Л.Болд: "Турк улс монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд халдаагүй, хууль бус үйл ажиллагаа зохион байгуулаагүй" гэж Элчин сайд нь утсаар холбогдохдоо хэлсэн
    2018 оны 08 сарын 02 нд
    0c81a38c075957402b91ff3d6ec4a6ef.jpg

    -АМЬД ХҮНИЙГ ҮЛ ОЙЛГОГДОХ ЭРГЭЛЗЭЭТЭЙ НӨХЦӨЛ БАЙДАЛД, БАРАА ТАВААР МЭТЭЭР ЯВУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭДЭГ Л ШААРДЛАГА ТАВЬСАН-

     

    УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

     


    -Монгол дахь Турк сургуулийн багш Вейсел Акчайг хулгайлахыг завдсан хэргийн үеэр манай улсыг хүний эрхийн өндөр мэдрэмжтэй ажиллалаа гэж дэлхий дахинд үнэлж, мэдээлж байна. Тухайн өдөр буюу өнгөрсөн баасан гаригт та “Чингис хаан” нисэх онгоцны буудалд ажилласан хүний хувьд болсон үйл явдалд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

     

    -Монгол Улсад ардчилал, хүний эрхийн хамгаалал байдаг уу гэсэн асуултад олон улсын хэмжээнд багахан ч гэсэн хариулт өгөх гэнэтийн үйл явдал болж өнгөрлөө. Өнгөрсөн баасан гаригт турк багштай холбоотой асуудал дээр олон нийт, хэвлэл мэдээлэл, сошиал орчны идэвхтнүүдээс өгсүүлээд Монголын төр засаг, нийгмийн тогтолцоо маш шуурхай ажилласан гэж дүгнэж болно. Тухайн өдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд энэ талаар маш олон асуулт, шаардлага ирсэн. Тиймээс би өөрийн биеэр “Чингис хаан” нисэх онгоцны буудалд ажилласан. Өөрийн биеэр очихгүйгээр хэн нэгэн албаны хүнээс утсаар асууж, тайлбар авах байдлаар асуудалд хандах нь цаг алдах эрсдэлтэй байсан л даа. Асуудлын хүрээнд холбогдох төрийн байгууллагууд, Гадаад харилцааны яамнаас ч шуурхай ажилласан нь талархалтай. БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж, тайлбар авсныг бүгд харж байсан. Аль ч тусгаар улсын төр хийх л ёстой байсан арга хэмжээг Гадаад харилцааны яам шуурхай авч ажилласан. Эцэст нь Монгол Улс хүний эрхийг хамгаалдаг, ардчилсан улс орон юм байна гэдгийг олон улсын хэмжээнд дүгнэлээ шүү дээ. Өөр хэд хэдэн улс оронд иймэрхүү эргэлзээ дагуулсан үйл явдал болоход хүний эрхийг төдийлөн хангаж чадаагүй гэсэн мэдээллийг хэвлэлүүдээс уншсаны дараа Монголтойгоо харьцуулаад харахад таатай л санагдаж байна лээ. Гэхдээ ингээд санаа амарч болохгүй, ард нь үүсэх өч төчнөөн асуудал бий л дээ.

     

    -Туркийн Засгийн газраас мэдэгдэл гаргасан байна лээ. Монгол Улсыг худал хуурмаг мэдээлэл тараалаа гэсэн агуулгатай байх юм. УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд та энэ асуудалд ямар тайлбар өгөх үү?

     

    -Албан ёсоор Туркийн Засгийн газраас манай Засгийн газарт хандаад мэдэгдэл гаргасан эсэхийг хараахан мэдээгүй байна. Тийм мэдэгдэл гарсан бол Засгийн газрын зүгээс хариуг нь өгөх байх. Нэг зүйл тодотгоод хэлэхэд Монгол Улс, БНТУ маш өндөр хэмжээний найрсаг харилцаатай улсууд. Сая болсон үйл явдлаас шалтгаалаад олон жилийн найрсаг харилцаанд сэв суухгүй гэдэгт итгэлтэй байна. Туркийн Элчин сайд тэр өдөр надтай утсаар холбогдсон. "Турк Улс Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд халдаагүй. Ямар нэгэн байдлаар хууль бус үйл ажиллагааг Монголын газар нутаг дээр зохион байгуулаагүй" гэсэн. Тиймээс үүнийг УИХ албан ёсоор тодруулах ёстой. Хаана ямар шийдвэр гаргаж, хэний оролцоотойгоор Монгол Улс дэлхий нийтийн өмнө ийм нөхцөл байдалд оров гэдэг нь өөрөө том асуудал үүсгэж байгаа шүү.

     

    -“Буянт-Ухаа”-д бууж газрын үйлчилгээ авсан гэж байгаа Туркийн онгоцонд явж байсан хүмүүсийг манай талаас шалгах гэхэд эсэргүүцсэн. Тусгаар улсын нутаг дэвсгэрт орж ирчихээд дипломат албаны хүмүүс гээд шалгуулахгүй өнгөрч болохгүй биз дээ. Ер нь тэр хүмүүсийн тухай танд ямар нэг мэдээлэл ирсэн үү?

     

    -Тэр бол Туркийн ерөнхийлөгчийн Тамгын газарт бүртгэлтэй, дипломат шугамаар дамжин өнгөрөх хүсэлтэй, дипломат паспорттай нисгэгч, экипажтай онгоц байсан. Мөн экипажийн багаас гадна дөрвөн хүн тэр онгоцонд байсан. Гэхдээ тэд хэн гэдэг, ямар учиртай хүмүүс болохоо хэлж Монгол Улсад бүртгүүлэх, паспортаа үзүүлж хуулийн дагуу орж, гарах үйл явц хийлгээгүй. Шалгаж үзэх гэхээр эсэргүүцсэн юм билээ. Засгийн газар энэ үед маш шуурхай арга хэмжээ авч ийм эргэлзээтэй байдалд уг онгоцыг түр саатуулах арга хэмжээг тухайн үед авсан.

     

    -Тэр онгоцоор дипломат шуудан хүргэж ирсэн гээд байх юм. Тийм бол ямар шуудан гэхээрээ ингэж онгоцоор ирэх вэ. Онлайн хөгжсөн орчин цагт дипломат албаны үйл ажиллагаа ийм зардал чирэгдэлтэй явагдана гэж үү?

     

    -Яахав, бүх юмыг цахимаар илгээж болохгүй л дээ. Гэхдээ амьд хүн дипломат ачаа байх ёсгүй л юм. Тиймээс энэ асуудалд Монголын төр хатуу хяналт тавих ёстой юм. Хилийн цэргийн байгууллагаас "Дипломат онгоц учраас бид явуулах ёстой. Нисэхэд нь саад учруулж болохгүй" гэсэн. Тиймдээ ч тус онгоцыг хөөрөхөд манай талаас ямар нэгэн саад учруулаагүй. Бид ИНЕГ болон Зам тээврийн яамны албаны хүмүүст "Ачаа бол дипломат шугамаар орж, гарч болох байх. Харин амьд хүнийг, үл ойлгогдох эргэлзээтэй нөхцөл байдалд, бараа таваар мэтээр явуулж болохгүй гэдэг л шаардлага тавьсан.

     

    -Ер нь тэр онгоц манайд буух албан ёсны зөвшөөрөл урьд нь авсан байсан уу. Тийм биш бол хоёр улсын дипломат харилцааг ноцтойгоор зөрчсөн асуудал болно биз дээ?

     

    -Ямар ч байсан транзит тээврийн онгоц буугаад явсан. Дипломат шугамаар "Ачаа авна" гэж буусан. Манай талаас бүх зөвшөөрлийг нь өгөөд асуудалгүй буулгасан. Буцаад хөөрөхөд нь ч саад учруулаагүй, гол нь тэр ачаа нь амьд хүн байж болохгүй гэдэг байр сууриа л илэрхийлсэн. Тиймээс тэр онгоц ирсэн шалтгаан болон, Туркийн иргэнийг хулгайлах гэж оролдсон асуудлыг манай хуулийнхан тодорхой болгох ёстой юм. Хүний эрхэнд халдаж, долоо, найман цагийн турш ойлгомжгүй байдлаар авч явна гэдэг зайлшгүй шалгах ёстой, ноцтой асуудал. Бид 1990 онд ардчилсан хувьсгал хийсний үр дүнд ийм байдлыг л зогсооцгооё гэж хуулиндаа тусгаж өгсөн шүү дээ.

     

    -Сүүлийн үед Турк, Монголын төрийн айлчлалуудын давтамж нэмэгдэж, хоёр улсын харилцаа сайн байгаа. Тиймээс Вейсел Акчайг авч явах ажиллагаанд дээгүүрээ тохиролцсон байсан юм биш үү. Монголын хоёр иргэнийг Туркт хоригдсон байсныг сулласан гэх ч мэдээлэл байгаа?

     

    -Хоёр улсын харилцаа сайн байгаа нь хэнд ч гэсэн олзуурхууштай. Тийм тохиролцоо байсан эсэхийг мэдэхгүй ч бүх зүйл Монгол Улсын хууль тогтоомжууд болон Монгол Улсын нэгдсэн, элсэн орсон, олон улсын конвенцуудын хүрээнд явагдах учиртай юм.

     

    -Вейсел Акчайг хулгайлах ажиллагаанд Монголын хууль хүчнийхэн оролцсон гэсэн мэдээлэл байгаа. Үнэхээр түүнийг ямар зорилгоор, яах гэж шалгах болсон талаар мэдэгдэх ёстой биз дээ. Тэгэлгүйгээр шууд аваад явсан нь өөрөө олон асуултад хардлага дагуулж байх шиг?

     

    -Хүчний байгууллага мөрдөн шалгаж байгаа хэргийн хүрээнд нууцлах асуудал бий байх. Гэхдээ мэдээлэл өгөх ёстой газар нь парламент. Тиймээс УИХ ээлжит бусаар хуралдахдаа энэ талаар маш тодорхой сонсгол мэдээллийг хийж, тодорхой болгох ёстой. Ээлжит бус чуулган эхлэхээр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Ингээд өнгөрч болохгүй, бүх зүйлийг тодорхой болгох ёстой. Хэзээ нэгэн цагт ийм үйл явц давтагдвал яах вэ, давтагдаад аливаа улс орны төр засагтай бид үл ойлголцолд орохоос хэн хэнийхээ эрх ашгийг хөндөлгүй яаж учраа ололцох вэ гэдгийг ярих ёстой л доо.

     

    -Ээлжит бус чуулганыг долдугаар сарын 30-ны дотор зарлан хуралдуулах шаардлагыг Ерөнхийлөгчийн зүгээс Их хурлын даргад хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хуралдаагүй байна. Ер нь 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах нь зөв үү?

     

    -Хаврын чуулган завсарлахын өмнө олон чухал асуудал хэлэлцэхгүй өндөрлүүлж байна гэдэг шүүмжлэл хэлж байсан. Тймээс ээлжит бус чуулган зарлахыг дэмжинэ. Хуулиндаа заасан хугацаа нь долдугаар сарын 25-ны өдөр гэхэд УИХ-ын дарга ээлжит бус чуулганы товыг зарлах ёстой байсан. Гэтэл зарласангүй. Ингэснээр Үндсэн хуулийн зөрчил үүсээд нэлээн хэд хоночихлоо. Парламентад Үндсэн хуулийн зөрчил үүснэ гэдэг ноцтой асуудал. Тиймээс энэ долоо хоногт ээлжит бус чуулган хуралдах байх гэж хүлээж байна.

     

    -Улс эх орны хөгжил, эдийн засагтай холбоотой асуудлаар биш, эрх баригчдын нэг нэгнээ унагах гэсэн хагарал туйлдаа хүрч ээлжит бус чуулганыг зарлахыг шаардлаа гэх бодолтой хүмүүс цөөнгүй байна лээ. Та үүнтэй санал нийлэх үү?

     

    -Парламентад л гэхэд хаврын чуулганы нийт хугацааны 80 хувийг хэлэлцэх асуудалгүй, үр бүтээлгүй өнгөрөөсөн. Нэг ч бие даасан хууль батлалгүй байж байгаад чуулганы төгсгөл рүү хэдхэн хуулийг баталлаа. Гишүүдийн шаардсан болон нийгмийн зүгээс хүлээлттэй олон асуудлыг хэлэлцэхгүй байж байснаа төгсгөлд нь ноцтой том асуудлуудыг бөөнд нь шуурхай хэлэлцээд явчихсан. Тийм болохоор нийгмийн тусын тулд нэг ч гэсэн асуудлаа хэлэлцэж шийдвэрлэж байвал сайн. Ер нь эцсийн эцэст эрх баригчдын бугширмал, увайгүй байдлаас төр засаг, цаашлаад ард түмэн хаа хаанаа хохирч байгааг бүгд л харж байгаа байх.

     

    Эх сурвалж: "Ѳдрийн сонин"