Ц.Мөнхбат: Ажилгүйдэл буураагүй, харин ч нэмэгдсэн
    2018 оны 08 сарын 20 нд
    ba870617da1042a7a2d71939d6b43ec3.jpg

    Ардчилсан намын “Хангайн бүсийн чуулга уулзалт-2018” Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт орших Амарбаясгалант хийдийн бэлд амжилттай зохион байгуулагдсан. Тус чуулга уулзалтад зочноор оролцсон Дундговь аймгийн Ардчилсан намын хорооны дарга Ц.Мөнхбаттай  цөөн хором ярилцлаа.

     

    -Эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Танай аймагт өнгөрсөн хугацаанд юу хийгдэв, энэ талаар ярилцлагаа эхэлье?

     

    -Эрх баригчдын бүрэн эрхийн хугацаа талдаа орчихоод  байхад өнөөдрийн байдлаар манай аймагт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр  хийгдсэн зүйл алга. Сум, орон нутгийн хөгжилд зориулсан гарт баригдаж, нүдэнд харагдах дорвитой хийгдсэн зүйл байхгүй байгааг “Монголоо сонсъё” аяны үеэр иргэд хэлж байсан. Ардчилсан намын үед Дундговь аймагт хийгдсэн 70 гаруй томоохон ажил байдаг. Улстөржилтөөс болж иргэд рүү чиглэсэн маш олон ажлыг зогсоосон. Тухайлбал, 2014-2016 онд Ардчилсан намын үед санаачилсан гэдэг шалтгаанаар аялал жуулчлалын салбарт хэрэгжих байсан томоохон ажлыг зогсоосон. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар барих байсан цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил зогссон. Энэ мэтчилэн томоохон ажлуудыг зогсоож, шороонд дарагдаад байж байх жишээтэй. Дундговь аймгийн онцлог нь мал аж ахуйд  суурилсан эдийн засагтай. Уул уурхай гэх мэт өөр салбараар төрөлжих боломж хомс. Тиймээс ч аялал жуулчлалыг хөгжүүлж, иргэдийнхээ амжиргааг дээшлүүлэх бодлого баримталж, энэ чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөж байсан юм. Харамсалтай нь энэ ажил үргэлжилсэнгүй. Жишээ нь Европын холбооны улсуудаас жуулчид ирэхэд сонирхсон бүхий л үйлчилгээг нь үзүүлэх боломжтой. Гэрээ бариад, тулгаа тавиад байх юм уу, морь унаад тал нутгийг үзэж, сонирхох уу, гүүний саам уугаад, идээ ундаа сонгох уу гээд сонголт өргөн. Өөрөөр хэлбэл, малчин өрх, жуулчдыг холбох чиглэлээр бодлого боловсруулаад ажиллаж байсан. Цаашид бид үүнийгээ ажил хэрэгж болгож, үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

     

    -Эдийн засгийн эерэг үзүүлэлтүүдийг яриад байгаа боловч иргэдийн амьдралд бодит өөрчлөлт гарсангүй.  Дээрээс нь шатахууны үнэ нэмэгдчихлээ ?

     

    -Иргэдийн бодит орлого огт нэмэгдэхгүй байгаа. Энэ асуудалд тооцоо, судалгаатай хандаж, системтэй олон ажил хэрэгжүүлэх боломжтой. Тиймээс ч энэ чиглэлээр олон санал, санаачлага гаргасан боловч харамсалтай нь дэмжигдээгүй. “Монголоо сонсъё” аяны хүрээнд бид бүх сумдаараа тойрч ажилласан. Энэ үеэр шатахууны үнэ нэмэгдсэн. 2016 онд Ардчилсан нам ажлаа хүлээлгэж өгөхөд нэг литр шатахууны үнэ 1640 төгрөг байсан. Өнөөдөр нэг литр шатахуун 2050 төгрөгт хүрчихлээ. Зөвхөн шатахууны үнэ литр тутамдаа 400 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг бол мэдээж иргэдийн нуруун дээр ямар хүнд ачаа ирж байгаа нь ойлгомжтой. Зөвхөн шатахууны үнэ нэмээд зогсохгүй есөн төрлийн татвар нэмсэн, ОУВС-аас хэт хамааралтай ажиллаж байгаа зэрэг өнөөгийн эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт иргэд үнэхээр шүүмжлэлтэй хандаж байна. Ард иргэдийнхээ халаасыг тэмтэрч, орлогоос нь хумсалж өр зээлээ төлж байгаа нь маш буруу бодлого.

     

    -“Монголоо сонсъё” аяны үеэр хамгийн их хөндөгдсөн асуудал бол ажилгүйдэл байсан. Тухайлбал, Дундговь аймагт ажилгүйдлийн түвшин буурсан уу?

     

    -Дундговь аймаг нийт 46 мянган хүн амтай. Аймгийн төв дээр 15 орчим мянган хүн оршин суудаг. Ажилгүйдлийн түвшин буурахгүй байна, харин ч өсч байна. Харамсалтай нь ажилгүйдлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй төрийн бодлого байхгүй байгаа. Дундговь аймгийн одоогийн Засаг дарга өнгөрсөн сонгуулиар ЖДҮ-ийг дэмжиж, ажилгүйдлийг бууруулна гэж амлалт өгсөн байдаг. Өөрийнх нь мөрийн хөтөлбөрт аймгийн хэмжээнд 21 ЖДҮ байгуулна гэж тусгасан байдаг юм билээ. Харамсалтай нь өнөөдөр хоёрхон үйлдвэр Дундговь аймагт шинээр бий болсон. Гэхдээ энэ нь тэдний оролцоотой байгуулагдсан үйлдвэр биш, хувь хүмүүсийн хийсэн ажил байгаа. Эрх баригчид ажилгүйдлийн түвшин буурсан гэж мэдээлж байгаа нь ч худлаа үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь намыг дэмжигчдийг төрийн албанд түр болон бүр томилсноо ажилгүйдлийг бууруулсан гэж яриад байгаа. Гэвч үнэн хэрэгтээ нэгийг халж, нөгөөг ажилд томилсон хэрэг.

     

    -Бүсийн чуулганы ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

     

    -Бүсийн чуулган бол өнгөрсөн хугацаанд хамгийн их үгүйлэгдэж байсан ажлуудын нэг. Намын гишүүдийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэхэд зайлшгүй хийгдэх ёстой ажил байсан. Говийн бүсийн чуулганд Дундговь аймаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Энэ удаагийн хангайн бүсийн чуулганд цөөн хэдэн журмын нөхдийн хамт зочноор оролцож байна. Тиймээс ч Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд олон ажлыг амжилттай зохион байгуулж буй удирдлагууддаа талархалаа илэрхийлье.