Б.Пүрэвдорж: "Эрдэнэт"-ийг барьцаалж зээл авсан бүх албан тушаалтнууд хариуцлагаас мултарсан
    2018 оны 09 сарын 05 нд
    17da852b0f711775e0ace79f12cbc94d.jpg

    УИХ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой маргааныг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан билээ. Үүнээс хойш “Эрдэнэт” үйлдвэр Арбитрын маргаанд дахин ялагдаж, “Жаст” группийн зээлсэн 100 гаруй сая ам.долларыг “Стандарт” банкинд төлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Ингээд ч болоогүй “Стандарт” банкинд зээлийн төлбөр дээр нэмж, хүү, торгууль, шүүхийн зардлыг төлөхгүй бол үйлдвэрийн гадаад дахь гүйлгээг зогсоож, удирдлагууд нь зарим улс руу нэвтрэх эрхээ хязгаарлуулахаас гадна саатуулагдаж ч магадгүй нөхцөл байдал үүсэв. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар УИХ-аас байгуулсан “Эрдэнэт үйлдвэр” компаниас баталгаа гаргуулан, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа.

     

    -УИХ-аас Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой маргааныг судлах ажлын хэсэг байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ажлын хэсгийнхэн ямар ажил хийв. Санал, дүгнэлтээ гаргасан уу?


    -Ажлын хэсэг олон удаа хуралдсан. Бид “Эрдэнэт” үйлдвэрт очиж ажилласан. Мөн мэдээлэл авах үүднээс Засгийн газар болон “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-д албан захидал явуулсан. Харамсалтай нь, одоог хүртэл тодорхой хариу өгөөгүй байна. Ер нь, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг шийдвэрлэхэд дарга, удирдлагуудынх нь тодорхойгүй байдал ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа. 


    -“Эрдэнэт”-ийн удирдлагууд “Стандарт” банктай хэлцэл хийх талаар ярьж байсан. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан энэ үед хэлцэл хийх боломжтой юм уу. Цаашдаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь зүйтэй вэ?


    -Олон улсад өрийг хямдруулж худалдах боломж байдаг. Тиймээс Засгийн газар энэ боломжийг судлах нь дээр байх. 


    -“Эрдэнэт” үйлдвэр “Жаст” группийн өрийг төллөө гэхэд дараа нь хохирлоо нөхөж авах боломжтой юу?


    -Зээлийг хэн төлөх талаар олон эргэлзээ байгаа. Засгийн газар, “Эрдэнэт” үйлдвэр төлөх үү, эсвэл тухайн үеийн “Хадгаламж” банк буюу одоогийн “Төрийн” банк, мөн буруутай хүмүүсээр нь төлүүлэх үү гэх мэт эргэлзээ байна. Засгийн газар болон “Эрдэнэт” үйлдвэрийнхэн зээлийн төлбөрийг буруутай этгээдүүдээр нь төлүүлнэ гэж ярьж байна. Гэхдээ бодит байдалд “Эрдэнэт” үйлдвэр төлөх нь гарцаагүй болчихсон юм билээ. Буруутай хүмүүс нь бүгд хариуцлагаас мултарсан.


    -Яагаад буруутай хүмүүс нь хариуцлагаас мултарсан гэж үзэж байгаа юм бэ. “Эрдэнэт” үйлдвэр хохирлоо хувь хүмүүсээс нэхэмжилж болох талаар УИХ-ын гишүүд ярьж байсан?


    -2017 оны дөрөвдүгээр сард баталсан Эрүүгийн хуулиар авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил болсон. Гэтэл энэ хэрэг 2009-2011 оны хооронд болсон. Тиймээс хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнууд ямар нэгэн хариуцлага хүлээхгүйгээр хариуцлагаас мултарна. Хоёрдугаарт, энэ хэргийг хийсэн Ш.Батхүү гэгч “Би зээлээ төлөх ямар ч боломжгүй. Хоёр чихийг минь огтолж ав” гэж байгаа. Тиймээс эцэст нь “Эрдэнэт” үйлдвэр төлөхөөс өөр аргагүйд хүрч байгаа юм. 

     

     

    Эх сурвалж: "Үндэсний шуудан"  сонин