“Монголоо сонсъё” аянд 220 мянган иргэн хамрагдаж, 104 мянган км зам тууллаа
    2018 оны 08 сарын 07 нд
    310ceded7ab1c745ad3d2d359f58765f.jpg

    Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны IV хуралдаан  энэ сарын 6-нд Төрийн ордонд боллоо. Энэ үеэр  орон даяар зохион байгуулагдсан “Монголоо сонсъё” аяныг дүгнэж, тайланг нь хэлэлцсэн юм. Нийт 32 хоног орон даяар амжилттай өрнөсөн тус  аян 21 аймаг, есөн дүүргийн 474 анхан шатны нэгжид хүрчээ.

     

    Ардчилсан намын шинэчлэл, үзэл баримтлал, үндсэн дүрэм, бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж, ард түмнээ сонсох зорилготой эхлүүлсэн тус аянд нийт 300 гаруй Үндэсний бодлогын хорооны гишүүн оролцож, 104 мянган км замыг туулан, Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажилласан байна. “Монголоо сонсъё” аянд улсын хэмжээнд нийт 74 мянган намын гишүүд, 149, 364 иргэд, сонгогчид хамрагдсан талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан мэдээллээ. Өөрөөр хэлбэл, тус аянд 220 гаруй мянган иргэн оролцож, өнөөгийн эрх баригчдын бодлого, шийдвэр, нийгэм, эдийн засгийн байдал, Засгийн газрын үйл ажиллагааны талаар санал, бодлоо илэрхийлж, эрүүл мэнд, соёлын үйлчилгээ болон бусад арга хэмжээнд хамрагдсан аж. 

     

    Иргэдээс ирүүлсэн саналыг төрлөөр нь ангилбал, 60 тэрбумын асуудал, агаарын бохирдол, газар олголт, хүүхдийн мөнгө, малчдын тэтгэвэр, зээлийн хүүг бууруулах, эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагаа, эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, хүртээмжийн асуудлыг хамгийн ихээр хөнджээ. “Монголоо сонсъё” аяны хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газарт-202, Засгийн газарт-1187, УИХ дахь Ардчилсан намын бүлэгт-372, Ардчилсан намын бодлого, үйл ажиллагаатай холбоотой- 960 саналыг тус тус иргэдээс ирүүлсэн байна. Мөн тухайн орон нутгийн удирдлагуудад хандсан санал, хүсэлт ч тодорхой хувийг эзэлж байгаа юм.

     

    Аяны хүрээнд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг эрэмбэлэн, ангилж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, холбогдох төрийн захиргааны байгууллагууд, НЗДТГ, орон нутгийн захиргаанд хүргүүлэх юм. “Монголоо сонсъё” аяны хүрээнд зөвхөн иргэдийн саналыг сонсоод өнгөрөх бус хариуг нь хүргүүлж, зохих шийдвэрийг гаргуулахын төлөө ажиллахаа ҮБХ-ны IV хуралдааны үеэр Ардчилсан намын удирдлагууд, гишүүд хэлж байв.

     

    “Монголоо сонсъё” хоёрдугаар аян 2018 оны аравдугаар сард эхэлнэ.