С.Одонтуяа: “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” түүхээ бичиж байна
    2018 оны 07 сарын 30 нд
    a92d1f8d81866070332659f2593328b3.jpg

     

    /Баянгол дүүргийн Засаг дарга/

     

    -Энэ удаагийн бүсийн чуулган нэлээд онцлогтой боллоо. Байгалийн үзэсгэлэнт газар, цаг уурын таатай нөхцлөөс гадна зохион байгуулалт сайн байлаа. Төлөвлөгөөний дагуу бүх арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулагдсан. Мэтгэлцээнүүд, манлайллын сэдэвтэй тэмцээн, сургалтууд оролцогчдын сонирхлыг ихээхэн татсан. Ялангуяа “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны гишүүд идэвхитэй, манлайлж оролцлоо. Ер нь аливаа арга хэмжээнд хамгийн хичээл зүтгэлтэй, чин сэтгэлээсээ оролцдог нь эмэгтэйчүүд байдаг. Ардчиллыг бэхжүүлэх үйлст эмэгтэйчүүдийн тууштай оролцоо чухал. 2020 оны УИХ-ын бүх шатны сонгуульд ялалт байгуулахын тулд эмэгтэйчүүд юу хийж, хэрхэн ажиллах талаар стратеги төлөвлөгөөгөө ярилцлаа. Мөн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан  “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” түүхээ бичих ажил эхлүүлээд байна. Дөрвөн намын төлөөлөлтэйгөөр “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” анх байгуулагдаж байсан юм. “Монголын ардчилсан холбоо”, “Шинэ дэвшилт холбоо”, Социал демократ нам, Үндэсний ардчилсан намын төлөөллүүд багтаж байжээ. Мөн энэ удаагийн чуулга уулзалтын үеэр 45-аас дээш насны эмэгтэйчүүдийн дунд тусгайлан тэмцээн зохион байгуулсан.

     

    Ц.Баатархүү: Гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, идэвхижүүлсэн уулзалт боллоо

     

     

    /НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга/

     

    -Ардчилсан намын гишүүд, дэмжигчид цуглаж, нийслэл төдийгүй орон нутагт тулгамдаад буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо хэмээн дүгнэж байна. Ардчилсан намын гишүүд, иргэд олон нийтийн оролцоотойгоор асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мөн хэлэлцлээ. Асуудлын дараалал, шийдлийн дарааллыг бид гаргаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ, НИТХ дахь Ардчилсан намын бүлгээрээ дамжуулаад нэн түрүүн шийдвэрлэх шаардлагатай асуудлыг Монгол Улсын Засгийн газарт өргөн барихаар бэлдэж байна. Төвийн аймгуудад болж бүтэж байгаа нь ч байна, тулгамдсан асуудлууд ч байгаа. Ардчилсан нам бодлогын нам болсон, болохдоо жирийн гишүүдээ, иргэдээ сонсч, тэдний оролцоотой аливаа асуудлыг шийдвэрлэдэг болсон нь бүсийн чуулганаас харагдаж байна. Эрх баригч нам УИХ-ын сонгуульд оролцохдоо олон амлалт өгч сонгогдсон боловч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй байгаа. Уг нь эрх баригч намд хангалттай суудал бий. УИХ-ын 76 суудлын 65, НИТХ-ын 45 суудлын 34-ийг авч, орон нутагт бүхэлдээ ялалт байгуулчихаад мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй байгаа нь харамсалтай. Иргэдээ хуурсан, худалч Засгийн газар хэмээн ард түмэн дургүйцлээ илэрхийлж байна шүү дээ. Эрх баригчид засаглаж чадахгүй, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй, Ардчилсан намын эхлүүлсэн зөв зүйтэй олон ажлыг улстөрийн намын “шошгоноос” нь болоод зогсоосонд иргэд сэтгэл дундуур байгаагаа хэлж байна.

     

    О.Цэнгэлсайхан: Төвийн бүсийн хөгжлийн бодлогыг зөв тодорхойлох нь чухал

     

     

    /Архангай аймгийн Ардчилсан намын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга/

     

    -Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд олон ажил хийж, хэрэгжүүлж байгаагийн нэг нь бүсийн чуулган. Өнөөгийн эрх баригчдын бодлого, шийдвэр, цаашлаад Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, олон улс дахь нэр хүнд гээд өргөн сэдвийн хүрээнд журмын нөхөдтэйгөө санал бодлоо хуваалцаж, ярилцсан нь өгөөжтэй байлаа. Цаашлаад бүс нутгийн хэмжээнд хөгжлийн бодлогоо тодорхойлох, иргэдийн санал, бодлыг тусгах зэрэг олон асуудлын талаар хэлэлцсэн. Хэдийгээр төвийн бүсийн аймгууд хэдийгээр дэд бүтэц харьцангуй сайн боловч бизнес, аялал жуулчлал хөгжиж чадахгүй байна. Тиймээс хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох нь чухал. 

     

    Л.Энхбат: Бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой

     

     

    /Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хорооны дарга/

     

    -Орхоны хөндийд байгалийн үзэсгэлэнт газар “Төвийн бүсийн чуулга уулзалт”-аа амжилттай зохион байгууллаа. Ардчилсан нам хоёр сарын өмнө “Монголоо сонсъё” аяныг орон даяар амжилттай зохион байгуулсан. Энэ аяны дараа төвийн бүсийнхэн чуулж байгаагаараа ихээхэн онцлогтой. Өөрөөр хэлбэл, аяны хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч ажилласан учраас саналаа нэгтгэх, ярилцах, туршлагаа хуваалцах боломж олгосонд баяртай байна. Аялал жуулчлалыг нэрийн хуудсаа болгож, хөгжүүлэхэд хамгийн таатай газар бол түүх дурсгалын өлгий нутаг болох Өвөрхангай аймаг. Энэ салбарыг бодлогоор зохицуулах ёстой. Үүний зэрэгцээ мэдээж иргэдийн оролцоо чухал. Тиймээс чуулга уулзалтанд оролцогчидтойгоо бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, ажлын байр бий болгох, иргэдийн амжиргааг дэмжих асуудлаар санал солилцсон.

     

    Мөнхбаяр: Ардчилагчид бол шинийг санаачлагчид байдаг 

     

     

    /Төв аймгийн Ардчилсан намын хорооны Дэд дарга/

     

    -Төв аймгийн сум бүрийн төлөөлөл бүхий 120 хүний бүрэлдэхүүнтэй энэ удаагийн чуулга уулзалтад оролцлоо. Хэдхэн сарын өмнө “Монголоо сонсъё” аяныг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан. Иргэдийн амжиргаа тааруу, шатахууны болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг олон асуудлыг аяны үеэр  ард түмэн ярьж байсан. Тэдний санал, бодлыг ажилдаа тусгах, хүндрэлтэй байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бүсийн чуулга уулзалтын үеэр  хөндөж ярьсан. Ардчилагчид бол үргэлж шинийг санаачлагч, шинэ зүйлд тэмүүлэгчид байдаг. Тиймээс ч чуулга уулзалт тус бүртээ маш үр дүнтэй болж өнгөрдөг.