Р.Даваадорж: Эрх баригчид олсон хэдхэн доллараа өөрсдийнхөө тансаглалд зарцуулж байна
    2018 оны 08 сарын 27 нд
    2593224dc842239edf70ee98e4463b73.jpg

    “Хангайн бүсийн чуулга уулзалт-2018” энэ сарын 15-18-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан юм. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн эдийн засгийн зөвлөх Р.Даваадоржтой цөөн хором ярилцлаа.

     

    -Эрх баригчид эдийн засаг зургаан хувиар өссөн гэж яриад байна. Үнэхээр эдийн засгийн өсөлт энэ хэмжээнд хүрсэн үү?

     

    -Эдийн засгийн өсөлт, эерэг үзүүлэлтийг эрх баригчид их ярьж байгаа. Гэвч энэ бол статистик үзүүлэлт дээр байгаа тоо төдий зүйл. Өөрөөр хэлбэл, иргэдийн амьдралд нөлөөлсөн, ядуурлыг бууруулсан, ажлын байр нэмэгдүүлсэн зүйл алга. Дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэсийн үнийн өсөлтөөс хамаарч статистик талаасаа харвал өсөлттэй харагдаж байгаа юм. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр ойролцоогоор 400 орчим ам.доллараар өссөн. Нүүрсний үнэ 20 гаруй ам.доллараар өссөнийг л эрх баригчид эдийн засаг 6.1 хувийн өсөлттэй гэж яриад байгаа юм. Түүнээс биш МАН-ын хэрэгжүүлж буй бодлогын үр дүнд эдийн засаг өсөөгүй.

     

    -Бас өр барагдуулсан гэж яриад байгаа шүү дээ?

     

    -МАН эрх барьснаас хойш гурван том өрийг төлөх хугацааг нь хойшлуулсан. Тухайлбал, 580 сая ам.долларын Евро бондын өрийн асуудал бий. Евро бонд бол Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын үед тавьсан өр байдаг. Үүнийг 600 сая ам.долларын “Хуралдай” бонд гаргаж, хугацааг нь хойшлууллаа. Өр төлөөгүй, хугацааг нь хойшлуулсан юм. Мөн “Чингис” бондын 500 сая ам.доллар, өөр бондын 160 сая ам.доллар гээд нийт 700 орчим сая ам.долларын өрийн төлөх хугацааг нь хойшлуулсан. Хойшлуулахдаа “Гэрэгэ” бонд гаргаж 800 сая ам.долларын өр тавьж, тодорхой хугацаанд буюу 4-5 жилийн дараа төлөхөөр хугацааг нь хойшлууллаа. Эдгээр бондын хүүг төлөхөөс гадна ирээдүйд илүү өндөр дүнтэй өрийн асуудал дахин яригдана.

     

    -ОУВС Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэх болсоор багагүй хугацаа өнгөрүүллээ. ОУВС-нд хандах зайлшгүй хэрэгцээ байсан уу?

     

    -Хэрэв МАН зөв бодлого хэрэгжүүлсэн бол эдийн засаг сэргэж байгаа энэ үед ОУВС-гийн тусламжгүйгээр асуудлыг шийдэх боломжтой байсан. Харамсалтай нь МАН тодорхой бодлогогүйн улмаас ОУВС-нд хандсан. ОУВС-нд хандсанаар Азийн банк, Дэлхийн банкнаас их хэмжээний зээл орж ирсэн. Зөвхөн үүнийг ашиглах гэж л эрх баригчид ОУВС-нд хандсан. Иргэдийн цалин нэмэх, хүүхдийн мөнгө олгох зэрэг асуудлыг Монгол Улсын Засгийн газар бие дааж шийдвэрлэх бүрэн боломжтой талаар ОУВС-тай хийсэн уулзалтын үеэр бидэнд хэлсэн. Монгол Улс тодорхой хэмжээний хүндрэлээ даван туулахад ОУВС тусалж, санхүүгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Түүнээс биш ямар бодлого хэрэгжүүлэх, хэндээ юугаа өгөхөө Монгол Улсын Засгийн газар бие дааж шийдвэрлэх бүрэн эрхтэй, боломжтой шүү дээ.

     

    -Дэлхийн банкнаас Монгол Улсыг төсвийн үрэлгэн зардлаа танах тухай үргэлж анхааруулж байгаа. Гэтэл тэдний сануулгыг нэг л ойшоохгүй байх шиг?

     

    -Эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр нэлээн гайгүй байна. Гэхдээ энэ нь тогтвортой байдал биш. Учир нь эрдэс баялгийн үнэ үргэлж савалж байдаг шүү дээ. Зэсийн үнэ сүүлийн үед бага зэрэг буурч байна. АНУ, БНХАУ болон Европын холбооны улсуудын хооронд үүссэн худалдааны асуудалтай холбоотой манай голлох эрдэс баялгийн үнэ буурах эрсдэлтэй байна. Хэрэв Монгол Улс зөв зүйтэй бодлого хэрэгжүүлж чадахгүй бол ирээдүйд учрах эрсдэл, хүндрэл маш их байгааг анхааруулж хэлье. Үүний зэрэгцээ эрдэс баялгаараа олсон хэдхэн ам.доллараа төсвийн үрэлгэн зардалд зарцуулж байна. Төрийн данхар, том бүтэц, түүнийг дагасан олон дарга нарын тансаглалд хамаг мөнгө нь үрэгдэж байна шүү дээ. Төсвийн үрэлгэн зардал асар хурдацтай өсч байна. Эрдэс баялгийн бүтээгдэхүүнээс олсон жаахан орлогоо ард түмэнд зориулахгүй өөрсдийнхөө тансаглалд үрэн таран хийж буйд харамсч байгаа. Энэ талаар зөвхөн би яриад байгаа юм биш. Дэлхийн банкнаас хүртэл Монгол Улсын Засгийн газарт анхааруулсан шүү дээ. Хэт үрэлгэн зардлаа танахгүй бол эрдэс баялгийн үнэ гэдэг чинь тогтвортой зүйл биш. Эдийн засгийн зөв бодлого хэрэгтэй байна. Манайх шиг уул уурхай, эрдэс баялгийн бүтээгдэхүүнээс хараат эдийн засагтай орнууд байна. Тухайлбал, Чили улс байна л даа. Чили улс яадаг вэ гэхээр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өндөр байх үед олсон орлогоороо ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийдэг. Тухайлбал, дэлхийн шилдэг вино үйлдвэрлэлийг татаж байх жишээтэй. Ирээдүйд зэсийн үнэ унахад вино үйлдвэрлэлээрээ, аялал жуулчлалаараа доллар олно гэж төлөвлөж байна шүү дээ. Энэ мэтчилэн улс орнууд өөрийн гэсэн бодлоготой байдаг байхгүй юу. Гэтэл Монгол Улс яаж байна гэхээр олсон бүх мөнгөө төсвийн зардал, дарга нарын тансаглалд зарцуулаад дуусгаж байгаа нь туйлын харамсалтай.