэг хэд хэдэн томоохон асуудлыг шийдвэрлэсэн. Үүнд Ардчилсан намын зүгээс ямар байр суурьтай байна вэ?

     

    -Энэ УИХ-ын чуулганы хуралдаанаас гаргаж буй шийдвэрийг харж байхад чуулганы эхэн үед хэлэлцэх асуудлын дарааллыг баталж, цагийн хуваарийг гаргасан байсан. Харамсалтай нь энэ хуваарьт багтсан томоохон асуудлууд чуулганаар хэлэлцэгдэхгүй өнгөрсөн. Ялангуяа Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль гэх мэт үндсэн чухал асуудлуудыг хэлэлцэлгүй орхиж, өөр хоорондоо хэрүүлийн байдлаар буюу харьцангуй ач холбогдолгүй асуудлыг хэлэлцсээр чуулганыг өндөрлүүллээ. Улс орны эрх ашиг, томоохон бүтээн байгуулалт, ард иргэдийн амьдрал амьжиргаанд шууд нөлөөлөхүйц, есөн төрлийн татварыг буцааж тэглэх, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд анхаарал тавих, инфляцийг бууруулах гэх мэт асуудлыг харьцангуй бага анхаарч хэлэлцлээ. Нэгэнт ээлжит бус чуулган зарлаж байгаа бол зөвхөн 60 тэрбум төгрөгийн тухай асуудлыг хэлэлцэх бус ард түмний амьжиргаа, нуруун дээр ирсэн ачааллыг бууруулах тухай асуудлыг хэлэлцээсэй гэсэн бодолтой байна. Ардчилсан нам ард түмний сонголтыг хүндэтгэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг дорвитойхон ажил хийгээсэй гэж итгэл тавьж хүлээж байсан. Тэгтэл МАН-ынхан дотроо засгаа унагааж, шинэ Засгийн газар байгуулагдсан хэдий ч ард түмнийхээ амьдралд нэмэр болохуйц шийдвэрийг гаргах болов уу гэсэн хүлээлт бас л талаар болж байна. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжил, ард түмний амьдралд нэмэр болохуйц дорвитойхон томоохон төсөл хөтөлбөр, ажлуудаа урагшлуулахад анхаарсангүй. Өнөөдөр Монголын уул уурхайн томоохон төсөл хөтөлбөр болох Таван толгой төслийг урагшаа хөдөлгөөнд оруулах, хөдөлгөх нь зөв ч нийт ард түмэн, иргэддээ хүртэх оногдох хувь дээр нааштай шийдвэрийг гаргасангүй. “Эрдэнэс Таван толгой" компанийн 49 хувийг ард түмэндээ олгоё гэдэг саналыг анх Ардчилсан намын зүгээс гаргахад хүлээн зөвшөөрөх боломжгүйд хүрч дараа нь 34 хувь дээр тохиролцсон ч чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр энэхүү саналыг олонхоороо түрий барьж унагаж байх жишээтэй.

     

    -Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд асуухад Монгол орон даяар бүсийн чуулганаа хийж байна. Чуулганы гол ач холбогдлыг хэлэхгүй юу?

     

    -Энэ долдугаар сарын 20-23-ны хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Ардчилсан намын төвийн бүсийн ээлжит чуулган болох гэж байна. Энэ чуулганд Төв, Өвөрхангай, Архангай, Дархан-Уул аймгууд, Нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн зургаан нэгж, Үндэсний бодлогын хороо, УИХ-ын гишүүд нийтдээ 800 гаруй хүн оролцоно. Бүсийн чуулган нь манай намын хувьд хэдийнэ уламжлал болж хэрэгжиж буй ажлын нэг. Өмнө нь зүүн бүсийн чуулганыг Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт, говийн бүсийг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт чуулж байсан. Энэ жил Баян-Өлгийн Толбо нуурын нутагт баруун бүсийн чуулганаа хийсэн. Одоо дараагийн чуулганаа хийхээр төлөвлөж байна. Ингэж Монгол орон даяар чуулган зохион байгуулж байгаа нь намын гишүүд бүртэйгээ уулзаж, бүс нутгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж юун дээр анхаарч ажиллах вэ гэдгээ анхаарч байгаа юм. Энэ 2018 оныг Ардчилсан намаас анхан, дунд шатны намын гишүүдээ идэвхжүүлэх, чадавхжуулах жил болгон зарласан. Энэ хүрээнд “Монголоо сонсъё” аяныг улс орон даяар зохион байгуулсан.

     

    -Аливаа нам шинэчлэгдэж бодлого, мөрийн хөтөлбөрөө сайжруулахын хэрээр эргээд улс орны хөгжилд ахиц гарах боломжтой. Өнөөдөр улс төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллах боловсон хүчний чадвар, чадамжаас шалтгаалж төрийн албаны нэр хүнд улам л муудсаар байна. Намын шинэчлэлийн хүрээнд энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

     

    -Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ардчилсан намд ард түмэн муу дүн тавьсан. Тиймээс Ардчилсан нам өвдөг шороодож босч ирээд, хувцсаа гөвөөд ард түмэн Ардчилсан намаас шинэчлэлийг хүсч байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ардчилсан нам шинэчлэлийн ажлаа явуулаад нэг жил долоон сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд юуны өмнө намын дотоод бүтцийг шинэчлэх ажлыг хийсэн. Намын даргаасаа эхлээд бүх шатны сонгуульт албан тушаалд ажиллах хүмүүсийг намын анхан шатны нэгжээсээ буюу нийт намын намын гишүүдээсээ асууж томилдог болсон. Намын шинэчлэлийн гол зорилго бол зөвхөн намын шийдвэр гаргах түвшний буюу дээд хэсэгтээ шинэчлэгдэх биш, анхан шатнаасаа эхлээд бүх гишүүдийг хариуцлагажуулж, идэвхтэй ажиллах зорилго тавьж ажиллаж байгаа. Аливаа нам үзэл баримтлалаа тодорхой болгож улмаар улс орны хэмжээнд улсаа хөгжүүлэхэд ямар бодлого баримтлах вэ гэдэг дээр бодлого, мөрийн хөтөлбөр гаргадаг. Ингэхдээ цаасан дээр хоосон бичсэн сайхан үгтэй уриа лоозон биш, яг бодит байдал дээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн гарцыг тодорхойлсон бодлогыг гаргах ёстой. Тиймээс “Монголоо сонсъё” аяныг зохион байгуулж, яг хөрсөн дээр тулгамдсан шийдвэрлэх ямар асуудал буйг сонсч, шийдвэрлэх гарцыг хайхын тулд хөдөө орон нутаг, нийслэл дүүрэн, хороодоор явж уулзалт зохион байгуулж иргэдийнхээ үгийг сонсч яваад ирлээ. Энэ бүх санал сэтгэгдэл дүгнэлтийг нэгтгэж гаргана. “Монголоо сонсъё” аяныг дахин өргөжүүлж нийт Монгол орон даяараа иргэдийнхээ үгийг дахин сонсч явах шаардлагатай юм байна гэдэг дүгнэлтэд хүрч байгаа. Улс орны хөгжлийг урагш татаж явах намууд шинэчлэгдэж улмаар яг бодит байдлыг мэдрэх, улс орны хөгжлийг урагш явуулахын тулд бодлогын бичиг баримтаа амьдрал нийцсэн, хөгжлийг тодорхойлсон бодитоор гаргаж явах нь зүйтэй. Тиймээс Ардчилсан нам  шинэчлэлийнхээ хүрээнд Монгол орон даяар иргэдийнхээ үгийг сонсч, тухайн бүс нутаг, аймаг, сум, дүүрэг, хороодод тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна.

     

                                                                                                                           ЭХ СУРВАЛЖ: “ӨДРИЙН СОНИН” 

                                                                                                                                       СЭТГҮҮЛЧ Б.ДОЛЗОДМАА