УИХ-ын гишүүн Л.Болд БНТУ-ын Элчин сайд М.Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа
    2018 оны 08 сарын 10 нд
    c9ea4221e22d0a4efe1c12dfccc84e51.jpg

    УИХ-ын гишүүн Л.Болд Төрийн ордонд Монгол-Туркийн парламентын бүлэг, Хүний эрхийн Дэд хороог төлөөлөн БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд М.Ахмет Язалтай уулзалт хийлээ.

     

    Уулзалтын үеэр Элчин сайд М.Ахмет Язал өнгөрсөн долдугаар сарын 27-нд Турк сургуулийн захирлыг хулгайлсан асуудалтай холбогдуулан албан ёсны байр сууриа илэрхийлэв.

     

    Тэрээр энэ үеэр 2016 оны долдугаар сарын 16-нд БНТУ-д төрийн эргэлт хийхийг оролдсон “ФЕТО” бүлэглэлийн талаархи мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулаад БНТУ Монгол Улсын бүрэн эрхэт байдал, хууль тогтоомжийг хүндэтгэн үздэг тул Монгол Улсын нутаг дэвсгэрт, хууль хяналтын байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, цаашид ч явуулахгүй гэдгийг мэдэгдлээ.

     

    УИХ-ын гишүүн Л.Болдын зүгээс үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан парламентын гишүүд онцгойлон анхаарч, асуулга тавьж, ажлын хэсэг гарган ажиллах болно гэдгийг мэдэгдэв.

     

    Мөн хоёр улсын хууль хяналтын байгууллагууд шуурхай шалгалт явуулж, гэм буруутай этгээдүүдийг  олж тогтоон олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэхэд анхаарал тавина гэдгээ илэрхийлсэн юм.