С.Эрдэнэ: Төрийн албыг улстөржсөн байдлаар арилжсаны гай гарч байна
    2018 оны 08 сарын 29 нд
    68054b1bbef3cd94ceae9a224a928c8a.jpg

     

    “Контрол” цахим телевизийн “Комментатор” нэвтрүүлгийн зочин УИХын гишүүн, Парламент дахь сөрөг хүчин болох АНын дарга С.Эрдэнэтэй тус нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ц.Энхбат ярилцсаныг буулган уншигчдадаа хүргэж байна.

    –Та сайхан намаржиж байна уу. Ажил алба ихтэй л харагдана?

    Зуны сар зургаа биш, гурав юм. Намрын сар эхэлчихлээ. Зуны хувьд амрахаасаа илүү ажиллалаа. Намын шинэчлэлийн бодлогын хүрээнд гишүүдээ чадавхжуулах зорилгоор бүсчилсэн сургалтыг Баян-Өлгий, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт зохион байгууллаа.

    Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль бол өнгөн дээрээ нэг суудлын төлөө харагдавч чухал ач холбогдолтой гэж улс төрийн гурав дахь хүчнийхэн үзэж буй.

    Ач холбогдол өгөхөөр сонгууль огт биш.

    –Ганц суудлын хувьд онцын өөрчлөлт авчирч чадахгүй байх тал бий?

    Сонгогдсон Гантулга гишүүн өндөр ухамсартай, хариуцлагатай байж бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Нэгэнт нөхөн сонгуулийг зарласан тул оролцохоо илэрхийлсэн байсан.

    -Гуравдагч хүчний улс төрийн нам энэ нөхөн сонгуулийг эрх баригчдаас илүү сонирхсон. Ач холбогдол ч их өгсөн. МАХН, МҮАН тухайлахад. Хариуцлагын тогтолцоог парламентад бий болгоно гэж байр сууриа илэрхийлсэн?

    Нөхөн сонгуулийн нэг тойрогт ялалт байгуулснаар парламентад хариуцлагын тогтолцоог бий болгож чадахгүй. УИХ-ын сонгуульд үнэмлэхүй суудал авч, ялалт байгуулж, олонхи болж, багаараа зүтгэж байж л өөрчлөлтийг хийж, хөтөлбөрөө хэрэгжүүлнэ шүү дээ. Нэг хүн ороод өөрчилчихдөггүй гэдгийг өнгөрсөн 30 жилийн түүх батлан харуулсан. Нэг хүн өөрчилдөг юм бол тийм төлөөлөл болсон Жавхлан, Баасанхүү нар одоо ч парламентад байна шүү дээ. Олон түмний, иргэдийн хүсэн хүлээгээд байгаа шийдвэрийг парламентын түвшинд гаргахад нөлөөлж чадахгүй. Энэ бол институц биш юм.

    СЕХ–ны нарийн бичгийн дарга Болдсайхан “ҮХЦийн шийдвэрээс сонгууль болох эсэх нь хамаарна гэж хэлсэн. Шийдвэр нь ч гарчихлаа. Сонгуулийг хориглоогүй ч, түдгэлзүүлсэн.

    Гишүүн Баасанхүү болон бас бус хүмүүс зарим нэг шалтгаанаар нөхөн сонгуулийг хууль бус зарласан гэж ҮХЦ-д гомдол гаргасан. Төрийн албан хаагчдыг сонгуульд оролцох боломжоор хангаагүй гэдэг үндэслэлийг иш болгосон. Нөхөн сонгууль явуулах УИХ -ын тогтоолыг би нэг талдаа хууль зөрчсөн үндэслэлтэй гэж харж байна. Нөгөө талдаа улс төрийн зорилго ч бас агуулагдаж байгаа юм болов уу гэж хардаж байгаа. Эрх баригчдын сонирхол бол нөхөн сонгуулийг аль болох явуулахгүй байх, хойшлуулах.

    –Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан хүн хоёуланд нь дургүй гэдэг шиг юм болжбайна гэж үзэж болох нь ээ дээ?

    Яг тийм. 42 дугаар тойргийн сонгогчид үлдсэн хугацаанд төлөөлөлгүй байж болохгүй. Тэд сонгогчдын нэг хэсэг яах аргагүй мөн. Нэг хариуцлагагүй этгээдээс болоод бүтэн хоёр жил УИХ-д төлөөлөлгүй байна гэдэг хохиролтой. Гэвч тэр суудлыг заавал хэсэг бүлэг хүний сонирхлыг хангасан хүн очих ёстой юм шиг үзээд тэр нь бүтэхгүй маягтай болохоор танайх ч байхгүй, манайх ч байхгүй гэдэг зарчим л барьж, ҮХЦ-д хандсан боллоо л гэж тайлж сууна.

    –КАС (Конрад Аденаурын сан) сонгуультай холбоотой семинарын үеэр сонгуулийн хуулийг өөрчлөхдөө дараагийн парламентаас мөрдөх нь зөв гэдэг зөвлөмжийг манайханд нэг бус удаа өгсөн. Өөрсдөө баталчихаад өөрсдөө тэр хуулиараа бусад нам, тэдний нэр дэвшигчидтэй өрсөлдөх нь шударга бус юм гэж тайлбарлаж байсныг санаж байна?

    Зөв л дөө. Өндөр хөгжилтэй орнуудад бол аливаа хууль батлаад тэрийгээ өөр дээрээ хэрэглэдэггүй л байхгүй юу. Манайх л үүнийг зөрчдөг.

    –Ардчилал гэж юу юм бэ. Энэ бол засгийн эрхийг ээлжлэн барих?

    Ардчиллын мөн чанар л тэр шүү дээ. Хувь хүний эрх чөлөөг орхигдуулж болохгүй. Хуулийг өөртөө зориулж өөрчилж, батлаад тэрийгээ мөрдөнө гэдэг маш бүдүүлэг явдал. Манайд бол хэвийн болчихоод байна, харамсалтай нь. Одоо шинэчлэн батлахаар бол 2024 оны сонгуулиар мөрдөх учиртай.

    -Манай цахим телевизийн үзэгчдийн зүгээс УБТЗ буюу осолдсон вагоны талаар, ЗТХЯ буюу төрийн албан хаагчийн амийг бүрэлгэсэн талаар, Туркийн багштай холбоотой асуудлуудаар танай намын байр суурийг сонсох хүсэлтээ илэрхийлсэн?

    Ардчилсан улс орны үндсэн хэм хэмжээ бол хувь хүний үндсэн эрх, эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх гэх мэт үндсэн зарчмууд. Энэ эрхээ эдэлснийхээ төлөө ямар нэг дарамт, шахалтанд орох, эрүүдэн шүүгдэх гэх мэт амь насанд нь хохирол, бие болон сэтгэлийн хохирол туулах учиргүй. Монгол Улс үнэхээр ардчилсан улс орон мөн л юм бол турк багш, хятад ажилтан, орос бизнесмэн хэн ч бай хүний эрхэнд халдсан аливаа үйлдэлд өртөхийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Энэ бол ардчилсан улсын хамгийн том зарчим. НҮБ-ын хүн амын сангийн ч акт бий. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө хэн нэгэнд эрүүдэн шүүлт тулгах, амь насанд нь аюул заналхийлэх нөхцөл үүссэн тохиолдолд тэр хүнийг заналхийлж буй талд шилжүүлэн өгөхгүй байх ОУ-ын конвенцид бид нэгдсэн. Аль талыг ч бодсон Монгол Улсын тусгаар тогтнол, хил гаалийн дархан байдал гэх мэт маш олон хүчин зүйлийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болсон.

    –Хил давуулан авч гарах гэсэн оролдого хийсэн байсан?

    Энэ тухай мэдээлэл авангуутаа УИХ-ын гишүүнийхээ хувиар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Бас холбогдох яамд руу утас цохиж, хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан. Энэ шаардлагын дагуу ТЕГ-ын Тамгын газар, ГХЯ, ЗГХЭГ зэргээс хариу ирсэн. Ямар нэгэн байдлаар оролцоогүй гэдэг байр сууриа Монгол Улсын Засгийн газар илэрхийлж, үйл явдлыг хянаж, шалгаж байна гэсэн хариуг ирүүлсэн. Ямар ч байсан тусгай үүргийн онгоцыг нисгэхгүй байх, тэр турк багшийг онгоцонд суулгасан гэсэн мэдээллийг авсан учраас хөөргөж болохгүй гэсэн шаардлагыг тавьсан.ГХЯ мөн энэ чиглэлд ажилласан. Би яг нарийн ширийнийг мэдэхгүй байна. Зам тээврийн дэд сайд байгаад огцордог Цогтгэрэл гэж нөхөр бол энэ онгоцонд нэг ч хүн суугаагүй, буугаагүй, нэг ч юм ачаагүй, ганцхан түлш л авсан гэсэн юм жиргэж байсан. Тийм юм бол яах гэж тэр онгоц ирсэн юм. Ямар зорилготой ирсэн юм. Тэр багш өглөө хулгайлагдаад орой эрүүгийн цагдаагийн газар очих хүртлээ хаана ямар хүмүүстэй байсан юм. Тэр онгоцонд байсан уу, үгүй юу. Энэ олон зүйлийг тодорхой болгож өгөөч гэсэн шаардлагыг дахин асуулга болгон тавьсан. Одоо болтол надад албан ёсны хариу ирээгүй байна.

    -Яг ийм үйл явдал Казахстан, Грек зэрэгт их болдог гэж мэргэжлийн хүмүүсхэлээд байгаа. Сул засаглалтай, хариуцлагагүй, авлигад идэгдсэн улс оронд ийм үйл ажиллагааг Туркүүд нэг бус удаа хийсэн гэдэг. Монголд бол бараг лболох шахлаа?

    Тухайн үедээ олны анхаарлын төвд ороод олон нийтийн ачаар асуудлыг зогсоож чадсан л даа. Гэхдээ цаашид ийм явдал гарахгүй гэсэн баталгаа алга гэж ойлгосон. Зам тээврийн яаманд гарсан төрийн албан хаагчдын үйлдлийг бол төсөөлж чадахгүй нь. Монголын төрд байх нь бүү хэл, ийм зүйл байдаг гэж бодож, сэтгэж ч болохооргүй зүйл боллоо. Монгол төрийн ялзрал дээд цэгтээ хүрсний илрэл, дампуурал гэж дүгнэж байна. Нэг яамны, төрийн өндөр алба хашиж буй албан тушаалтнууд бие биенийхээ аминд хүрнэ гэдэг жигшүүртэй үйлдэл. Хамгийн их гайхал төрүүлж байгаа зүйл бол хоёулхнаа биш, тавуулаа байж, нэг нь нөгөөхийгээ үхтэл зодож байхад нөгөө гурав нь юу хийж байсан юм. Яагаад салгадаггүй юм. гэдэг маш том асуудал. Гэмт хэргийг таслан зогсоох иргэний үүргээ ч биелүүлсэнгүй. Бас дэргэд нь төрийн яам төрийн тусгай хамгаалалттай. Тэр төрийн тусгайн албаны ажилтнууд нь ч хаа байсан юм бэ. Яагаад тэр зэрлэг үйлдлийг таслан зогсоосонгүй вэ. Амь насаа алдсан хойно нь түргэн, цагдаа дуудах үүрэгтэй хүмүүс үү. Ингээд бодохоор шат шатандаа, тэнд байгаа бүх хүн энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой.

    –Зөв биш хүмүүс гэж хамгийн наад зах нь бодогдож байгаа юм л даа?

    Эрүүлээр бодоход л төрийн эмгэнэл. МАН-ын ялзрал намын дотоод зөрчил төрийн ялзрал болж хувирч байна. Хэт улстөржсөн, хэт талцуулсан нь ийм байдалд хүргэж буруу хэлбэрээр илэрч байна уу гэж харж байна. Бидний судалгаагаар 2016 оноос хойш Ардчилсан намын хаягтай, гэмгүй олон төрийн албан хаагчид АН-ын үед ажиллаж байсан гэдгээрээ халагдсан. 30 мянган хүн халагдаад энэ дотроос маш олон хүн шүүхийн байгууллагаар эргэж ажиллах нь тогтоогдсон. Гурван шатны шүүхээр тогтоочихоод байхад ажилдаа орж чадахгүй байгаа хүмүүс байна. Шулуухан хэлэхэд нөгөө л 60 тэрбумын схем. Тэр мөнгөөр монгол төрийг худалдсан ч бай үгүй ч бай төрийн албыг хэт улстөржсөн байдлаар арилжсаны л гай.

    –Үнэт зүйл устаж, байхгүй болж байна?

    Төр гэдэг үнэт зүйл байхгүй болчихсон. Жишээлбэл төрийн албан хаагч ямар нэгэн намын харьяалалгүй байх ёстой. Аль нам гарч ирээд ямар бодлого хэрэгжүүлэх гол нь биш, монгол төрийн албан хаагч төрийн ажлаа л хийгээд явах ёстой шүү дээ. Бодлогын тодорхой түвшинд баг бүрдүүлэх, зарим нэг удирдлагыг өөрчлөх асуудал байдаг. Гэтэл цэвэрлэгчийг нь хүртэл өөрчилж, халж байна. Энэ бол өөрчлөлт биш солиорол. Эрх баригчдын алдаа эндээс улбаатай. Улстөрд чанагдсан хүний хувьд, МАН-ыг анх олонх болоход туйлаас гайхсан. Яагаад. Юу хийж бүтээлээ гэж ингэж олонхи болчихов гэж өөрөөсөө асуусан. Жишээлбэл, та бид хоёр яаж ч чихээд 200 кг-аас давах юм бол араг яс нураад унана биз дээ. Яг түүн шиг өнөөдрийн эрх баригчдын даац хэтэрсэн.

    –Нямдорж гишүүн хэлж байсан. Өнөөдөр яллаа, маргаашнаас бид ялагдаж эхэлнэ гэж?

    Би бас тэр үед тэгж л бодож байсан. Энэ их зовлогыг үүрэх араг яс эдэнд байгаа л байгаа даа гэж нөхдөдөө би хэлж байсан. 1996 онд арчилсан холбоо эвслийн Засгийн газар 50 суудал аваад тэр үед хөөрч байсан. Маргаашаас нь л тэд маш олон алдаа руу явж эхэлсэн. Яг тэр зовлонг л өнөөдрийн эрх баригчид туулж байна. 2000 онд МАН бас л ингэсэн шүү дээ. 2016 онд дэвшүүлсэн эрх баригчдын амлалтаас нэг нь ч биелсэнгүй. Хоёр жил гарангийн хугацаа өнгөрөөд байна. Бүрэн эрхийн хугацаа тал хувиасаа хэтэрчихээд байхад МАН-ын мөрийн хөтөлбөрийн нэг ч зүйл заалт хэрэгжээгүй.

    -Би л лав гол дөрвөн зүйлийн амлалтыг санаж байна. Улс орны улс төрийн тогтвортой байдлыг хангана гэсэн. Тэгснээ өөрийн намын Засгийн газраа унагасан. Хоёрдугаарт сонгуульд ялах л юм бол маргааш нь Эрдэнэтийн 49 хувийг төрд авна гэсэн. Тэр сураггүй. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн бас ч хоосон уриа байсан. Татварын дарамтаас чөлөөлнө гэсэн эсрэгээрээ нэмсэн?

    Шинэ өр бий болгохгүй. Өрийг өрөөр дарахгүй. Хүүхдийн мөнгийг ялгахгүй өгнө. Оюутны мөнгийг үргэлжлүүлж олгоно. Цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ. Гадаад өрийг бууруулна. Татварыг үе шаттайгаар бууруулна. Ийм л амлалт өгч байсан. Гэтэл юу болов. Эсрэгээрээ долоон төрлийн татвар нэмлээ. Есөн төрлийн татвар нэмэх гэж байсныг сөрөг хүчин эсэргүүцэж байж хоёрыг нь болиулсан. 2016 онд 22.5 тэрбум ам доллар байсан гадаад өр 27 тэрбум ам долларт хүрлээ. Зөвхөн Засгийн газрын өр гэхэд л 3 тэрбум ам доллараар нэмэгдсэн. Зөвхөн гадаад өр. Энэ мөнгөөр юу хийж, ямар бүтээн байгуулалт босгов. Цалин нэмсэн үү, иргэдийн бодит орлого нэмэгдсэн үү. Үгүй. Энэ мөнгө хаашаа оров. АН-ын эрх барих Засгийн газрын үед Чингис Бондын 1.6 тэрбум доллар, Самурайн 600 сая доллар, Дэв сан бондын 300 сая доллар гээд 2.5 тэрбум долларын зээл авсан. Гэхдээ Дэв сан бондын 300 сая долларыг МАН-ын Эрдэнэбат сангийн сайд байхдаа авсан байдаг. Гэтэл үүгээр юу хийсэн бэ гэдгээ бид тайлагнасан. Жишээ нь 3000 гаруй км хатуу хучилттай зам тавьсан. 82000 айлын орон сууц барьсан, 1080 төсөлд зээл олгосон. Бүгдийг тайлагнасан. Гэтэл өнөөдрийн эрх баригчид бидний тооцоолсноор 3.6 орчим тэрбум долларын зээл авч бонд босголоо. Энэ мөнгөөрөө юу хийсэн бэ.

    –Цахилгааны үнэ бас нэмэгдсэн. Усны үнэ ч бас адил.

    Дээр нь үл хөдлөх хөрөнгийн худалдааны татвар нэмэгдсэн. Сангийн сайд Хүрэлбаатарын оруулж ирсэн татварын хуулиар бол монгол иргэдийн халаасан дахь орлого хадгалагдах биш, нимгэрэх, гадаадын компаниудын төлөх татвар буурах зохицуулалттай орж ирсэн. Бодит амьдрал дээр иргэдийн амьдрал дээшилж, сайжирсангүй. 2016 онд инфляци 1.2 хувь хүртлээ буучихсан бараг тэг рүү дөхөж байсан. Тэгтэл өнөөдөр эргээд эдийн засгийн өсөлтийнхөө хэмжээнд хүрээд ирлээ. Эдийн засаг өсөөд байгаа юм бол инфляци яагаад ийм өндөр байна вэ. Давхар оронтой тоо руу орохгүй гэх баталгаа алга байна. Манай гол худалдан авагч Хятад, АНУ хоёрын хооронд худалдааны том дайн эхэлчихлээ. Магадгүй нэг талаараа манайд ашигтай ч тусч магад. Нөгөө талаараа маш том эрсдэлтэй нөхцөл байдал бий болно. Хятад улс ган, хөнгөн цагааны үйлдвэр гэх мэт үйлдвэрүүдээ хумиад эхэлбэл, манайхаас авдаг коксжих нүүрснийхээ импортыг багасгана. Манай эдийн засагт л давхар сөрөг нөлөө үүснэ гэдгийг эртнээс тооцох хэрэгтэй. Бэлэн мөнгөтэй болонгуут зөвхөн иддэг, цацдаг, тансагладаг байдлаа өөрчлөхгүй бол Монгол Улс хөгжихгүй. Боломж давтагдахгүй. 2016 оноос хойш олон улсын зах зээл дээр Монголын уул уурхайн бүтээгдэхүүн 4-5 дахин өссөн. Энэ бол асар том боломж. Гэтэл энэ том боломжийг ашиглаад монголд яг юу хийв ээ? гэдэг дээр тун их эмзэглэж буй. Олон улсын Валютын санд Монголын Засгийн газар толгойгоо мэдүүлсэн. Юугаар гийгүүлсэн гэж түүнд дөрлүүлж байгаа юм бэ. Валютын сан уул уулхайн бүтээгдэхүүний үнийг өсгөөгүй. Монгол дахь мөнгөний урсгалыг нэмээгүй. Ажлын байр, үйлдвэрлэл нэмээгүй. ОУВС- аас үл хамааран ОУ-ын зах зээл дээр манай гол бүтээгдэхүүний үнэ өссөн. Эдийн засаг өссөн, мөнгөний урсгал сайжирсан гол нөхцөл бол энэ. Энэ өсөлтийг л зөв ашиглах ёстой. Гэтэл гадаад өрөө ч дарсангүй, хуримтлал ч үүсгэж чадсангүй. Адаглаад ажлын байр нэмэгдүүлсэн нэг үйлдвэр ч барьсангүй. Зам, бүтээн байгуулалт зогссон. Бидний үед эхлүүлсэн сайн болгоныг зогсоосон, үгүйсгэсэн.

    –ЗТХЯ дээр асуудал үүсэхэд сайд, дарга гээд хэдэн хүмүүс өргөдлөө өгөөд яваад өгч байгаа юм. Баяртайгаар ч юм шиг. Нуруугаа сонгогчид руугаа харуулаад, ёжтой инээгээд. Уг нь зөвхөн албан тушаалыг нь аваад явуулах биш хариуцлага тооцох ёстой юм биш үү?

    Би хэн нэгний мууг үзэх гээд байгаа юм биш. Ажиллаж байх хугацаандаа хэрвээ хууль бус үйлдэл хийсэн бол, төрд хохирол учруулсан бол, хувь хүнд ч гэсэн хохирол учруулсан бол түүнийг нь тогтоох учиртай. Гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцох ёстой. Эдгээр нөхдүүдийг би ингээд явчихна гэж ойлгохгүй байгаа. Хууль хяналтын байгууллага асуудал үүсгэж шалгах байх, тогтоох байх. Дэд сайд нь 1000 вагоны асуудалд холбогдсон, нас бардаг хүн маань энэ асуудлыг шалгаж байсан гэж яригдаж байна. Хууль хяналтын байгууллага гэж байгаа юм бол үүнийг шалгаад тогтоогоод буруутан нь тогтоогдвол хариуцлага тооцох ёстой. Ингээд нуруугаа харуулаад, сайн цаг ирэхээр эргээд ирнэ гээд явж болохгүй л дээ.

    –Хариуцлагатай төр ирэхээр эргэж ирнэ гэж байна шүү дээ?

    Одоо бол хариуцлагагүй төрөөс явлаа, хариуцлагатай төр ирэхээр эргэж ирнэ гэж юу гэсэн ч үг юм.

    –Айраг суман дээр шадар сайд тэргүүлсэн сэргээн босголтын баг ажилласан. Одоогоор 150 сая төгрөгийн зардал гарсан гэж байна. Цаана нь олон вагон, толгой гээд бий. Хохирол хэмжээг бүрэн хэмжээгээр тогтоогоогүй байна. Гэмтэж бэртсэн хүн бий?

    Миний авсан мэдээл­лээр бол 88 хүн эмнэлэгт хүргэгдсэн юм билээ. 56 хүн анхан шатны туслаж авсан, хоёр хүний биеийн байдал тааруухан байсан гэсэн. 150 сая төгрөгийн хохирол бол улсад учирсан хохирлыг л ярьж байгаа шүү дээ. Гэтэл хувь хүнд учирсан маш их хохирол бий. Намрын ид наймааны үед явж байсан маш олон иргэдийн эд зүйлс усанд урссан. Алдсан цаг хугацаа, алдсан эрүүл мэнд. Энэ бүгдийг үнэлбэл тоймгүй тоо гарна. Манайхан бол улсад учирсан хохирлын мөнгөн дүнг хохирол гэж хараад хүмүүст учирсан хохирлыг тооцдоггүй.

    -Бодлогын яам гэж байдаг. Түүнтэй адил бодлогын нам гэдгийг бий болговол таны яриад байгаа чадвартай мэргэжилтнийг нам үл харгалзан төрийн албанд ажиллуулах нөхцөл бүрдэх юм биш үү?

    Ардчилсан намын хувьд өнгөрсөн оны намар бодлогын ерөнхий зөвлөлийг байгуулсан. Хүрэлсүхийн Засгийн газрын бүтцийн дагуу 16 салбар бодлогын зөвлөл байгуулсан. Яам яамны чиглэлээр. Үндсэн гол зорилго нь яамны үйл ажиллагаанд дүгнэлт судалгаа хийх. Бодлого боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Нам дотроо ч шинэчлэлийг эхлүүлсэн. Улс төрийн нам гэхээр л засаг захиргааны нэгжээр хувиарлагдсан бүтэцтэй, идэвхтэй оролцдог нэг хэсэг, идэвхгүй байдаг нэг хэсэгтэй. Тэр дунд идэвхтэй хэсэг нь сандал суудал хуваалцдаг нөхцөл бүрдсэн байсан. Цаашдаа ингэж явж болохгүйг тунгаасан. Улмаар үндэсний хэмжээний улс төрийн намын үйл ажиллагаанд ямар сөрөг үзэгдэл байгааг нягталж судалсан. Нэг том алдаа дутагдал бол гишүүдийн оролцоо байхгүй, иргэдийн оролцоо байхгүй, бодлого байхгүй гэдэг нь тогтоогдсон. Бодлогогүй нам гэдэгт өнөөгийн эрх баригч намыг нэрлэж байна. Тиймээс АН дэргэдээ бодлогын ерөнхий зөвлөл байгуулснаар Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ , өөрийн намын хэрэгжүүлэх концепцийг боловсруулах эрдэм шинжилгээний томоохон институцийг бий болголоо гэсэн үг. Их хурлын гишүүд байнгын хороонд хуваагддаг шиг бодлогын зөвлөлийн гишүүд маань салбар салбар луу саналаараа хуваагдан ордог. Тэд бусдад үнэлгээ өгөхийн зэрэгцээ өөрсдийгээ үнэлүүлдэг системийг бүрдүүлсэн. Энэ бодлогын зөвлөлд идэвхтэй оролцохгүй бол цаашдаа улстөрийн карьер хөөх боломжгүй болно, гишүүд маань.

    –Гишүүдийн оролцоог хангаж буй хэлбэр үү?

    Яг тийм. Өөрөөр хэлбэр бодлогын нам болгож, бодлого боловсруулах оролцоотой байх гэдэг арга руу гишүүдээ шахаж эхэлсэн. Эхэндээ яах бол гэж болгоомжилж байсан ч нийт гишүүд маань дэмжиж, маш идэвхтэй оролцож эхэлсэн. Гишүүдийн өөрсдийн идэвхтэй үйл ажиллагааны орон зай л үгүйлэгдэж байсан юм байна лээ. Эргээд харахад, Бодлогын салбар зөвлөлийг намын удирдлагаас шахах биш гишүүд биднийг шахаж ажиллаж байгаа.

    –Намын их бие нэгэнт хөдөлгөөнд орлоо гэж хэлж болох нь ээ?

    Тийм, маш зөв арга барилдаа орж байна. Зам тээврийн яамны осол аваарын асуудал үүсэхэд л энэ салбарыг хариуцсан бодлогын зөвлөл маш идэвхтэй ажилласан. Мэ­дээл­лүүдийг маш сайн цуглуулж, судалгааг дор дор нь гаргасан. Түү­нийгээ хуралдаанд оруулж хэлэлцүүлээд, цаашлаад намын байр суурь болгож илэр­хийлсэн. Өмнөх турш­лагаас үзэхэд, “Сүүдрийн засгийн газар” гэж нэг гоё ганган зүйл ярьсаар байгаад бүрэн эрхийн хугацаагаа үр дүнгүй дуусгасан байдаг. Тэгвэл “Сүүдрийн ЗГ-”ыг бодитойгоор бий болгож болно гэдгийг харууллаа.

    -Ээлжилж эрх барьдаг хоёр нам манайд байна. Энэ хоёрыг мухардалд орж байна уу гэж харж байсан. АН сонгуульд ялагдсанаар намын шинэчлэлд ашигтай туслаа гэж харж байгаа хүн олон байна. Ялагдал хожил болж хувирлаа гэж үзэж болох нь ээ, АН-ын хувьд?

    Ялагдал бол өөрөө тийм ч сайхан зүйл биш шүү дээ, уг нь. АН эрх барих хугацаандаа өнөөгийн эрх баригчидтай харьцуулашгүй бүтээн байгуулалтыг хийсэн. Хийж бүтээсэндээ хэт тайвшраад гишүүдийнхээ идэвхи оролцоог хангах асуудлаа орхигдуулсан тал ажиглагддаг. Ялагдлын гол ухаарал бол намын удирдлага гишүүдээсээ хөндийрсэн. Тиймээс намын шинэчлэлийг зайлш­гүй хийх шаардла­гатай гэдэг дээр тогтсон. Гишүүдийн оролцоог хангасан бодлогын нам байх шийдвэр. Энэ хүрээнд АН-ын анхан болон дунд шатны дарга нар 100 хувь солигдсон. Энэ бол механик өөрчлөлт биш, бүх гишүүдийн оролцоотойгоор явагдсан процесс. Гишүүдийн итгэл дэмжлэгийг авч сонгогдсон тэдгээр дарга нар өнөөдөр маш идэвхтэй ажиллаж байна.

    -Таны намаа удирдсан эхний ялалт. Ингэхэд парламентад олон нам байх ёстой гэсэн байр суурийг Та хэрхэн үздэг вэ ?

    Парламент чинь өөрөө олон намын, олон ургальч үзлийн л талбар шүү дээ. Би тийм байгаасай л гэж хүсдэг. Гэхдээ мэдээж аль нэг нам нь иргэдийнхээ олонх саналыг авч зонхилж, ачааг голлон үүрсэн бүтэцтэй байвал илүү үр дүнтэй юм болов уу гэж харж байгаа. Аль нь ч олонх болоогүй үеийг бид туулсан. 2016 онд АН олонхи болсон ч дангаараа засаг барих боломжгүй байсан.

    -Сонгуулийн хуультай холбоотой нэг хэсэг асуудал бий. Сайжруулах. Илүү боловсронгуй болгох ёстой байх. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна, Орон нутгийн сонгууль гэж бий. Орон нутгийн өөрөө удирдах ёсод дөхүүлж, хуулийг өөрчлөх шаардлага бий гэж үзэх мэргэжилтнүүд бий. Орон нутгийн өөрөө удирдах ёсыг улс төрийн намууд мөн л булаасан?

    Иргэдийн төлөөллийг яаж сонгох вэ гэдгийг зөв болгох ёстой. Хурлын нэр томьёо нь хүртэл тийм ш дээ. Аймгийн иргэдийн төлөө­лөгчдийн хурал. Намын төлөөлөл биш. Дундговь аймгийн нийт сонгогчдын төлөөллийг иргэдийн хуралд яаж сонгох вэ гэдэг нарийн зүйлийг л хуульчилж өгөх шаардлагатай байгаа юм. миний бодлоор дунд шатны буюу аймаг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хадгалах нь зөв. Намын оролцоо байх уу, үгүй юу гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Анхан шатны буюу баг хорооны засаг даргыг томилдог байх ёстой л гэж харж байгаа.

    -Ерөнхийлөгчийн сон­гуулийн өмнө Баянгол дүүрэгт ялалт байгуулж байсан. Ил тод зарлаад манай нам ялбал Одонтуяаг засаг дарга болгоно гээд. Ил тод нэлээд шинэлэг сонгууль болсон.

    -Шинэ л арга барил л даа. Зарим нэг газраас гарч байсан. Процесс болсон нь л Баянгол болохоос биш аль ч аймаг дүүрэг ингээд явбал зөв байх гэж харсан юм. ялах юм бол манай засаг дарга энэ байна гэж зарлаад тэр нь сонгогчдод таалагдаж байвал олонхийн санал авна. Үгүй бол үгүй. ОУ-ын жишээ байдаг ш дээ. Энэ бол манай ерөнхий сайд гээд зарладаг. Тийм л баймаар байгаа юм. Улс төрийн намууд эр зориг гаргаад эхэлвэл болохгүй юм байхгүй. Ил тод болно, хуулиар сүртэй хориглосон юм байхгүй.

    -2020 оны УИХ-ын сонгуульд ч энэ зарчмаа баримталбал ?

    Сонгуулийн хууль нь ч яаж гарах юм билээ. Ер нь улс төрийн намууд ийм зориг гаргаж, бид сонгуульд ялбал ерөнхий сайдаар, салбар хариуцсан сайд нараар ийм ийм хүнийг томилно гээд өөр өөрийн кандидатаа зарлавал бас болно шүү дээ. Ил тод болно.

    -Тэгж чадвал ард иргэд, сонгогчдод харьцуулах зүйл бий болно. Сонголт хийхэд ч тус болох юм. За, Та бид хоёрын ярилцлаг өндөрлөх тийшээ хандаж байна. Бидний урилгыг хүлээн авч, Комментатор нэвтрүүлэгт зочноор оролцсонд үзэгч, уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье?

    Та бид хоёр залуугийн л танилууд. Анх танилцахад л та хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан. Өнөөдөр шинэ хэвлэл мэдээллийг үүсгэн байгуулаад, түүндээ намайг урьж, миний үзэл бодол, байр суурийг үзэгчдэдээ хүргэсэнд талархая. Мэдээл­лийн шинэ технолог­и, тех­никийн боломж хөгжлийн шинэ шинэ боломжийг бий болгож байна. Удаан жилийн түүхтэй, олон зуун хүн хүч, техниктэй нүсэр телевиз болон шинэ мэдээллийн хэрэгслийн зааг ялгааг интернет, мэдээлэл технологийн давуу тал ойртуулан багасгажээ. Танай мэдээллийн шинэ суваг, танай баг хамт олонд амжилт хүсье.

    -Баярлалаа. Таны ажил үйлс өөдрөг байг.

     

     

     

    Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин