С.Эрдэнэ: Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүн битгий хэл, мал ч хулгай хийх эрхгүй
    2018 оны 08 сарын 02 нд
    21e6588df7839da18ad0244212d6c238.jpg

    УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

     

    -Өнгөрсөн долоо хоногт Туркийн иргэнийг хулгай хийсэн гэх нийгэмд нэлээд их шуугилаа. Энэ хэрэг явдал ер нь юу болоод өнгөрчих вөө?

     

    -Ерөнхийдөө олон талаас нь харах, дүгнэх асуудал сая үүслээ. Монгол төр цалгарддаг, Төрийн ажил эзгүйрдэг, хүн бүр амралтаа авчихсан ийм үед зөвхөн Монгол Улсын биш дэлхийн нийтийн анхаарлыг татсан үйл явдал болоод өнгөрлөө. Энэ хэрэгтэй холбоотойгоор хүмүүс янз бүрийн л өнцгөөр дүгнэн ярилаа. Тухайлбал, Туркийн иргэнийг хулгайлах нь бидэнд ямар хамаатай юм, иргэнээ аваад явна уу, байна уу гэх мэт зүйлийг ярьж байна. Ийм ойлголтоор асуудалд хандаж болохгүй. Монгол гэдэг тусгаар тогтносон, хуультай, Засаг төртэй улс мөн юм бол Монгол Улсын нутаг дэвсгэр халдашгүй байх ёстой. Юун тэр гадаадын онгоц буугаад гадаад, дотоод нь байна уу хамаагүй, хүн битгий хэл мал ч хулгайлах эрхгүй. Бид Турк, Орос, Хятад нь байна уу хамаагүй, хүн гэдэг утгаараа нь асуудалд хандсан. Тэр өдрийн үйл явдлыг өглөөнөөс эхлээд мэдээлэл авсан, ажигласан, харсан. Маш их бухимдал төрсөн. Нэрээ энэ чинь юу болоод байна вэ. Тусгай үүргийн онгоц манайд яах гэж буув, тэр Турк нөхрийг үл мэдэгдэх хүмүүс автомашин руу чирч гулдаж авч явдаг юм. Ийм ноцтой үйл явдал болж байхад манай хууль, хяналтынхан яагаад мэдээгүй байв. Ингээд яривал маш олон эргэлзээтэй, сэжигтэй асуудлууд байна.

     

    -Та уг асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүлсэн. Танд ямар нэгэн хариу ирсэн үү?

     

    -Туркийн иргэний асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдаас яаралтай тодруулга авахаар албан тоот хүргүүлсэн. Энэ улс оронд чинь эзэн байна уу, юу болоод байна вэ. Монгол Улсад хэн дуртай нь хүрч ирээд хүссэн хүнээ чирээд аваад явдаг болчихсон юм уу, ямар үйл ажиллагаа болоод өнгөрсөн бэ гэсэн асуулгыг хүргүүлсэн. Тухайн өдрийн үдээс хойш манай намын Улс төрийн зөвлөлийн гишүүд цуглаж болж буй үйл явдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандсан мэдэгдэл гаргасан. Мөн холбогдох яам, хууль хяналтын байгууллагын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн байгаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бус аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардсан. Хүн ч байна уу, юу ч байна манай улсын нутаг дэвсгэрээс ямар нэгэн юм авч гарах гэсэн асуудал байгаа бол онгоцыг хөөргөхгүй байхыг шаардсан. Ийм л үйл явдал болсон. Эцсийн дүндээ Турк нөхөр суллагдаж, онгоц хөөрсөн. Зам тээврийн дэд сайд Цогтгэрэл гэх хүн тус онгоцонд хүн суугаагүй, буугаагүй, юм ч ачаагүй, шатахуунаа цэнэглээд ниссэн тухай жиргэсэн байна лээ. Энэ нөхрийн хэлснээр уг асуудал ингээд шийдэгддэг юм биш. Тэгвэл тэр онгоц наашаа яах гэж ирсэн юм. Хэдэн мянган километр нисэж ирээд зөвхөн шатахуун авах гэж ирсэн юм уу. Нөгөөтэйгүүр тус онгоцыг буухыг хэн зөвшөөрөв. Тэгснээ ямар ч шаардлагагүй, үл мэдэгдэх шалтгаанаар буцаад ниссэн юм. Тэр Цогтгэрэлийн хэлсэн шиг тус онгоцноос хэн ч бууж, суугаагүй юм бол тэр Турк иргэн бүтэн өдрийн турш хаана байв. Тэр онгоцноос цугларсан хүмүүсийг тараа гэдэг мэдээг хэн, хаанаас өгөв. Ийм үйл явдал болоод байхад манай хууль хүчнийхэн хаана байсан бэ. Энэ мэт эргэлзээтэй асуудлууд олон байна. Товчхондоо уг хэрэг явдал бидэнд юуг харуулж байна вэ гэхээр Монгол Улсад хүний эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулах хэвээрээ байгаа юм байна.

     

    -Ерөнхий сайдын зүгээс таны тавьсан асуулгад ямар хариулт өгсөн бэ?

     

    -Дээр дурдсан шиг тодруулах асуудлууд их байгаа. Одоогийн байдлаар Ерөнхий сайдаас мэдээлэл ирээгүй байна. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газраас албан мэдээлэл ирсэн. Гэхдээ миний тавьсан асуулгад бүрэн хэмжээний хариулт болж ирж чадаагүй.

     

    -Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн хариултад товчхондоо юу гэж байна вэ?

     

    -Ерөнхийдөө болсон процессыг дурдсан байна лээ. Тухайн буусан онгоцыг хөөргөхгүй байх чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн гэсэн зүйл л байсан. Тэдний ирүүлсэн бичигт уг хэргийг Туркийн талаас зохион байгуулаагүй гэдгийг олон дахин бичсэн байсан.

     

    -Турк улсад болж буй нөхцөл байдалтай уг хэрэг холбоотой гэж тайлбарлах хүмүүс байна. Таны хувьд ямар байр суурьтай байна?

     

    -Туркийн нөхцөл байдлын талаар хөндлөнгөөс дүгнэлт хийх нь зохисгүй байх. Тэр бол тухайн улсын дотоод асуудал. Нөгөөтэйгүүр нөхцөл байдлыг нь хараад байхад Ардчилсан улсад байж болохооргүй үйл явдал өрнөөд байна уу даа л гэж харж байгаа. Саяны хэрэг явдалтай адилхан бусад улс орноос олон удаагийн хүн авч гарах оролдлогыг хийлээ. Юутай ч Туркийн нөхцөл байдлыг дэлхийн олон орон эсэргүүцэж байгаа.

     

    -Турк иргэнийг хулгайлсан нь шалгагдаж тогтоогдвол Хууль зүйн яам болоод Засгийн газартай хариуцлага тооцно гэж зарим улстөрчид мэдэгдэж байсан. Энэ асуудлаар таны байр суурь ямар байна вэ?

     

    -Хариуцлага тооцох нөхцөл байдал үүссэн. Учир нь хүний эрхэд халдана гэдэг ноцтой үйлдэл. Тэр тусмаа ардчилсан Үндсэн хуультай, ардчилсан улсад ийм зүйл огт байж болохгүй. Монгол Улсын халдашгүй байдлаас эхлээд маш олон хууль зөрчигдлөө. Хэрэв дээрх хэрэг нотлогдвол хэн нэгэн заавал хариуцлага хүлээх ёстой. Тэр битгий хэл турк иргэнийг хулгайлсан гэх хэрэгтэй холбоотой асуудлаар УИХ-ын чуулганаар нээлттэй сонсгол явуулах шаардлагатай гэж харж байгаа. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар хүн худалдсан байх магадлалтай асуудлыг хэлж байна.

     

    -Ерөнхийлөгч ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардсан бичгээ УИХ-ын даргад хэдэнтээ өглөө. Ээлжит бус чуулган хуралдах асуудалд та болон танай нам ямар байр суурьтай байна вэ?

     

    -Ээлжит бус чуулганыг хуралдуулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн гэж эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас хуралдуулах саналаа УИХ-ын даргад хүргүүлдэг. Харин ээлжит бус чуулган хуралдуулах эсэх нь УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргад гурав дахь удаагаа албан шаардлагыг хүргүүлсэн. Хууль зүйн байнгын хороо хуралдах шаардлагагүй гэдгийг ярьж байна. Их хурлын зарим гишүүд ээлжит бус чуулганыг хуралдуулахыг шаардсан. Харин УИХ-ын даргын зүгээс одоогийн байдлаар хуралдуулах шаардлага үүсээгүй гэсэн байр суурьтай байна лээ. Ийм үед хууль аль талд нь шийдэхээс нөхцөл байдал бий болох байх. Улс орны нийгэм эдийн засгийн байдлыг аваад үзвэл шийдэх асуудал олон байна. Ээлжит бус чуулган хуралдвал ганц нэг хүний асуудал бус олон асуудлыг авч хэлэлцэх нь зөв.

     

    -Сангийн сайд эдийн засаг нэг үеэ бодоход өсөж, манайх руу орж ирэх мөнгөний урсгал нэмэгдэж байна гэж мэдэгдсэн. Зарим өр зээлээ ч төлж дууссан сурагтай...

     

    -Улс төрийн оноо авахын тулд ард түмэнд өөрсдийгөө их сайн сайхан зүйл хийсэн мэтээр харагдуулахаар рекламдаж байна. Гэтэл бодит байдал дээр эмч, багш нар маань хэдэн төгрөгийн цалинтай билээ. Тэр их олж байгаа орлого, мөнгөний урсгал чинь хаашаа, юунд яваад байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт гэж яг юу хийгдэв. Нэг километр зам баригдсан уу. Харин эсрэгээрээ тавьсан зам нь борооны усанд урсаад хот хөдөөгүй замгүй л болчихлоо. Орлого оллоо, өр тэглэлээ гэж худлаа баахан ярих юм. Одоогийн байдлаар нэг ч өр дарагдаагүй шүү дээ. Монгол Улсын гадаад өр 27 тэрбум ам.доллар хэвээрээ байгаа. Энэ бүх өр төлөгдөөгүй. Харин өр төлөх хугацааг л хойшлуулсан байхгүй юу. Бондыг бондоор дарсан. Ингэж дарахдаа өмнөх бондын хүүг өсгөж дарсан. Ингэж хүү өснө гэдэг нь төсөв дээрх дарамт ачаа нэмэгдэнэ л гэсэн үг. Яг бодит байдал дээр нийгэм эдийн засагт ямар ашигтай үйл ажиллагаа явчихсан бэ. Эрх баригчид Засгийн эрхийг аваад хоёр жил өнгөрлөө. 2016 онд ард түмний тархийг угааж гарч ирсэн хүмүүс өнөөдөр яг юу хийв. Өнөөдрийг хүртэл Ардын нам нэг ширхэг ч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй, нэг километр ч зам тавиагүй л байна.

     

    -ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байгаа. Энэ удаагийн уулзалтаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар тухайлан ярилцана гэсэн. Ер нь цалин нэмэгдэх боломж хэр байгаа бол?

     

    -ОУВС гэж тусгай статустай байгууллага биш. Зүгээр л олон улсын санхүүгийн л байгууллага. Ийм байгууллагаар Төрийн бүх эрх мэдлээ шийдүүлэх байсан юм бол эд нар Засгийн газар байгуулах ямар шаардлага байсан юм. Нэртэйгээр нь Төрийнхөө тамга тэмдгийг хадган дээр тавиад ОУВС-нд өгчих хэрэгтэй юм биш үү. Монгол гэдэг улс байна уу, Засгийн газар, Төр гэж байна уу. Яагаад бүх асуудлаа ОУВС-гаар заалгах ёстой гэж. Чадахгүй байсан бол яах гэж 2016 оны сонгуульд ард түмэнд худлаа амлалт өгсөн юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нөгөө л улиг болсон өр гэдгээ л ярилаа. 27 тэрбум ам.долларын өрнөөс ердөө 2.6 тэрбум ам.долларын өрийг л Ардчилсан намын Засгийн газрын үед тавьж байсан. Үлдсэн өрийг Ардын намын Засгийн газрын үед тавьсан. Энэ хоёр жилийн хооронд Ардын нам гурван тэрбум гаруй ам.долларын өр тавьчихсан байна. Энэ их хөрөнгө мөнгөөр яг юу хийсэн бэ. Үүнийгээ одоо ард түмэндээ тайлагнах цаг болсон. Тайлангаа тавь, гоё сайхан ярьдгаа боль.

     

    -Хэнтий аймагт явагдах нөхөн сонгуулийг болно, болохгүй гэж үзэх, тайлбарлах улстөрчид олон байна. Таны хувьд тус сонгуулийн асуудалд ямар байр суурьтай байна?

     

    -Энэ бол Монгол Улсын хуультай, дүрэмтэй сонгууль. Тиймээс хуулийнхаа хүрээнд болох л учиртай. Манай нам уг сонгуульд оролцоно. Эрх баригчдад хяналт тавьж байх үүрэгтэй сөрөг хүчний хувьд ч тэр тус сонгуульд оролцох үүрэгтэй. Харин тухайн сонгуульд ямар хүнийг намаасаа нэр дэвшүүлэх вэ гэдгийг хэлэхэд эрт байна. Энэ сарын 8-аас өмнө улс төрийн намууд сонгуульд оролцох үгүйгээ илэрхийлнэ. Улмаар ирэх сарын 4-ний дотор нэр дэвшигчдээ зарлах дүрэмтэй байгаа.

     

    -Ирэх намрын чуулганаар та ямар хуулийн төслүүдийг боловсруулан хэлэлцүүлж, батлуулахаар ажиллаж байна вэ?

     

    -Хэд хэдэн хуулийн төслүүдээр ажиллаж байгаа. Тэр бүгдийг ярина гэвэл цаг хугацаа их орно байх. Ардчилсан намын хувьд Бодлогын ерөнхий зөвлөл байгуулаад зургаан сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд зөвлөлүүд туршилтын журмаар ажиллаж ирсэн. Харин одооноос албан ёсны үйл ажиллагаандаа орно. Бодлогын ерөнхий зөвлөлийн гол зорилго нь эрх барьж буй намын явуулж байгаа үйл ажиллагаанд судалгаа дүгнэлт хийж, байр сууриа илэрхийлэх, намынхаа бодлогыг тодорхойлоход оршиж байгаа. Цаашид УИХ-аар ямар хууль санаачлан, баталж оруулах вэ, Монгол төрд юу хэрэгтэй байна гэдгийг судалж, анализ хийх чиг үүрэгтэй. Ирэх намраас Бодлогын ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа нэлээд эрчимжих байх.

     

    Эх сурвалж: "Өдрийн сонин", сэтгүүлч Э.Мөнхтүвшин